“Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргийн шүүх хурлын тов гарчээ. Тодруулбал, дээрх хэргийг Улсын Дээд шүүх ирэх Даваа гаригт буюу 2019 аравдугаар сарын 7-нд хэлэлцэх юм байна.
Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африк дахь “Стандарт” банкинд барьцаалж, их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгагдаж буй “Жаст” группийн захирал Ш.Батхүү, үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг нарт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газраас шүүхэд шилжүүлсэн. Ш.Батхүүд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2013 оны наймдугаар сарын 15-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс хойш таван жил хоёр сар өнгөрчээ. Тухайлбал, “Жаст” группийн захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт хийж, нийтдээ 160.1 гаруй сая ам.долларын зээл авсан байдаг. Үүнийгээ хугацаанд нь төлж чадаагүй учраас “Стандарт” банк Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд хандаж, “Эрдэнэт” үйлдвэрээс 86.95 сая ам.долларыг нэхэмжилсэн.
Улмаар "Стандарт" банкны өрийг барагдуулахгүй бол гуравдагч этгээдэд зарах эрсдэл, мөн гадна талд байгаа хөрөнгүүдийг хураах эрсдэл ч байсан тул төлөх нь зүйтэй юм гэсэн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан юм. Энэ шийдвэрийн дагуу 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргаж банкны өрийг дараад байгаа билээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ