УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг бусдын гарт амиа алдсан харамсалт хэрэг гарснаас хойш 21 жил өнгөрч байна. 1998 оны аравдугаар сарын 2-ний шөнө үйлдэгдсэн энэ хэргийг анх улс төрийн захиалгат аллага байсан гэж үзэж ирсэн ч цаг хугацаа алдахын хэрээр олон асуулт үлдээсээр.
Мөн энэ хэргийг илрүүлнэ, үнэнийг олно гэж ард түмэнд амлалт өгч байсан улстөрчид уг хэргийг сонгууль бүрийн өмнө шоу болгон ашиглаж, улс төрийн замаа уртасгаж ирснээс биш хэргийн үнэнтэй нүүр тулах сонирхол байгаагүй мэт. Жишээ татвал, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх мөрдөн шалгах ажиллагаа явж байх үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уг хэрэг дээр ажиллаж байсан ажлын хэсгийг тараасан, хэрэг үйлдсэн нь нотлогдсон яллагдагч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хилсээр хэрэг хүлээлгэсэн зэргээр өмөөрч, суллах тухай хөндөж эхэлсэн нь үнэнд ойртсон хэргийг будилуулах замд оруулав уу гэлтэй.
Энэ талаар хэрэгт хяналт тавин ажиллаж байсан, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат "1998 оноос өгөгдсөн мэдээлэл болгоны араас явж шалган, бүх талаас нь асуудлыг харан, сэжүүр таамаг бүрийг орхихгүй цогцоор нь шалгаснаар хэрэг гүйцэтгэгчдийн хэрэг илэрсэн юм" гэжээ.
Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц “Ц.Нямдорж гэдэг хүн сайд болох бүртээ энэ хэргийг шалгах ажлын хэсгийг өөрчилж, нийт дөрвөн удаа тараасан байдаг. Ажлын хэсэгт ажиллаж байсан 32 албан хаагчийг сольсон. Одоо бас сайд болонгуут дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүйн зөвлөлөөс гарсан зөвлөмжид энэ хэргийн ажлын хэсэгт мэргэжлийн алба хаагчид тогтвортой ажиллах ёстой гэж заасан байдаг ч улс төрийн болон бусад зорилгоор Цэндийн Нямдорж энэ хэрэгт нөлөөлж байна” гэж 2017 оны аравдугаар сарын 26-нд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдээлжээ. Тодруулж хэлбэл, хэргийн захиалагч, зохион байгуулагчид тодроход тун ойртсон үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар энэ хэрэгтэй холбоотой асуудлаар улс төр хийн, бужигнуулсан болж таараад байгаа юм.
Хэдхэн сарын дараа УИХ-ын сонгууль зарлагдана. Тэр үед энэхүү харамсалтай хэргээр фон хийн тодрох улстөрчдийн цуваа ганц сайд Ц.Нямдоржоор тогтохгүй, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд тэргүүтнээр бүл нэмэн, өндөр авах биз. Учир нь, өнгөрсөн хугацаанд цөөнгүй улстөрч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр шоудаж, сонгуулийн пи-ард ашиглаж ирсэн юм.
Хамгийн гол нь хэргийг улстөржүүлж, бужигнуулах бүрийд хэргийн захиалагч, зохион байгуулагчийг тодруулах боломж хомсодсоор… Хэргийн ганц амьд гэрч гэгдэж ирсэн Б.Булган энэ хугацаанд гэрч, яллагдагч, хохирогч, хамжигч зэрэг янз бүрийн статусаар шалгагдсаар эцэстээ аль нь болох нь мэдэгдэхгүй болж, хувирлаа.
Улстөрчид өө, энэ хэргээр хэдий болтол улс төр хийх вэ. Хуулийнханд нь даатгаад орхиж болохгүй юу. Ард түмэн үнэн илэрнэ гэж хүлээсээр 21 жил боллоо.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ