Х.Баатарбилэг: Бүтээн байгуулалтын ажлуудыг зогсоох гэсэн явуулга хийж байгаа
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг баталснаар хоёрдох хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 828 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 4439 төсөвт байгууллагад, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг хамруулжээ. Тогтоолын төсөлд Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.8 их наяд, зарлагыг 7.1 их наяд төгрөг байхаар тусгасныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгосон.
Мөн онд гадаад худалдааны нийт бараа эргэлт 2018 онд 12.9 тэрбум ам доллар болж, 2017 онынхоос 22.5 хувиар өсчээ. Гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбум ам долларын ашигтай гарчээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
2018 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6,9% хүрч, төлөвлөсөн түвшингээс өссөн дүнтэй гарчээ. Үүнд Засгийн газар, санхүү эдийн засгийн байгууллага сайн ажилласан байна. Энэ өсөлт иргэдийн амьдралд хэрхэн мэдрэгдэх вэ? ААН, Иргэдийн орлого буурсан тухай уулзалтуудад иргэд ярьж байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх, хүү багатай, урт хугацаатай зээлийг нэмэгдүүлэх, орлого нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ажил хийгдэхгүй байгаа тухай хэлсээр байна. Тендерийн хууль өөрчлөгдсөн. 2018 оны төсвийг харахад эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт нэлээд их хэмжээгээр татагдсан. Энэ бол Сангийн яам ч биш төсвийн төлөвлөлтөд бид дутуу анхаарсан асуудал байна. Нэгдсэн төсвийг зохиохдоо нийслэлийн асуудлыг дутуу тооцдог. Газар чөлөөлөлт хийгдэх төсвийг тооцохгүй учраас сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалтад саад үүсч, төсөв татагдах эрсдэл байна. Үүнийг хэрхэн засах вэ. Худалдан авах ажиллагааг буруу зохион байгуулсан төрийн албан хаагчидтай хэрхэн хариуцлага тооцох вэ. Хязгаарлалттай дүгнэлт авсан ААН-д гэж гаргадаг. Хариуцлагагүй, илэрхий хууль зөрчсөн ААН-тэй хэрхэн хариуцлага тооцож байна вэ. Сангийн тоог цөөлөх нь зөв.
Улаанбаатар хотын төрийн өмчийн сургууль, цэцэрлэг эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны боловсон хүчний дутагдал асуудал үүсгэж байна. 280 хүүхдийн хоол хийж, 500-600 мянган төгрөгийн цалин авдаг тогооч байхгүй ээ. Энэ чиглэлд анхаараарай.
УИХ-ын гишүүн Л.Болд:
Сүүлийн үед театр, музейн барилыг нурааж шинээр барина гэх боллоо. Энэ бүхэнд хэдэн төгрөгийн төсөв байгаа юм бэ. Үнэхээр дээрх барилгуудыг нураах шаардлага бий болсон юм уу. Түүхийн дурсгалуудаа сөнөөх гээд байгаа юм уу.
БСШУС-ын сайд Х.Баатарбилэг:
МАН-ын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт музей, соёлын барилга, байгууламжуудыг шинээр барьж байгуулах талаар тусгасан. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт соёл, урлагийн байгууллагуудад үнэлгээ хийж, ашиглалтыг нь шалгаж, музейн хадгалах шаардлагыг нэмэгдүүлж, стандартыг сайжруулж, олон улсын түвшинд хүргэнэ гэж тусгасан. Засгийн газраас “Соён гэгээрүүлэх” аяны хүрээнд соёл, урлагийн байгууллагууд болох ялангуяа томоохон театр, музейн өнөөгийн ашиглалтын байдал, орчин нөхцөл зэргийг судлахаар ажлын хэсэг урт хугацаанд ажилласан. Үндэсний урлагийн их театр байгуулах, байгалийн түүхийн музейг шинээр байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. 1990 оноос хойш нэг ч музей шинээр баригдаагүй. Музейн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэдгийг 2000 оноос хойш мэргэжлийн байгууллагууд нь дүгнэж, орчин нөхцөл нь болохгүй болсон гэдгийг яамд ярьж, хэлсээр ирсэн. Энэ дагуу шалгахад Үндэсний номын сангийн подвалд чийгтэй, галын аюултай маш эмзэг нөхцөлд Монголын төр алдартай, нэн ховор түүх дурсгалын бүтээлүүд хадгалдагдаж байгаа.
Богд хааны музейн мөн подвалд маш эрсдэлтэй нөхцөлд хосгүй үнэт бүтээлүүд хадгалдагдаж байна. Музейн стандартыг орчин үеийн шаардлагад нь нийцүүлсэн барилга барих шаардлага зүй ёсоор тулгарсан. Мөн нурах аюулд тун ойртсон, ан цав үүсч жижигхэн доргилт, байгалийн үзэгдэлд нурах ийм байдалтай байхад төр төрийнхөө үйлчилгээнүүдийг хөрөнгө оруулалтаар засч, сайжруулах үүрэгтэй. Хэрэв дээрх барилга, байгууламжуудад эрсдэл учирвал одоо эсэргүүцэж, хашхирч байгаа хүмүүс хариуцлага хүлээхгүй бүгд зугтана гэдэгт би итгэлтэй байна. Төр мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд тулгуурлан шийдвэрээ гаргасан. Засгийн газраас хийж буй хөрөнгө оруулалтын ажлуудыг улстөржүүлж бүтээн байгуулалтын ажлуудыг зогсоох гэсэн явуулга хийж байна гэж үзэж байна.
Үүгээр чуулганы хуралдааныг хаалаа.
"Ирээдүйн өв санд 313 тэрбум төгрөг хуримтлагдсан"
УИХ-ын намрын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Тогтоолын төслийн илтгэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Мөн Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн талаарх аудитын талаарх дүгнэлтийг Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.
Аудитын дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Эдийн засагт эерэг хандлагууд бий болж эхэлсэн.Монгол Улсын төсөв анх удаагаа ашигтай гарлаа. Өнгөрсөн 10 жил төсөв ашигтай гарч байсан бол өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал ахиж, ард түмний амьдрал ахуй тэр хэрээр дээрдэх байсан. Төсвийн тогтворжуулалтын санд 207 тэрбум төгрөг нийлүүлсэн байна. Энэ бүхнийг аваад үзвэл төсвийн гүйцэтгэлийг боломжийн гэж дүгнэхээр байна. Төлбөрийн тэнцэл 141.7 сая ам.долларын алдагдалтай гарсан бол урсгал дансны алдагдал 2.2 тэрбум ам.доллараар нэмэгдэж 2017 оныхоос 91 хувиар нэмэгджээ. Энэ нь банкууд дансны үлдэгдлээ гадагш шилжүүлсэнтэй холбоотой юу. Шалтгааныг нь тодруулмаар байна. Гадаад худалдаа 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарч, экспорт 7 тэрбум ам.доллар, импорт 5.9 тэрбум ам.доллар байна. 7 тэрбум ам.доллараас Монголд бодитой орж ирсэн нь хэд юм бэ. Мөн худалдааны бодлогыг талаарх мэдээллийг сонсъё. НӨАТ-ыг улам боловсонгүй болгох чиглэлд юу хийж байна вэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
2018 оны санхүүгийн гүйцэтгэлээр тогтворжуулалтын сан 110 тэрбум төгрөг, Ирээдүйн өв сангийн хуримтлалд 620 тэрбум төгрөг хуваарилагдсан. Гэхдээ энэ хоёр сангийн аль, аль алдагдалтай байсан учраас өмнө нь хуримтлагдсан өрүүд төлөхөд зарцуулагдсан. Нийтдээ 1.2 их наяд төгрөгийн өр төлж, одоогоос Ирээдүйн өв санд хуримтлал бий болж эхэлсэн. Одоогоор тус санд 313 тэрбум төгрөг хуримтлагдсан. Цаашид нэмнэ. Энэ мөнгийг зарцуулалтыг зохицуулах корпорациа байгуулах учиртай. Сангийн хуримтлалын мөнгийг 2033 оноос зарцуулан гэж үзвэл тэр хүртэл хамгийн эрсдэлгүй газар байршуулж, мөн корпораци менежментийг нь хийнэ гэж төлөвлөвөл 2019 оноос үргүй зардал гарна гэж тооцоолсон. Тийм учраас ирэх төсөвтэй хамтатган холбогдох хуулиудад нь өөрчлөлт оруулж байгаа. Өөрөөр хэлбэл корпораци байгуулах шаардлагагүйгээр сангийн мөнгийг олон улсын үнэт цаас дээр байршуулаад явж байгаа. Хамгийн энгийн хэлбэрээр зохицуулалт хийж болох холбогдох хуулийг өргөн барьсан. Энэ ондоо багтаад сангийн хуримтлалд нэмж 600 тэрбум гаруй төгрөг, ирэх жил 900 тэрбум төгрөгийг нийтдээ 1.5 их наяд төгрөгийг 2021 оны төгсгөлд хуримтлуулна гэж төлөвлөгөөтэй байна. 2018 онд экспортын бараа бүтээгдэхүүний үнэ тооцоолж байснаас харьцангуй сайн байсан. Гадаад худалдааны орлогын зарцуулалт голдуу импортын хэрэгцээг хангах мөн гадаад зээлийн өрийн төлбөрүүдэд зарцуулагдаж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
"Өнгөрсөн 2018 онд эдийн засаг сүүлийн 4 жилийн хугацаанд 6,9%-ийн өсөлттэй байсан. Мөн инфляц ч зорилтот түвшинд байна. Ажилгүйдлийн түвшин буурч, экспорт нэмэгдсэн байна. 2018 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлыг өмнөх онуудтай харьцуулахад 86,3% байна. Энэ хөрөнгө оруулалтын ажлууд нь аль салбар давамгайлсан бэ? Сүүлийн 4 жилд нийгэм, ард иргэдэд нэн чухал ямар хөрөнгө оруулалт хийгдсэн бэ?
Цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалт, ажлын явц ямар байна вэ? Нефть боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт Энэтхэгийн зээлээр хийгдэж байгаа. Энэ зээл нийт зээлийн аль ангилалд хамаарч байна вэ? Эдгээр томоохон төслүүдийн явцын хяналт хэрхэн хийгдэж байгаа вэ? Олон улсын экспертийн байгууллага хянаж байна уу? Томоохон бүтээн байгуулалтын ажлын явцын хяналт маш чухал юм. Үүнийг анхаараарай. Одоогоор хэчнээн сан байгаа вэ? сангуудын үр өгөөж ямар байна вэ. Сангаас зээл авахыг хүссэн иргэд олон байна. Зээл олгох хүнд суртал арилсан уу? Сангийн яам хяналт тавьж байна уу.Тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан. Гэтэл зарим газар үйлчилгээний хүү буурахгүй байна гэж иргэд хэлээд байна. Энэ ямар учиртай вэ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 84.9 хувьтай байгаа. Үүнээс концессын гүйцэтгэл 95 хувьтай байна. Төсөв батлахдаа 100 хувийн гүйцэтгэлтэй гэдэг. Газартай холбоотой, тендертэй холбоотой уддаг асуудал гардаг. Хуульд өөрчлөлт оруулсан. Хөрөнгө оруулалтад Барилгын хөгжлийн газар хяналт тавьдаг. Засгийн газрын тусгай 29 санд шалгалт явуулсан. Нэлээд зөрчил гарсан. 29 сангаа 22 болгож цөөрүүлэх, үйл ажиллагааг нь нээлттэй болгох зорилгоор төсөвтэй хамт хуулийн төсөл өргөн мэдүүлсэн байгаа. Тусгай сангуудаа цөөлж, ил тод болгоно.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Гол нь бид төсвийн гүйцэтгэлд дүгнэлт хийх нь чухал. Аудитын байгууллагаас гаргасан дүгнэлттэй танилцлаа. Эндээс анхаарах хэд хэдэн зүйл байна. Ялангуяа төсвийн байгууллагуудад гарсан алдаанууд, аудитын шалгалтаар хязгаарлагдмал дүн авсан дөрвөн ч байгууллага байна. Эдгээр байгууллагууд, албан тушаалтнууд, төрийн албан хаагчдын сахилга бат, тэдний боловсрол мэдлэг, чадварт нь цаашид анхаарах шаардлагатай байна. Хоёрдугаарт, төлөвлөлтийн асуудалд бид жил болгон алддаг. Гүйцэтгэл, төлөвлөлт хоёр нь байнга зөрдөг. Энэ тал дээр гоц анхаарах хэрэгтэй. 2018 оны гүйцэтгэл сүүлийн 10 гаруй жил байгаагүй амжилтыг үзүүлж, 27 тэрбум төгрөгийн ашигтай гарсанд Сангийн сайд болон Засгийн газрын гавьяа. Санхүүгийн сахилга батаа сайжруулж чадсаных. Гэхдээ хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд мөн анхаарах шаардлагатай. Тендерийг орон нутагт шилжүүлэх нь зөв үү. ТӨБЗГ-ын, яамдуудад хийгдэж байгаа тендерийн гүйцэтгэлүүдийн тоо баримтуудыг хэлж өгөөч. Өнөөг хүртэл зарим газарт тендер нь зарлагдаагүй байгаа. Энэ нь нэг талдаа зохион байгуулалтын алдаа, нөгөө талдаа боловсон хүчний алдаа байгаа шүү. Ядуурал нэг хувиар буурсан. Ядуурлын бууруулахад ажлын байр л чухал. Үүнд ямар ахицууд гарсан бэ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
Орон нутагт тендерийг шилжүүлсэн нь зөв гэж харж байгаа. Яагаад гэвэл өдийд хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн ажил 20-30 хувьтай байдаг байсан бол долоо хоногийн өмнөх мэдээллээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 30 гаруй хувьтай, нийлбэр дүнгээр 38.5 хувьтай байна. 40 хувьтай байна гэдэг бол өмнөх жилүүдтэй харьцуулахад сайн үзүүлэлт. Хэрэв бүх тендерийг нийслэлд зохион байгуулсан бол 2019 онд тавигдсан энэ их хөрөнгө оруулалтын ажлуудын тендертэй нь зууралдсаар байгаад л дуусах байсан болов уу. Ядуурлыг бууруулах чиглэлд үндсэндээ аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлд анхаарах шаардлагатай. 2018 онд төсвийн орлого бүх сум, аймаг, бүх салбарт давж биелсэн. Нийтдээ 11 мянга 127 ААН-ээр татвар төлөгчдийн тоо нэмэгдсэн. Мөн ашигтай ажилласан ААН 9182 болсон нь эдийн засгийн идэвхжиж, ААН-үүд ашигтай ажиллах хэрээр татварт төлөлт нэмэгдсэн. Мөн өмнөх жилүүдэд хуримтлагдсан татварын өрүүдээ ААН-үүд төлсөн. 166 тэрбум төгрөгийн татварын өр төлөгдсөн. Эдийн засгийн өсөлт ажлын байр нэмэгдүүлж байна.
Холбоотой мэдээ