Нийслэлд гурван ээлжээр ажилладаг цөөнгүй сургууль бий. Дээр нь хотын хүн амын төвлөрлөөс болоод нийслэлийн сургуулийн анги дүүргэлт хэрээс хэтэрсэн. Хөдөөд нэг ангид 10 хүрэхгүй хүүхэд суралцаж байгаа бол хотод бүр 70 хүүхэд нэг ангид хичээллэж байна. Тиймээс нэг багш хүүхэд болгонтой тулж ажиллах боломжгүй болж байгаа юм. Багш нарын хувьд ч өөрийнх нь өдөр өнжүүлэхэд явдаг эсвэл арай сайн гэсэн хэдхэн хүүхэдтэйгээ тулж ажилладаг. Бусдыг нь тоохгүй орхих нь хэвийн үзэгдэл болсон нь. Энэ нь багшийн буруу гэхээсээ анги дүүргэлт хэрээс хэтэрсний үр дагавар. Эцэг эхийн зүгээс сайн сургуульд хүүхдээ сургахыг хүсдэг. Гэхдээ сайн сургууль, сайн багш байлаа ч 70 хүүхэдтэй тулж ажиллаж чадахгүй.
Нийслэлийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай лаборатори 23-р сургууль. Оройн 17:30 цаг. Сургуулийн гадаа хичээл тарахыг хүлээх эцэг эх, эмээ өвөө нар дүүрчээ. Нялх үрээ энгэртээ тэвэрсэн ээж, цэцэрлэгийн хүүгээ гартаа хөтөлсөн аав, таяг тулсан өвөө, хүнсээ цуглуулсан эмээ гээд олон дүр төрх нэгэн зэрэг харагдана. Тэд бүгдээрээ цагаа харна, хүүхдээ хүлээнэ. Хичээл тарахад арван минут дутуу. Энэ хооронд тэдэнтэй ярилцаж амжлаа.
Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Д.Галбадрах
-Манай ач гуравдугаар ангид сурдаг. Анги нь 69 хүүхэдтэй. Нэг ангид ийм олон хүүхэд сурна гэдэг багш, сурагчдад хэцүү шүү дээ. Багш нь хичээлээ заагаад, хүүхдүүд ойлгосон болоод, урсгалаар л явдаг байх. Ганц багш хэчнээн хичээгээд 45 минутад хүүхэд бүрт хүрч ажиллаж чадахгүй. Ядаж туслах багш ч алга. Нодлин 40-өөс дээш хүүхэдтэй ангид туслах багш гаргаж өгнө гэсэн байхгүй. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай болохоор эцэг, эхчүүд хүүхдээ сургах гэж их зүтгэнэ. Тойрон хамрах хүрээний бус хүүхдүүд ч их байдаг гэх юм билээ. Тэгээд хүсэлт гаргасан болгоныг авсаар байгаад одоо нэг ангидаа хүүхдүүд шахалдаад сууж байна. Нэг ширээн дээр гурав дөрвүүлээ суудаг гэсэн байх шүү. Ийм байхад яаж хичээл, номоо олигтой сурах юм бэ. Харин сургуулийн хажууд өргөтгөл барьж байгаа. Ашиглалтад орчихвол бүлгээ нэмж, хүүхдээ цөөлөх арга хэмжээ аваасай л гэж хүсэж байна.
Үүнээс гадна үдийн цай гэж хөөсөн гурилан боов, каш, зутан өгч байна. Хүүхдэд ямар ч шим тэжээлгүй.
Төсөв мөнгөндөө тааруулаад байдаг юм уу, яадаг юм.
Иргэн Ж.Ганчимэг
-Биднийг 80-аад онд сургуульд сурч байхад нэг ангид 30-35 хүүхэд сурдаг байв. Гэтэл одоо 60 гаруй хүүхэд гэдэг чинь юу гэсэн үг вэ. Багш нар яаж ийм их хүүхэдтэй тулж ажиллах юм. Уг нь багш хүн хүүхдэд хичээл заахаас гадна хүн болох ухааныг давхар өгч байдаг. Гэтэл ингэж ойроос харьцах боломж гардаггүй байх. Сургуулиас үүн дээр зохицуулалт хиймээр байна. Багш нарыг буруутгаад яах вэ. Энэ сургуулийн багш нар их чадвартай. Даанч нэг ангид сурдаг хүүхдийн тоо дэндүү их байна. Үүнээс гадна сурагчдын цүнх маш хүнд байна.
Миний бодлоор хичээлийн жил дөрвөн улиралтай байдаг шиг ном, сурах бичгийг мөн дөрвөн улирлын хөтөлбөртэй болгомоор байна. Жишээлбэл, эхний улиралд үзэх хөтөлбөр батлаад түүнд тохирсон ном байна. Зөвхөн нэг улирлын хөтөлбөртэй ном гэхээр нимгэн, хөнгөн байж таарна даа.
Тэгэхгүй бол сурагчид дөрвөн улирлын хөтөлбөрийг нэг дор багтаасан маш том, зузаан ном бүтэн жилийн турш үүрч яваад байна. Номоос гадна биеийн тамирын хувцас, пүүзээ давхар авч явах болдог. Бас болоогүй үдийн цай уух аяга, халбага, сэрээгээ авч явна шүү дээ. Хамгийн багадаа л таван кг байх. Ийм хэмжээний ачаа үүрч яваа хүүхдүүд ядрахгүй, түүртэйхгүй, бөхийхгүй яах вэ.
Иргэн Г.Энхсайхан
-Манай хүүхэд дөрөвдүгээр ангид сурдаг. Анги нь 65 хүүхэдтэй. Нэг ангид олуулаа сурах бол дажгүй шүү дээ. Ер нь бол 23-р сургуулийн сургалт сайн. Би сэтгэл хангалуун явдаг. Харин цүнхний хувьд нэлээн хүнд. Зарим хүүхэд хүнд болохоор нь номоо гэртээ орхичихоод ирдэг. Тэгээд хажуу талынхаа хүүхдээс хардаг гэж байсан. Манай хүүхэд сүүлийн үед цүнх нь хүндрээд бөгтийгөөд байх болсон. Ном өгч явуулах хэцүү болчихоод л байна.
Энэ бол зөвхөн 23-р сургуулийн сурагчдын асуудал биш юм. Нийслэлийн Ерөнхий боловсролын бусад сургууль ч мөн ийм л дүр зурагтай байгаа.
Олуулаа шахалдсан ангид хүнд цүнхтэй хүүхдүүд шим тэжээлгүй хоолтой ядарсан байдалтай сууж байна.
Ийм байхад тэднээс яаж амжилт, алтан медаль, А дүн нэхэх вэ?
Хичээлээ тараад явж буй сурагчийн цүнхийг өргөж үзлээ. Цүнхэндээ чулуу хийчихсэн мэт санагдлаа. Бараг арваад кг байв.
Дотор нь юу байгааг сонирхож үзвэл, англи хэлний хоёр зузаан, нэг нимгэн ном, дүрслэх урлаг, математик, монгол хэлний сурах бичиг, зургийн дэвтэр, өнгийн харандаа, дэвтэр, үзэг балны сав, цайны аяга гээд хичээлийн хэрэглэлүүд байх аж. Эдгээр ном ихэнх нь 150 хуудастай гээд боддоо.
Бас хажууд нь биеийн тамирын хувцсаа уутанд хийгээд барьчихаж. Уг нь биеийн тамирын хичээлтэй өдрөө сурагчид тамирын хувцасаа өмсөөд ирдэг байжээ. Гэвч энэ жилээс эхлэн сургуулийн захиргаанаас өдөр бүр форм өмсөж байх шийдвэр гарсан тул тэд ийнхүү давхар ачаатай болсон хэрэг. Яаж энэ бүхнийг тэд бяцхан биедээ дааж явдаг байна аа. Ядаж энэ асуудлыг зохицуулж болдоггүй юм байх даа. Үүнд хариулт авахаар бид сургуулийн удирдлагатай уулзахаар дотогш орлоо. Ажлын цаг дуусаж байсан учир тус сургуулийн менежер Ш.Оюунсүрэнтэй бид үүдэнд таарч, цөөн хэдэн асуултад хариулт авч амжлаа.
-Танай сургуулийн анги дүүргэлт ямар байгаа вэ, багш нар сурагч бүртэй ажиллаж чадаж байгаа юу?
-Өнгөрсөн жилээс эхлээд бид нэг ангид 40-45 сурагч байхаар тооцоолж элсэлтийн бүртгэлээ хийсэн. Өмнө нь элсэлтээ авчихсан гурав, дөрөвдүгээр ангийн хувьд 60-аас дээш сурагчтай байгаа. Туслах багшийн асуудал хуулийн хүрээнд яригдаж байна. Мэдээж олон хүүхэдтэй ажиллах багшийн хувьд хүндрэлтэй. Гэхдээ хүүхдүүдтэй боломжоороо хүрч ажиллаж байна. Манай сургуулийн сургалтын чанар хангалттай сайн. Сургуулийн зүгээс бодлогын хүрээнд зохицуулалтаа хийгээд явна. Өргөтгөлийн байр 11-р сард ашиглалтад орохоор энэ асуудал бас шийдэгдэх байх.
-Эцэг эхийн зүгээс сурагчдын цүнх хүнд, дээр нь биеийн тамирын хувцас давхар барьж явах нь хэцүү байна гэж ярьж байна. Үүнийг шийдэх арга бий юу?
-Манай сургууль БСШУСЯ-наас гаргаж буй сурах бичгүүд хэрэглэдэг. Гэхдээ өнгөрсөн жилээс бид сурах бичгээ электрон хэлбэрээр ашиглах боломжтой болсон. Ингэснээр ангийн ухаалаг самбарт сурах бичгүүд гарна гэсэн үг. Одоогоор бага ангийн хүүхэд үүнийг эцэг, эхийн тусламжгүй ашиглах боломжгүй. Биеийн тамирын хувцасны хувьд хүүхдүүд хөдөлгөөн хийхэд хөлөрч, халууцна. Нойтон хувцастай байх нь мэдээж хүүхдийн эрүүл мэндэд муу. Тиймээс сурагчид формтойгоо хичээлд ирээд тамирын хувцасаа солих юм. Долоо хоногт хоёр удаа л биеийн тамир ордог шүү дээ. Сургуулийн өргөтгөлийн байр ашиглалтад орохоор сурагчид шүүгээндээ хувцасаа үлдээгээд явж болно.
Тус сургуулийн эцэг, эхийн ярьж байсан өөр нэг асуудал бол хүүхэд бүрээс 1000 төгрөг татах болсон шийдвэр юм.
Тодруулбал, 23-р сургууль ариун цэврийн хэрэгцээнд сар бүр нэг хүүхдээс 1000 төгрөг хураахаар болжээ. Тус сургууль нийт 3400 сурагчтай. Тэгэхээр сар бүр 3.400.000 төгрөг цугларна гэсэн үг. Энэ мөнгөөр саван, угаалгын нунтаг зэрэг ариун цэврийн хэрэглэл авах гэнэ.
Ерөнхий боловсролын 24-р сургууль мөн ийм хэрэгцээнд сурагчдаас 1000 төгрөгийн хураамж авдаг. Гэхдээ бүтэн жилд нэг удаа. Харин 23-р сургууль сард нэг удаа гэдэг нь арай л дэгсдүүлсэн тооцоо гаргажээ. Сар бүр ийм хэмжээний мөнгө ариун цэврийн хэрэгцээнд зарцуулах бол анги, танхимийн угаалга, цэвэрлэгээ шил, толь шиг болох биз ээ. Үүнд найдсан эцэг, эхчүүд хураамжаа аль хэдийн өгөөд эхэлчихсэн гэдгээ ярьж байсан юм.
Холбоотой мэдээ