Элчин сайд Жалгас Адылбаев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Элчин сайд Жалгас Адылбаев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Элчин сайд Жалгас Адылбаев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Бүгд Найрамдах Казахстан улс /БНКУ/-аас Монгол Улсад суух Элчин сайд Жалгас Адылбаев өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Түүнийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэнд нь баяр хүргэв.

Энэ үеэр талууд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг нэмэгдүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хамгийн бодитой, ойрын хугацаанд үр дүн гаргаж болох салбар нь хөдөө, аж ахуй, тэр дундаа махны экспорт хэмээн ярилцсан юм.

Тухайлбал, Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг аймгуудаас 2000-иад км алслагдсан Улаанбаатар хот руу мах нийлүүлэх нь өртөг, үнийг нэмэгдүүлж, малчдын ашгийг багасгаж байгаа тул дээрх бүс нутгаас Казахстан улс руу мах экспортлох боломжтой хэмээн тооцоолж буй юм. Ингэснээр махыг халал аргаар бэлтгэн боловсруулж, исламын шашинтай улс орнуудын зах зээлд хүргэх нь харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч тодотголоо. Энэ нь хөдөө, аж ахуйн тал дээр Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой Казахстан улсын хувьд ч өгөөжтэй тул ажил хэрэг болгох асуудлаар тууштай ажиллахаа Элчин сайд Жалгас Адылбаев илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатар-Нур-Султан чиглэлд долоо хоногт хоёр удаа тогтмол нислэг үйлдэх гэж байгаа нь манай хоёр улсын харилцааны чухал нотолгоо гээд, чиглэлийг Шинэ Дели хүртэл сунгах асуудалд нухацтай хандаж, Казахстаны талын дэмжлэгт хувь нэмрээ оруулахыг хүслээ.

Уулзалтын үеэр талууд соёл, шашин болоод ард түмний хоорондын харилцааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон юм. Үүрэгт ажилдаа орж буй Элчин сайд хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж, ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаа, оноог ажил хэрэгтээ тусгахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж