Эдийн засгийн хүндрэл нэрээр Ж.Эрдэнэбатын засаг "Хүүхдийн мөнгө"-ний төсвийн тал хагасыг хассан. Ингээд аав, ээж нь ажил хийдэг, амьдралаа аваад явчихдаг айлын хүүхдүүд төрөөс сар бүр өгдөг 10 ам.доллараа авах эрхгүй болов. Тухайн үеийн ханшаар бодоход шүү дээ. Одоогийн ханшаар бодвол таван ам.доллар. Сайд, дарга нарын уудаг аяга кофены мөнгө ч хүрэхгүй мөнгө. Ийм мөнгө өгөхдөө айлын хүүхдүүдийг алагчилмааргүй байна.
Ардын Засгийн газар гарч ирээд хүүхэд бүхэнд "Хүүхдийн мөнгө" өгөхөө амалсан. Гэвч, хүсэлтээ гаргаад, хүүхдийнхээ мөнгийг авч чадахгүй байгаа хүүхэд цөөнгүй. Хорооны ажилтнууд нугалаа гаргаад байна уу эсвэл Засгийн газар наанаа мөнгө амалж, цаанаа мөнгө харамлаад байна уу гэдгийг мэдэхгүй юм.
Монгол Улс 0-18 нас хүртэлх насны 1.1 сая гаруй бяцхан иргэнтэй. Гэвч тэднийг өнөөдөр ч амьжиргааны түвшингээр нь ялгаварлан хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож байна. Тодруулбал, хүүхдүүдэд 670 гэсэн босго онооны шалгуур тавьж, уг онооноос доош бол "Хүүхдийн мөнгө" авах заалттай. Тодруулбал, амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур ангилалд багтаж, хүүхдийн мөнгөө авах эрх нь үүсч байгааг хорооны нийгмийн ажилтан хэлэв. Гэвч энэхүү босго оноо, шалгуур үзүүлэлтээр хүүхдүүдийг ангилан ялгаж байгаа нь Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэх заалтыг зөрчиж байгаа юм.
Эцэг эхчүүдийн зүгээс арчаатай, амьжиргаатай, ажилтай байсныхаа төлөө “Хүүхдийн мөнгө”-нөөс хасагдлаа хэмээн өрхийн мэдээллийн сангийн гэх 670 онооны босго оноотой судалгаанд шүүмжлэлтэй ханддаг. Нэг өдөр өрхийн мэдээллийн судалгаа авч байна гэж хэсэг хүмүүс гэрт ирээд хөргөгч, зурагт, будаа агшаагчтай юм байна гээд нэмж олон асуулт асуучихаад гарч явсан. Гэтэл амжиргааны баталгаажих түвшинээс дээгүүр айлд багтаад хүүхдийн мөнгөнөөс хасагдсан. Харин манай хөрш манайхтай л ижил амьдралтай, бүр ярих юм бол машинтай шүү дээ. Тэднийх хүүхдийн мөнгө авч байна. Хүний наад захын хэрэглээгээ хангасны төлөө хүүхдүүд минь хүүхдийн мөнгөө авч чадахгүй байгаад гомдолтой л байдаг. Төр ийм ялгавартай хандаж болохгүй” гэж нэгэн ээж ярьж байна.
Чингэлтэй дүүргийн IV хороонд 820 хүүхэд харъяалалтай. Өнөөдрийн байдлаар эдгээр хүүхдүүдийн 70 хувь нь хүүхдийн мөнгөө авч байгаа гэнэ. Тус хорооны Засаг дарга С.Отгонсүрэн ярихдаа “Манай хороонд харъяалалтай боловч гадаадад амьдарч буй, эсвэл амьжиргааны баталгаажих түвшинээс дээгүүр ангилалд багтсан гэх хүүхдүүд 30 хувийг эзэлдэг. Эдгээр хүүхдүүд “Хүүхдийн мөнгө” авдаггүй. Ийм ангилалд амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур айл өрх ч бас багтсан. Яагаад гэвэл, айл өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох мэдээллийн судалгааг хорооноос биш тусгай ажлын хэсэг байгуулагдсан хүмүүс хийсэн болохоор тэр. Эдгээр хүмүүс айл бүрийн амьдралыг мэдэхгүйн улмаас судалгаа, түүний шалгуур үзүүлэлт болох 670 оноо их учир дутагдалтай болсон. Тухайн айл хэчнээн ядуу ч хөргөгч, зурагт маш хямдхан авсан байж болно шүү дээ. Энэ бол хүний наад захын л хэрэглээ. Гэтэл амьжиргааны түвшин дундаж болон дээгүүр ангилалт багтаасан. Уг нь хорооны ажилтнууд нь айл өрхүүдийнхээ амьжиргааны түвшин, амьдралын боломж бололцоог илүү мэддэг. Тиймээс эл судалгааг хорооноос хийх тухай саналаа бид хүргүүлнэ” хэмээв. Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр 670 онооны шалгуур үзүүлэлтэд хөргөгч, будаа агшаагч, машин зэрэг ахуйн хэрэглээ орж байгаа ч босго оноо болохгүй гэх тайлбарыг өгч байв. Уг нь босго оноо ямар ч хамаагүй, хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд "Хүүхдийн мөнгө" өгнө гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны төсвийг батлах үедээ шоудаж байв. Гэтэл амьдрал дээр аав ээж нь ажил хийдэг, орон сууцанд амьдардгийнхаа төлөө хүүхдүүд Ардын засгаас өгч буй 5 ам.долларын босгоос хасагдаж байна. “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно” гэсэн МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө амалсан. Харин амьдрал дээр бодит байдал нэг ийм. Айлын хүүхэд алагчилж, 5 ам.доллар харамлах муухай, дарга нараа.
Б.ЦЭЦЭГ