УИХ хуучин машины импортыг хориглож чадах уу?

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

УИХ хуучин машины импортыг хориглож чадах уу?

УИХ хуучин машины импортыг хориглож чадах уу?

УИХ намрын чуулганаараа багтаан Авто тээврийн тухай хуулийг баталж чадвал Монголд 2021 оноос насжилт өндөртэй автомашин импортоор оруулж ирэхийг хориглох нь ээ.

Засгийн газар дээрх хуулийн төслийг боловсруулахдаа буруу талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хориглохоор тусгасан юм. УИХ-ын хаврын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүдээс “буруу талдаа хүрдтэй автомашины импортыг хориглох нь ард иргэдийн гол уналга болсон “приус”-ээс нь салгаж, явгалах тул дэмжихгүй гэжээ. Хууль тогтоогчдын энэ саналыг Засгийн газар хүлээн авах боломжтой гэж үзэж буй бөгөөд зөрүүлээд арваас дээш жилийн насжилттай автомашины импортыг хориглох заалтыг тусгах саналтай байгаа аж. Эл санал УИХ-аас олонхийн дэмжлэг авах боломжтой ч гэж үзэж буй юм байна.

Монгол Улсын хэмжээнд 2018 оны байдлаар тээврийн хэрэгслийн тоо 970.8 мянгад хүрчээ. Үүний 655 мянга гаруй нь 10-аас дээш жилийн насжилттай буюу ашиглалтын бүрэн шаардлага хангахгүй автомашин эзэлж байна.

Олон жил ашиглагдсан автомашин монголчуудын хэрэглээний 70 гаруй хувийг эзэлж байгаа нь сөрөг үр дагаврыг олноор дагуулж буй юм. Тээврийн цагдаагийн газрын мэдээгээр зам тээврийн ослоор жилд 500 гаруй хүн амь насаа алддаг бол 1200 гаруй иргэн бэртэж, гэмтэж байгаа юм. Энэ бол асар өндөр үзүүлэлт юм. Нэг үгээр хэлбэл, төрийн тодорхой зохицуулалт шаардлагатай болсныг харуулж буй.

Мөн өндөр насжилттай автомашинаас ялгарах утаа нь агаарын бохирдол ихээр үүсгэдэг. Улс орнууд байгаль орчинд хортой нөлөө үзүүлдэг өндөр насжилттай автомашиныг хэрэглээнээс хасахын тулд импортын өндөр татвар тогтоох зэргээр зохицуулалт хийдэг. Харин Монголд сүүлийн арваад жилийн хугацаанд энэ асуудал хөндөгдөж ирсэн ч иргэдийн амьжиргаа сайжраагүй үед өндөр насжилттай автомашины татварыг нэмэх нь зохисгүй гэж үзсээр өнөөдөртэй золгосон байдаг. Дэлхийн жишгээр автомашины ашиглах дээд хугацааг 15 жил гэж тооцдог байна. Гэтэл Монголд хогийн цэг рүү очихын өмнөх автомашинууд олноороо импортлогддог.

Өндөр хөгжилтэй орнуудад хуучин автомашинаа хэрхэн устгаж, аюулгүй болгох вэ гэдэг асуудал хурцаар тавигддаг бол Монголд энэ талын зохицуулалт байдаггүй.

Хуучин автомашинаас гадна хуучин дугуй хэдэн зуугаараа импортлогдон орж ирж байгаа юм.

Нөгөө талаас арваас дээш жилийн насжилттай автомашины импортыг хоригловол жилд 70 мянга орчмоор нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн тоо буурна. Тэр хэрээр түгжрэлийг нэмэгдүүлэхгүй байх бас нэг гарц болно.

Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн долоон жилийн турш автомашины түгжрэлийг сааруулах зорилгоор олон зохицуулалтыг хэрэглэж байгаа ч үр дүн дагуулахгүй байгаа юм. Тухайлбал, дугаарын хязгаарлалт, нэг чигийн хөдөлгөөнтэй болгох, 30 гаруй уулзвараар жолооч автомашинтайгаа ногоон гэрлээр гарах, авто замуудаа өргөтгөх, шинээр гүүрэн зам барих зэрэг татвар, бүсчлэлээс бусад арга хэмжээг хэрэгжүүлээд байна.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж