Хонконгод бараг дөрвөн сарын турш үргэлжилж буй ардчиллын төлөөх жагсаал улам ширүүсэж байна. Өчигдөр Хятадын Коммунист засаглалын 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Хонконгод болсон засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон нэгэн идэвхтэн мөргөлдөөний үеэр цагдаа нарт цээжин тус газартаа буудуулжээ.
Хонконгийн хүчний байгууллагынхан өмнө нь эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын эсрэг резинэн сум, нулимс асгаруулагч хий ашиглаж байсан бол энэ удаа галт зэвсэг хэрэглэсэн нь анхны тохиолдол болжээ.
Хятадын нийслэл Бээжинд болсон цэргийн дэвшилтэт техник хэрэгслээ “гайхуулсан” парадад 15 мянган цэрэг оролцсон байна.
Жагсагчид цагдаагийн хооронд Мягмар гаригт болсон мөргөлдөөний үеэр 66 хүн шархадсанаас хоёр хүний биеийн байдал хүнд байгаа талаар эмнэлгийн удирдлага мэдэгджээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 180 хүн баривчлагдсан тухай мэдээлсэн байна.
Цагдаа нарын бууны суманд өртсөн 18 настай эрэгтэйд мэс засал хийсэн гэдгээс өөр тодорхой мэдээлэл байхгүй байгаа аж. Зүүн мөрөндөө шархадсан залуу "Намайг эмнэлэгт хүргээч. Миний цээж өвдөж байна" хэмээж хэлж байжээ.
Хонконгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, цагдаа нар жагсагчдад хэд хэдэн удаа анхааруулах зорилгоор гал нээсэн аж. Мөн Засгийн газрын байрны ойролцоо цугласан олныг тараахын тулд нулимс асгаруулагч хий болон усан буу ашиглажээ.
Хар өнгийн хувцас өмссөн жагсагчид засаг захиргааны онцгой бүсүүдэд ардчиллыг улам хөгжүүлэхийг уриалсан аж. Жагсаалын улмаас олон дэлгүүр, метроны буудлын үйл ажиллагаа зогсоход хүрсэн байна.
Эх сурвалж: BBC, NHK
Холбоотой мэдээ