Хөнгөн атлетикийн ДАШТ-ий 5 дахь өдрийн тойм | News.MN

Хөнгөн атлетикийн ДАШТ-ий 5 дахь өдрийн тойм

Хөнгөн атлетикийн ДАШТ-ий 5 дахь өдрийн тойм

Хөнгөн атлетикийн ДАШТ-ий 5 дахь өдрийн тойм

Дэлхийн аваргын 5 дахь өдөр өчигдөр (10 сарын 1) болж спортын 4 төрөлд медалийн эздээ тодрууллаа. Эмэгтэй жад шидэлтийн төрөлд Б.Шпотаковагийн халааг Австрали бүсгүй авсан бол Америкчүүдын 2007 оноос хойш тасраад байсан эрэгтэй 200 метрийн төрлийн аваргын алтан медалийг Н.Лайлс Дохагаас авчирлаа.

Эмэгтэй жад шидэлт:  Эмэгтэйчүүдийн жад шидэлтийн төрөлд олимпийн хошой мөнгө, дэлхийн 3 удаагийн аварга, 38 настай Чехийн домогт тамирчин Б.Шпотакова оролцож шигшээд шалгарсан нь бахархууштай үйл явдал байлаа. Энэ төрөлд түүн шиг 3 удаа аваргын алтан медалийг хүртсэн тамирчин байхгүй. Ийм домогт тамирчны халааг Австралийн К.Барбер хэмээх бүсгүй авлаа. Австрали бүсгүй нийт 6 удаагийн оролдлогоор хамгийн дээд тал нь 66.56 метр шидэж аваргын алтан медалийг хүртсэн байна. Харин түүний араас Хятадын бүсгүйчүүд мөнгө, хүрэл медальтан болсон. Хятад тамирчид 5 дахь оролдлогоороо 65.88, 65,49 шидээд 6 дахь оролдлогоороо амжилтаа ахиулахыг хичээсэн боловч сүүлийн оролдлого нь өмнөхдөө хүрээгүй. Ингээд тэд 5 дахь шидэлтийн үр дүнгээрээ мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.

Медалийн эзэд:

  • Алт: К.Барбер (Австрали) – 66.56 метр
  • Мөнгө: Шин инг Лю (Хятад) – 65.75 метр
  • Хүрэл: Хуйхуй Ляо (Хятад) – 62.61 метр

Эрэгтэй 200 метрийн гүйлт: Энэ зайд Америк гүйгчид ерөнхийдөө ноёлдог. Ж.Гэтлин, Т.Гай, М.Жонсон, К.Смит нарын шилдгүүд энэ зайд Нэгдсэн Улсын төрийн дууллыг эгшиглүүлдэг байсан ч 2007 оноос хойш Ямайка улсын домогт тамирчин У.Болтыг зогсоож чадаагүй. Тэгвэл 6 дэлхийн аваргын дараа эрэгтэй 200 метрийн зайд Америк тамирчин түрүүллээ. Анх удаагаа дэлхийн аваргад Нэгдсэн Улсаа төлөөлөн оролцож буй 22 настай Н.Лайлс 19.83 сек-н амжилтаар түрүүлсэн. Харин өмнөх дэлхийн аварга Турк залу Р.Гулиев 5-р байранд оржээ.

Медалийн эзэд:

  • Алт: Н.Лайлс (АНУ) – 19.83 сек
  • Мөнгө: де Грассе (Канад) – 19.95 сек
  • Хүрэл: А.Куйнонез (Эквадор) – 19.98 сек

Эрэгтэй 800 метрийн гүйлт: Дундын зайн гүйлтэд ерөнхийдөө Африк тамирчид хүчтэй байдаг. Тэгвэл Дохад эрэгтэй 800 метрийн гүйлтийн төрөлд анх удаагаа Америк гүйгч түрүүллээ. 22 настай Америк залуу Д.Брайзер 2017 оны Лондонгийн дэлхийн аваргад оролцсон ч шигшээ уралдаанд шалгарч чадаагүй бол энэ удаа аваргын алтан медалийг энгэртээ зүүж, эх орондоо 800 метрийн зайн дэлхийн аваргын анхны алтан медалийг авчирч байна. Мөнгөн медалийг 2015 оны дэлхийн аваргынх хүрэл медальт Босни залуу А.Тука хүртэв. Энэ зайд өмнөх дэлхийн аваргын алт, мөнгөн медальт тамирчид шигшээ уралдаанд шалгарч чадаагүй нь багагүй сенсаци боллоо.

Медалийн эзэд:

  • Алт: Д.Брайзер (АНУ) – 1 мин 42.34 сек
  • Мөнгө: А.Тука (Босни-Герцеговина) – 1 мин 43.47 сек
  • Хүрэл: Ф.Ротич (Кени) – 1 мин 43.82 сек

Эрэгтэй тулгууртай харайлт: Эрэгтэй тулгууртай харайлтын төрөлд Зөвлөлт-Украйны домогт тамирчин С.Бубкагийн дэлхийд 6 түрүүлсэн амжилттай зэрэгцэх тамирчин үнэндээ гарахгүй байна. Харин энэ удаагийн дэлхийн аваргад АНУ-ын С.Кендрикс хошой алтан медалийг хүртлээ. Тэгвэл энэ удаа Риогийн олимпийн аварга Бразилын Тиаго Браз 5-р байранд орсноор бас л дэлхийн аваргын медальгүй хоцорч байна. Тулгууртай харайлтын шигшээ тэмцээнд С.Кендрикс болон А.Дуплантис нар ижилхэн 5.97 метр дээгүүр харайсан ч чанарын үзүүлэлтээр С.Кендрикс аваргын алтан медалийг хүртсэн юм.

Медалийн эзэд:

  • Алт: С.Кендрикс (АНУ) – 5.97 метр
  • Мөнгө: А.Дуплантис (Швед) – 5.97 метр
  • Хүрэл: П.Лисек (Польш) – 5.87 метр

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж