Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровт “Хөдөлмөрийн баатар” цол хүртээсний мялаалга өргөж “Нутаг минь Хүлэг минь” хүндэтгэлийн концертыг Өвөрхангай аймагт зохион байгуулах гэж байна.
Хүндэтгэлийн концертод Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин Р.Доржхорлоо, Ө.Уянга, С.Ганзориг, Э.Анхбаяр болон Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Д.Наранхүү, Э.Төрмандах, Б.Баярцэцэг, П.Идэржавхлан, Б.Дэлгэрбаяр, О.Чимэдрэгзэн, “Увертюра” хамтлаг оролцох аж.
Мөн Аюуш баатрын талбайд аравдугаар сарын 5-нд эгшиглэх тоглолтод урилгаар Монгол Улсын морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ нэрт хөгжмийн зохиолчийн сор болсон бүтээлүүдийн дээж, монгол түмний сэтгэлд хоногшсон эгшиг, аялгууг тоглох гэнэ.
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав агсан болон Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасан билээ.
А.СҮРЭН