Хүүхдийн төлөө хийж буй ажил бол хамгийн том буян

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Хүүхдийн төлөө хийж буй ажил бол хамгийн том буян

Япон Улсын Засгийн газраас Монгол улсад үзүүлдэг буцалтгүй тусламжийн нэг бол “Өвсний үндэс” хөтөлбөр. Уг хөтөлбөрийн хүрээнд Монголын сургууль, цэцэрлэг, эрдэм шинжилгээний хүрээлэн гэх мэт ашгийн бус байгууллагад 1990 оноос эхлэн 370 сая ам.доллар бүхий 400 гаруй тусламж, дэмжлэг үзүүлжээ.

“Хавдар судлалын үндэсний төв” болон "Улсын тэргүүний 129-р цэцэрлэг"-т үзүүлсэн буцалтгүй тусламж амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгөөд эхэлжээ. Үүнийг бид сурвалжлан хүргэж байна.

Хавдар судлалын үндэсний төв 1982 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл дорвитой засвар хийгдээгүй байжээ. Жил бүр дээврээс дусаал гоождог тул эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ихээхэн хүндрэл гардаг байсан аж. Тус төвөөр жилд 20 мянган иргэн үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр ийм хэмжээний иргэний аюулгүй байдал, халдвар авах эрсдэл яригдах юм. Үүнийг Японы Элчин сайдын яамнаас анхаарч, дээврийн их засварыг "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хүрээнд засч, шинэчлэхээр болжээ. Нийтдээ 200 сая төгрөгийн тусламж үзүүлэн, дээврийн Б,В,Г блокт засвар хийж, одоо Улсын комисс хүлээж авахад бэлэн болсон байна.

“Хавдар судлалын үндэсний төв”-ийн Чанарын албаны дарга Б.Баасанжав:

-Хавдар судлалын үндэсний төв хавдрын үйлчилгээг улс даяар үзүүлдэг цорын ганц байгууллага. Сүүлийн арван жил дээврийн ямар нэгэн засварын ажил хийгдээгүй. Барилгын дээвэр муудсанаас жил бүр борооны дусаал гоожиж, эмнэлгийн тусламж, үйчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байсан. Энэ жил бид “Өвсний үндэс” болон Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр дээврийн ажлаа 100 хувь засч, шинэчиллээ. Одоо дотоод заслын ажил хүлээгдэж байна. Өвсний үндэс хөтөлбөрийн санхүүжилтээс тодорхой хэмжээний төсөв үлдсэн байгаа. Үлдсэн санхүүжилтийг бид дотоод засал буюу таазны засварын ажилд зарцуулах боломж олгооч гэсэн хүсэлт Японы Засгийн газарт тавьсан, хүсэлтийн хариу удахгүй ирэх байх гэж хүлээж байна.

Мөн үүнээс гадна Япон Улсын Засгийн газраас хамтын ажиллагааны хүрээнд тус төвд орчин үеийн загвар бүхий Эхо-ны иж бүрэн аппарат, эмнэлгийн зориулалтаар тоноглосон 25 сая төгрөгийн өртөг бүхий Тоёота Хайс маркийн түргэн тусламжийн автомашиныг бэлэглэсэн байна. Ингэснээр хүнд өвчтэй иргэдэд гэрээр очиж, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрджээ.

Эмчийн үүдэнд иргэд орох ээлжээ хүлээн сууна. Тэд элэгний хавдартай хүмүүсийн үзлэгийн аппаратад дуугаарлаж буй нь энэ. Элэгний үзлэгийн уг аппаратыг мөн л Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төвд үнэ төлбөргүй хүлээлгэн өгчээ. Үндэсний хэмжээнд хавдрын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг тус төвд эмнэлгийн ийм орчин үеийн техник, тоног, төхөөрөмж хамгийн үнэтэй хувь нэмэр билээ.

Бидний дараагийн орсон газар бол Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний 129-р цэцэрлэг. Цэцэрлэгийн хаалгаар дөнгөж ормогц хүүхдийн уйлах, дуулах дуу сонсогдлоо. Гаднаа тоглож наадах том талбайтай, дотроо цэвэрхэн тохилог ажээ. Тус цэцэрлэг таван хорооны 800 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Байгуулагдаад 30 жил болж байгаа хэдий ч халуун дулаан усны магистраль шугам, цэвэр бохир усны хоолойд засвар, шинэчлэлт огт хийгдээгүй байжээ. Хүчтэй даралттай ус ирэхэд шугам цоорох аюултай учир Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд 192 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэн засварын ажил хийжээ.

Улсын тэргүүний 129-р цэцэрлэгийн эрхлэгч Я.Баасанхүү "Хүүхэд өсч, хүмүүжихэд ая, тухтай орчин хамгийн чухал. Тиймээс бид Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд шугам, сүлжээгээ засварлаж, ариун цэврийн өрөөгөө бүрэн тохижууллаа. Үүнд манай эцэг эхчүүд ч бас хувь нэмрээ их оруулсан. Урьд нь манай ажилчид сантехникийн шугамаа тэрүүхэн хэсэгт нь боож аргалдаг байв. Гэхдээ шугам цоорох, халуун ус алдах аюултай байлаа.

Энэ асуудлыг шийдэж чадсандаа бид маш их баяртай байна. Засвар шинэчлэл хийсний дараа ариун цэврийн өрөө гологдож эхэлсэн. Тиймээс эцэг, эхчүүдийн санаачилгаар хүүхдэд тохирсон шинэ ариун цэврийн байгууламж, угаалтуур авч тавилаа. Хана, тааз, шалаа засч янзаллаа. Япон Улсын Засгийн газар, Өвсний үндэс хөтөлбөрийн хамт олон, эцэг, эхчүүддээ баярлалаа. Хүүхдийн төлөө хийж буй ажил бол хамгийн том буян юм" гэв.

Тус цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш С.Отгонцэцэг ярихдаа “Энэ жил шинээр элссэн хоёр настнууд живхнээсээ салаагүй, хөтөвч дээр суудаг байсан. Цэцэрлэгтээ хоёр долоо хоног яваад одоо бүгд боловсон ариун цэврийн байгууламж дээрээ сууж сурлаа. Өөрөөр хэлбэл, живх, хөтөвчний хэрэглээ байхгүй болсон. Ийм тохилог орчинд тэд биеэ дааж, хөгжиж чадаж буйд багш нарын хувьд урамтай, сайхан байна” гэсэн юм.

Бэлтгэл бүлгийн ариун цэврийн өрөөгөөр ороход бага насны хүүхдэд зориулсан дөрвөн ширхэг ариун цэврийн байгууламж, угаалтуурыг тавьжээ. Шүдний сойзуудаа таглаад, ханандаа эгнүүлэн өлгөсөн харагдав. Хажууд нь нүүр гарын алчуур байна. Энд цэвэрхэн гэж жигтэйхэн. Хүүхдүүдээс “Танай цэцэрлэгийн юу нь гоё вэ?” гэж асуухад тэд бяцхан гараараа ариун цэврийн өрөөг инээлдэн зааж байлаа. Монголын ирээдүй ийм л дулаахан, цэвэрхэн, тохитой орчинд өсч, хүмүүжиж байна. Энэ бол Монгол-Японы найрамдалт харилцааны үр дүн билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж