Д.Дамба-Очир: МАН нэгдмэл байж улстөржилтийг даана

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

Д.Дамба-Очир: МАН нэгдмэл байж улстөржилтийг даана

Д.Дамба-Очир: МАН нэгдмэл байж улстөржилтийг даана

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эх төслийг баталж, Ард нийтээс санал асуухаар болсон. Танай намынхны өргөн барьсан, дангаараа шахуу хэлэлцэж баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эх хэр сайн төсөл болж чадсан бэ. Засаглалын хямралыг тогтворжуулах, эдийн засгийг хөгжлийг түргэтгэх, шүүх засаглалыг сайжруулах өөрчлөлт болж чадсан уу. Та юу гэж бодож байна?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бол амаргүй асуудал. УИХ-ын 57 гишүүн дэмжсэн санал өгч, 64 гишүүний ирцтэйгээр үг өгүүлбэр, таслал, цэг өөрчилдөг өндөр босготой. Сүүлийн гурван сарын хугацаанд гишүүд, ажлын хэсэг маш зав чөлөөгүй ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн. Үндсэн хуульд 20 орчим жилийн циклтэйгээр өөрчлөлт оруулж байсан юм билээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд яригдаж, шүүмжлэгдэж ирсэн асуудлыг цэглэх зүйл заалтуудыг энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж өгсөн. 30 гаруй бүлэг зүйл ангиудыг өөрчилнө гэдэг Үндсэн хуульд асар том өөрчлөлт орж байна гэсэн үг. Монгол Улсын иргэдийн төр засагтаа итгэх итгэл алдраад байгаа учраас засаг төр нь хариуцлагатай байх, төрд орж ирж байгаа хүмүүс нь ч илүү хариуцлагатай үүднээс хэд хэдэн заалтыг энэ удаагийн өөрчлөлтөд оруулж өгсөн. Миний хувьд Эрдэнэтийг хот болгох асуудлыг тусгах ёстой гэдгийг олон удаа хэлж ярьж байсан бөгөөд энэ удаад миний хүссэн томъёоллоор ороогүй ч бага зэрэг өөрчлөгдсөн ч Дархан-Уул, Эрдэнэт хот болж байгаа. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг батлах ёстой гэж би бодож байгаа. Гэхдээ Ард нийтийн санал асуулгаар батлах ёстой. Ер нь бол цаашид Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сайжруулдаг байх ёстой гэдэг жишиг тогтоож өгөх нь зүйтэй юм билээ.

-Ард нийтээс санал асуулгаар батлах ёстой гэлээ. Гэтэл Ерөнхийлөгч ард нийтээс санал асуух тогтоолд хориг тавьчихсан. Одоо ард нийтээс санал асуух эсэх нь тодорхойгүй болчихлоо.  МАН-ынхан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Ард нийтээс асуухгүйгээр батлахаар болсон гэх яриа ч байна?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхдээ  Ерөнхийлөгч, Ардчилсан намын санал болон ард түмнээс хэлэлцүүлэх байдлаар асуух гээд маш олон талыг хамруулсан саналыг тусгасан. Ингээд саналуудыг хэлэлцэж, авахыг нь авч, унагахыг нь унагаад  явсан байгаа. Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хэлэлцэнэ. Ард нийтийн санал асуулгыг аравдугаар сарын 30, 31 гэж тооцож байсан ч хориг орж ирсэн учраас хугацаа нь өөрчлөгдөх байх. Бүлэг дээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх, аль хэсгийг нь хүлээж авах вэ гэдгээ ярилцаж, олонхын шийдвэрээ гаргана. Миний хувьд Ард нийтийн санал асуулга явуулах байх гэж бодож байна. Парламент нь завсарлахгүй байж байгаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж батлах байсан. Эсвэл Ард нийтийн санал асуулга явуулах ёстой. Монгол Улсын хэмжээнд хоёр дахь удаагаа явуулах гэж байгаа Ард нийтийн санал асуулгад иргэд идэвхтэй оролцож, дэмжих байх гэж би бодож байгаа. Одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө баталж чадахгүй бол найман жил гар хүрч болохгүй, дараа дараагийн парламент 65 гишүүнтэй үнэмлэхүй олонх бий болж чадахгүй байх гэж харж байна. Энэ удаагийн өөрчлөлтөд шүүх засаглал, хотын статус, засаглалыг сайжруулах, дордохын долоон өөрчлөлт зэрэг маш олон асуудлыг сайжруулж байгаа. Сүүлийн 20 гаруй жил ярьсан, шийдэж чадахгүй явсаар ирснийг зориг гаргаж, шийдэж байна. Энэ эхлүүлсэн ажлаа хийж дуусгах ёстой.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал ямар процесс цаашид өрнөх вэ. Авахгүй бол яах вэ?

-Ерөнхийлөгчийн хоригийн зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг нь хүлээж авахгүй байж болно. Хэрэв хоригийг хүлээж авбал тэр хэсэгт нь дахин санал хураах, санал солилцох байх. Ерөнхийлөгчийн хоригийг авахгүй бол шууд Ард нийтийн санал асуулга явуулна гэсэн үг. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх нь парламентын гишүүдийн шийдэх асуудал. Бүлэг ч дотооддоо ярилцаж, олонхын шийдвэрээ гаргана. УИХ-ын гишүүд бол ард иргэдийг төлөөлж байгаа учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрх нь бий. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн порпорционал тогтолцоо, гишүүдийн тоог 99 болгох, парламентын хугацааг таван жил болгох зэрэг заалтуудыг дэмжээгүй зүйл байгаа ч гишүүд итгэл үнэмлшлээрээ саналаа хурааж, өөрчлөлтийг баталсан.

-Ерөнхийлөгчийн хориг бол МАН-д өгч байгаа “шахалт” гэж харагдаж байна. Учир нь, өнгөрсөн хугацааны тодорхой үйл явцуудыг харахад Ерөнхийлөгч МАН-д нөлөөлөөд байх шиг. Энэ Ерөнхийлөгчийн улс төр үү эсвэл 65-ын бүлэгт Ерөнхийлөгч нөлөөлж чадаад байна уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд маш их ач холбогдол өгсөн. Өөрөө бүх хэлэлцүүлэг дээр сууж, үг хэлж, санал гомдлоо хэлсэн, өөрийнхөө саналыг тайлбарласан, ажлын хэсэг ахалсан. Түүнийг нь УИХ-ын гишүүд итгэл үнэмшлээрээ авахыг нь авч, хасахыг нь хассан тийм л үйл явц өрнөсөн гэж ойлгох хэрэгтэй.Үндсэн хууль өөрөө их том асуудал учраас заавал ажлын хэсэг гарч, тал талаасаа сууж ярилцаж байж шийдэх чухал асуудал.Олон томоохон саналууд унасан асуудал бий.

Мэдээж Ерөнхийлөгч институтын тодорхой асуудлаа авч үлдэхийн тулд хориг тавьж байгаа болов уу гэж ойлгож байна, улс төр явж байгаа.

-Намрын чуулгантай зэрэгцээд прокурорын байгууллагаас ЖДҮ-д холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирнэ гэх яриа байна. Ерөнхийлөгчийн дараагийн улс төрөө даах уу гэж хэлсэн нь биелэлээ олох гээд байна уу гэж хардаж байна. МАН дотооддоо эв зүйтэй, нэгдмэл байж чадах уу?

-Намрын чуулганаар хэлэлцэх гол асуудал бол ирэх оны төсөв. Төсвөө бид цаг хугацаанд нь батална. Үүний зэрэгцээ МАН-ын бүлгийн гишүүдийн санаа, оноо өөр байж болох ч хагаралдаад хэдэн тийшээ харсан гэж бодохгүй байна. Өөр өөрсдийн саналаа хэлж байгаа ч бүлгийн шийдвэр гарна. Бүлгийн шийдвэр том эрх ашгаа бодож гарна. Энэ шийдвэр улс орноо, намаа бодож гаргах шийдвэр. Тэр гарсан шийдвэртээ захирагдаад л явна.

Одоо сонгууль дөхөж байхад бид хоорондоо толхилцоно гэж байхгүй.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй, түүний саналуудаас татгалзаад Ард нийтийн санал асуулга явуулахаар бол Засгийн газар тогтворгүй байх, гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэх мэт асуудлууд үүсэх болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд байна. Тэрийг МАН дааж чадах уу. Ерөнхийлөгчийн улс төрийг даах уу?

-МАН үеийн үед ганцаараа байж, нөгөө талд нь АН, жижиг нам, Ерөнхийлөгч гарч байгаад л улс төрөө хийдэг байсан. Сонгууль орйтож байна намын нэр хүндийн асуудал яах вэ гэх мэт болгоомжилж байгаа зүйл бий. Гэхдээ МАН ийм үед нэгдмэл, цул байх ёстой. Тэгж байж энэ улс төрийн ард гарна. Манай нам бол цагаа тулахад зохион байгуулалт, сахилга бат сайтай байдаг нам шүү дээ. Засгийн газар, УИХ тогтвортой байх ёстой. Тэгж байж бид төлөвлөсөн, ярьсан олон зүйлээ хийнэ.

ЖДҮХС-аас зээл авсан асуудал тань юу болж байна вэ. Хуулийн байгууллагаас яллагдагчаар татсан, татаагүй гэх мэт янз бүрийн мэдээлэл яваад байна шүү дээ?

-Би нэг байгууллагад бичиг хийж өгснийхөө төлөө нэг л удаа мэдүүлэг өгсөн. Түүнээс хойш намайг дуудаагүй, байцаагаагүй. Хэвлэл мэдээллээр янз бүрийн л зүйл гарч байна. Би энэ асуудлын цаана улс төр байна л гэж харж байгаа юм. яагаад гэвэл яах аргагүй өөрийнхөө компаниар авсан хүмүүсийн асуудал УИХ-д орж ирэхгүй байж хамаагүй компанид бичиг хийж өгсөн хүний асуудлыг оруулж ирж байгаа нь өөр зорилготой болов уу л гэж бодож байна.

-Тодорхой хугацаанд ээлжит бус сонгууль явуулах асуудлаар танай намын удирдлагууд маш их идэвхийлэн ажиллалаа. Ээлжит бус сонгууль явуулахыг та дэмжиж байсан уу, бас боломжтой байсан уу?

-Үндсэн хуульд өөрчлөлт орвол, шинэ батлагдсан хуулиар ээлжит бус сонгууль явуулах зарчмаар л явуулая гэж ярьж байсан. 1992 онд шинэ Үндсэн хууль батладсаны дараа УИХ, Бага хурал тарж, хугацаа нь дуусахаас гурван жилийн өмнө сонгууль  явуулж байсан. Тэр зарчмаар явуулах боломж байсан байх. Гэхдээ УИХ-ын сонгууль хугацаандаа буюу ирэх оны зургадугаар сардаа болно гэсэн бүлгийн шийдвэр гарсан.

-Ард нийтийн санал асуулгатай зэрэгцэн засаглалын хэлбэрийг асуух саналыг Ерөнхийлөгч ирүүлсэн. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Монгол Улс бол парламентын улс. Парламентын улс хэвээрээ ч байх нь зөв. Тэгж байж хоёр том гүрний дунд бид цааш явна.

-Намрын чуулганы хэлэлцэж, батлах нэг чухал асуудал бол 2020 оны төсөв. Төсвөө харж амжив уу та. Сонгуулийн өмнөх жилийн төсөв ч УИХ дээр зардал их нэмэгддэг талтай?

-Хөрөнгө оруулалтуудаа нарийвчилж, тайлан балансыг нь нэг бүрчлэн хараагүй байна. Орлого, зарлагын хувьд боломжийн харагдаж байна лээ. Сонгуулийн өмнө баахан хөрөнгө оруулалт тавьдаг асуудал нь бага, сонгуульд зориулсан төсөв болохгүй байх аа гэж харж байна. Эдийн засгаа бодсон төсөв болох байх гэж  бодож байгаа. 2018, 2019 оны төсвийн орлого давж биелсэн байгаа. Улсын төсөв орлого давж биелнэ гэдэг бол хамгийн чухал зүйл. Ингэж байж эдийн засаг нь сэргэж эхэлдэг. Сонгууль болох гэж байгаа учраас санал худалдаж авах гээд гоё нэртэй зүйлс тараадаг зүйлсийг төр барьж байгаагийн хувьд хийж болохгүй. Бид 2020 оны сонгуулийн дараа өөрсдөө байсан ч, байгаагүй ч сайн эдийн засаг хүлээлгэж өгөх ёстой. Манай нам ялахаараа унасан эдийн засгийг сэргээдэг. АН айлын дүрсгүй хүүхэд шиг үрэн таран хийж, МАН хуримтлуулж өгдөг зүйл бий шүү дээ. Төсвийн хуульд өөрчлөлт оруулаад, зардал дээр хэдий хэмжээний мөнгө төсөвлөж байна, түүнийхээ орлогыг давхар суулгах ётой гэсэн заалттай. Жишээлбэл, Би 200 тэрбум төгрөгийн төсөв суулгахаар бол тэр хэмжээний орлогын эх үүсвэрийг тодорхой болгож, суулгах ёстой юм. Ингэж баланслуулж, Сангийн яамнаас оруулж ирсэн төсөв задаргаа бага орох болов уу. Цаашид ч УИХ дээр төсөв задардаг, нэмэгддэг асуудал байхгүй болсон гэж ойлгох хэрэгтэй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж