Ардын Засгийн газрын тэргүүн хэд, хэдэн сайд нартай тодорхой үүрэг даалгавар өгөөд байгаа билээ. Нийслэлийн хамгийн том тулгамдсан асуудал болсон Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг Барилга хот байгуулалтын сайд Т.Баделханд даалгасан. Хэрэв энэ ажлыг бүрэн эрхийнхээ хугацаанд шийдэж чадахгүй, цаг хугацаанд нь барилгын ажлыг эхлүүлэхгүй бол салбарын сайдын "хар толгой"-той ярина.
Тэгвэл мах, гурилын үнийн өсөлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн /ХХААХҮ/ сайд Ч.Улаан хар толгойгоороо хариуцсан билээ. Монголчууд 60 гаруй сая толгой малтай. Амьжиргааны төвшин, цалинтай нь харьцуулж үзэх юм бол монголчуудын авч идэж буй мах харьцангуй өндөрт орно. Мэдээж, махны үнийн өсөлт, тэтгэвэр, тэтгэмж эмзэг бүлгийнхэнд илүү хүндээр тусдаг билээ.
Б.БАДЕЛХАНД ДААЛГАСАН АЖИЛ
Барилга, хот байгуулалтын сайдад Б.Баделханд анхааруулга өгснөөс хойш нэг жил өнгөрчээ. Жилийн хугацаанд Засгийн газрын тэргүүний өгсөн үүрэг даалгаврыг Х.Баделхан сайд хэрхэн гүйцэтгэж, Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил ямар шатандаа явж байгааг сонирхуулъя. Цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барихад БНХАУ-аас авч буй хөнгөлөлттэй зээлийг зарцуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн билээ.
Өнгөрсөн 2018 оны наймдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Улаанбаатарт айлчлах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамт “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, тууз хайчилсан. Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консорциум” ажиллаж буй. Ямартай ч “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”-ийн төслийн ажил өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар барилга угсралтын талбайн бэлтгэл ажлыг хангаж түр ажилчдын байр, хашаа, цамхагт краныг байршуулан, биологи цэвэрлэгээний байгууламжийн суурийн газар шорооны ажил, бетон зуурмагийн узель угсрах зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ.
300 сая ам.долларын өртөгтэйгөөр босох шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг 2020 онд дуусгана гэж Барилга, хот байгуулалтын сайд хэлж байсан ч 2022 он болж хойшлдогджээ.
Ч.УЛААНЫ ДААЖ АВСАН АЖИЛ
Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр есдүгээр сарын 25-ны мэдээллээр ”Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9596 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11353 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 22 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байв” гэжээ.
Харин ХХААХҮ-ийн уржигдрын /2019.09.30/ мэдээллээр хонины мах жижиглэнгийн үнэ нь 7200-8500, үхрийн мах 8500-10000 төгрөг болж тус тус буурсан гэсэн байна. Гэхдээ, энэ нь бас л өндөр үнэ гэдгийг иргэд шүүмжилж буй.
Махны үнийг хүчэээр бууруулах боломжгүй. Төрийн ямар нэгэн бодлого, зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Тэр тусмаа малын тоо толгой өссөн, бэлчээрийн даац хэтэрсэн, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх болсон гэдэг талаас нь харвал малын хөлийн татварыг авах цаг нэгэнт бий болжээ. Малчид нэг үеэ бодвол амьжиргааны төвшин эрс сайжирсан. Мянгат малчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Тиймээс махны үнийг бууруулах ажлыг хар толгойгоороо дааж авсан Ч.Улаан сайд малын хөлийн татвар авах бодлогыг боловсруулж, УИХ-д барих шаардлагатай байгаа юм. Үгүй бол Ч.Улааны толгойг авлаа гээд махны үнэ буурчихгүй. Харамсалтай нь, Төрийн ордонд суугаа УИХ дахь Монголын толгой мянгат малчидад малын хөлийн татвар бий болгох бодол байгаа эсэхийг мэдэхгүй юм.
Э.БУРАМ