Чамайг үдэж өгье, намар аа!

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

Чамайг үдэж өгье, намар аа!

Чамайг үдэж өгье, намар аа!

Бүүдгэр саарал намрын сүүлчийн өдрүүд. Жавартай өвлийг угтах, санчиг буурал энэ өдөр нар тэнгэрийн хаа нэгтээ нуугдчихсан мэт.  Хайж олоод хамгийн дулаахан, богинохон өдрүүдэд нь яг одоо л саатмаар. Саяхан л нар, намар хоёр айлсаж байсан. Гэвч одоо хуанлийн хуудас намрын сүүлчийн өдрүүдийг заажээ.  Баяртай намар минь. Цав цагаахан өвлийг угтахын тулд чамайг  эхлээд үдэж өгье.

Өлмийдөө элбэг зай олоод, гишгэлгүй өнгөрөөе дөө би
Өнгөт хорвоогийн эргэлтээ ёсоороо дуусга даа!
Тормойх оддоос шүүдэр тосон
Тоонон дээр шуугихыг чинь олон сонссоон би!
Цагийн шүүдрийг сүү шиг шимж
Цангасан шувуу шиг газраа тэврээч дээ, навчис минь!

Хөр цас, хүйтэн сэрүүнд нөмөр бараадах навчсыг
Хөөрхийлж дотроо өрөвдөх л юм даа би
Өөртөө элбэгхэн зай олоод шороо үргээлгүй өнгөрье дөө
Өнгөт хорвоогийн найранд бид ижилхэн л дугараа шүү дээ! /Д. Урианхай – Намрын навчинд өргөх шүлэг/

Намар, өвлийн энэ зааг яагаад ийм уйтгартай байдаг юм бол. Тэсхийм хүйтэн биш тэгээд бас дулаахан ч биш. Магадгүй буцаж байгаа бүхэн уй гуниг, дурсамж үлдээдэг болоод тэр юм болов уу. Гэртээ хоргодон хоргодон буцах нутгийн тэр бүсгүй шиг намар  өнөөдөр навчисандаа хоргодох мэт, үгүй ээ, навчис намарт л хоргоддог байх.  Яг одоо цонхоороо хар даа, моддын дээр бороо хэрхэн шивэрч байгааг ажигла.  Бүх хүчээ шавхан моддоос зүүгдэх навчис уйтай бодол төрүүлдэг. Гэвч энэ орчлонгийн тавилан, цагийн жам ийм юм.  Мөнх намар, мөнх амьдрал гэж үгүй. Цаг нь ирэхээр хүмүүс навчис болон хувирч, өнгө нь хувирах амьдралаас зүүгдэн зүүгдэн буцдаг.

Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан сүүлчийн навчис
Өвдөж байгаа болов уу, гуниглаж байгаа болов уу?
Агуу их нам гүм – цас
Агуу их амьдрал – нулимас
Агуу их үхэл – намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь

Моддын дээр цас орно
Зүрхнээс нь минь нэг нэгээрэ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх, зуных …
Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гүм цас моддын дээр
Агуу их үхэл – намар… Агуу их марталт өвөл… /Л. Өлзийтөгс – Моддын дээр цас орно/

Харьж буй бүхэн зүрх өвтгөх нь амьдралын жам буюу. Ирж буй бүхэн баяр баясгалан бэлэглэх нь амьдралын жаргал буюу. Хагацашгүй намар, хагацашгүй амьдрал гэж үгүй.  Орчлонгийн мөнх бусыг таньж мэдэрсэн цагт зовлон зовлон биш, жаргал ч жаргал биш буюу. Ийм мэдрэмж дүүрсэн цагт сэтгэл намар шиг налгар болдог болов уу.

Зуун намар, зуун намар би ингэж дурлахгүй
Зулзаган нахиа шиг алган дээр чинь дэлгэрэхгүй
Зүүдэн гүнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургахгүй
Зуун намар, зуун намар ингэж дурлахгүйгээс хойш
Зулзаган нахиа шиг алганд чинь эрхэлсээр байх болно
Зүүдэнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургасаар л байх болно
Зуун намар, зуун намар /Б. Ичинхорлоо – Зуун намар/

Шаргалхан өнгөө хаа нэгтээ гээх намар чи  бүсгүй хүн юм  уу.  Гоо  үзэсгэлэнтэй залуухан явсан гоё сайхан эмэгтэй юм уу. Намар, гоо үзэсгэлэн хоёр яагаад ийм богино юм бэ. Өөр, өөр намрын өнгө, өнгийн дурсамж.

Ув улаахан дарс ширээн дээр байна. Бүүдгэр энэ өдрүүдэд сэтгэл хөглөх улаахан дарс минь. Уруул шиг навчисын төлөө, уулзалгүй удсан дурсамжуудынхаа төлөө, учрах өвлийн төлөө, зуун намар зуун намрын төлөө энэ улаахан дарсыг өргөе.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж