УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2019.10.01/ Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улс, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2012 оны хэлэлцээг үндэслэн “Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийг техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос хэрэгжүүлж байна. Төслийг өндөр түвшинд хамтран хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр Германы тал 2019 он хүртэлх үйл ажиллагаанд 4.0 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилт бүхий техникийн туслалцааг олгох, Монголын талаас хийгдэх төсвийн хөрөнгө оруулалт цаг хугацаанд төлөвлөгөөний дагуу хийгдэх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан Монголын талын хүсэлтээр 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгох боломжтой тухай мэдэгдсэн байна. Түүнчлэн, Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхон дахь оюутны 2-р байрыг Монголын тал хариуцахаар болж 2019 оны Төсвийн тухай хуульд энэ зориулалтаар 2,5 тэрбум төгрөгийг тусгасан байна.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Польш Улсад 2013 онд хийсэн айлчлал болон хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт, яриа хэлэлцээг үндэслэн БНПУ-ын Засгийн газраас 50 сая еврогийн экспортын зээлийг эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “нөхцөлт тусламж” буюу “экспортын зээл”-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэсэн. Уг нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2017 онд байгуулжээ. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих, Гал түймэртэй тэмцэх техник тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл, Гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт эмнэлэг төсөл, Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл, Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл, Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр тогтсон байна.
Өнөөдрийн байдлаар эдгээрээс 2 төслийн тусгайлсан зээлийн гэрээг байгуулж, төслийг хэрэгжүүлж байна. Бусад төслүүдийг хэрэгжүүлж, санхүүжилтийг авах, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн салбарт эрүүл мэндийн салбарыг нэмэхийн тулд Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүчинтэй хугацааг 1 жилээр буюу 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгах шаардлагатай болсон байна.
Дээрх хоёр хуулийн төслөөс гадна “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III ” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ