Бавари Мюнхен клубын С.Гнабри покер хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

Бавари Мюнхен клубын С.Гнабри покер хийлээ

Бавари Мюнхен клубын С.Гнабри покер хийлээ

А хэсэг:

  • Реал Мадрид 2-2 Брюгге (гоол: Е.Деннис 9’, 39’, С.Рамос 55’, Казмеро 85’)

Аваргуудын лигийн дархан аварга Реал Мадрид клубын хувьд энэ улирлын аваргуудын лиг тийм ч ээлтэй бус байна. Хэсгийн эхний тоглолтондоо ПСЖ клуб ялагдаад байсан Реал Мадрид клуб хэсгийн 2 дахь тоглолтоо Бельгийн Брюгге багтай хийж талбайдаа тэнцлээ. Брюгге клубын Нигери довтлогч Э.Деннис Реал Мадридын хаалгач Т.Куртуагийн хаалганд тоглолтын эхний хагаст л 2 гоолыг оруулсан. Хаалгач Т.Куртуагийн найдваргүй тоглолт түүнийг тоглолтын II хагаст сэлгээний сандал руу суухад хүргэсэн. Ямартаа ч З.Зиданы шавь нар тоглолтын II хагаст С.Рамос болон Казмеро нарын гоолоор хожигдлоос аварсан. Алдарт Реал Мадрид клуб хэсгийн эхний 2 тойргийн дараах байдлаар ердөө 1 оноо авч хүснэгтийн сүүл мушгиж байна.

  • Галатасарай 0-1 ПСЖ (гоол: М.Икарди 52’)

Аваргуудын лигийн цомоо мөрөөдөж буй Араб эзэдтэй ПСЖ клубтэй А хэсэгт өрсөлдөх баг байхгүй бололтой. Реал Мадридыг хожиж чадсан тэдэнд Туркийн Галатасарай үнэндээ юм болсонгүй. Хэдийгээр нэг гоолоор хожсон ч хожил авч бүтэн 6 оноотой хэсгээ тэргүүлж байна.

В хэсэг:

  • Тоттенхэм Хотспур 2-7 Бавари Мюнхен (гоол: Сон Хюн-мин 12’, Х.Кейн 61’ пен, Ж.Киммих 15’, Р.Левандовски 45’, 87’, С.Гнабри 53’, 55’, 83’, 88’)

Өнгөрсөн жилийн аваргуудын лигийн дэд аварга Тоттенхэм Хотспур клубыг Бавари Мюнхен клуб талбайд нь буулгаж авлаа. Ингэхдээ бүр 7-2 харьцаатай хожсон. Тоглолтын эхний гоолыг Тоттенхэм Хотспур клубээс оруулсан болов Бавари Мюнхен клубын С.Гнабри болон Р.Левандовски нар талбай дээр гялалзсан тоглолтыг үзүүлж багтаа хожил авчирлаа. Цагтаа Английн Арсенал клубт тоглож байсан С.Гнабри покер хийж аваргуудын лигийн түүхэнд нэрээ мөнхөлсөн байна.

  • Црвена Звезда 3-1 Олимпиакос (гоол: М.Вулич 62’, Н.Милунович 87’, Р.Боакье 90’, Р.Семедо 37’)

Цагтаа аваргуудын лигийн цомд түрүүлж байсан Црвена Звезда баг талбайдаа Грекийн Олимпиакос багийг буулган авч 3 оноо авлаа. Энэ тоглолтонд Црвена Звезда багийн дасгалжуулагч В.Милоевичийн мэдрэжтэй сэлгээ багаа хожилд хөтөлсөн гэж болно. Түүний тоглолтын II хагас хийсэн сэлгээнүүд талбайд үр дүнгээ өгч гоол оруулсан юм.

С хэсэг:

  • Манчестер Сити 2-0 Динамо Загреб (гоол: Р.Стерлинг 66’, П.Фоден 90+5’)

Пэп Гуардиолагийн шавь нарт асуудал алга. Манчестер Сити хэсгийн эхний 2 тоглолтондоо хаалгандаа гоол алдалгүй өрсөлдөгч багийнхаа хаалганд 5 гоол оруулаад байна. Хорватын баг тоглолтын II хагасын 66 дахь минут хүртэл Ситигийн эсрэг сайн тоглосон ч Пэпийн сэлгээ Р.Стерлинг 66 дээр, П.Фоден шүүгчийн мэдлийн нэмэлт цагт гоол оруулснаар үр дүнг өөрсдийн талдаа авчирсан.

  • Атланта 1-2 Шахтёр Донецк (гоол: П.Запата 28’, Морес 41’, М.Соломон 90+5’)

Италийн Сери-А лигийн төлөөлж буй Атланта клуб хаана ирж, юунд оролцож байна вэ? Үнэндээ тэдэнд Европын шилдэг клубуудын өрсөлдөөн хэтэрхий томдож байна. Уг нь чансаагаараа бол Италийн Сери-А лиг Украйны лигээс хамаагүй илүү. Гэвч Сери-А лигийн өнгөрсөн улирлын 3-р байрын эзэд Украйны багт хожигдож хүнд байдалд ороод байна. Энэ байдлаараа бол тэдэнд Европа лигийн эрх ч олдохгүй байх магадлал тун өндөр байна.

D хэсэг:

  • Ювентус 3-0 Байерн Леверкузен (гоол: Г.Игуайн 17’, Ф.Бернардески 61’, К.Роналдо 88’)

Аваргуудын лигт тоглож сурсан хөлбөмбөгчин бол яалт ч үгүй К.Роналдо юм. Тэрээр урьд шөнө Аваргуудын лигийн 127 дахь гоолоо шигтгэлээ. Энэ хэсгээс Ювентус болон Атлетико Мадрид клубууд хэсгээ тэргүүлэх эрхийн төлөө тоглох нь гарцаагүй. Үүнийгээ ч Ювентус клуб харуулан талбайдаа Германы Байер Леверкузен клубыг хожиж ээлжит 3 оноогоо авлаа.

  • Локомотив Москва 0-2 Атлетико Мадрид (гоол: Ж.Феликс 48’, Т.Партей 58’)

Диего Симеонегийн шавь нар Оросын нийслэлд очиж 3 оноогоо аваад нутаг буцлаа. Шилдэг довтлогч А.Гризманныг явуулсан ч шинэ цэрэг Ж.Феликс багийнхаа төлөө аваргуудын лигийн эхний гоолоо оруулж шилдгүүдийн өрсөлдөөнд бэлэн гэдгээ харуулав. Тоглолт агуулгаараа бол мэдээж Мадридын багийн талд өрнөсөн.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж