ОХУ-ын парламентын доод танхимд өчигдөр (2019.9.30) давхар иргэншлийг зөвшөөрсөн хуулийн зохицуулалтыг баталжээ. Ингэснээр ОХУ-ын паспорт авахыг хүссэн гадаадын иргэд заавал өөрийн орны иргэншлээс татгалзах шаардлагагүй болж байгаа юм. Ажиглагчдын үзэж буйгаар шинэ хуулийн зохицуулалтын ачаар ОХУ-ын иргэншил авах гадаадын иргэдийн хүслийг нэмэгдүүлнэ гэж үзжээ. Москвагийн Улсын их сургуулийн эдийн засгийн профессор Ольга Чудиновшикийн тайлбарласнаар давхар иргэншил авах нь олон улсын трэнд болжээ.
Өмнө нь өнгөрсөн онд ерөнхийлөгч Владимир Путины гарын үсэг зурсан 2019-2025 оныг хүртэлх цагаачлалын бодлогын удирдамжид ОХУ-ын иргэншил авах нөхцөлийг хялбар, ойлгомжтой болгохыг тусгажээ. Мөн өнгөрсөн долдугаар сард хялбарчилсан байдлаар ОХУ-ын паспорт авах боломжтой иргэдийн жагсаалтад Украины зүүн хэсгийн оршин суугчдыг багтаасан байна.
Энэ оны эхний найман сарын байдлаар 220 мянга гаруй хүн ОХУ-ын иргэншил авсан нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар өссөнийг Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.
Эх сурвалж: Moscow Times
Холбоотой мэдээ