Алдаж болохгүй ЧУУЛГАН

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Алдаж болохгүй ЧУУЛГАН

Алдаж болохгүй ЧУУЛГАН

Долоо дахь парламент долоо дахь чуулганыхаа нээлтийг хийснээр МАН-ын үнэмлэхүй олонхоос бүрдсэн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход ганцхан чуулган үлдлээ. УИХ-ын 2016 оны сонгуулиар 65 суудал авсан МАН-ын гэрийн даалгавараа хийж дуусгах сүүлийн боломж. Боломж хоёр удаа гардаггүй. Нэгд, жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Хоёрт, парламентын засаглалаа хамгаалж үлдэх хамгийн чухал шийдвэрийг тэд гаргах ёстой.

Г.Занданшатарын парламентын дөрөв дэх намрын чуулган хамгийн хариуцлагатай, алдаж болохгүй алтан мөч гэж хэлж болно. Нэг үгээр хэлбэл, Ардын намынхан айвал бүү хийх, хийвэл бүү айх сонголттой нүүр тулж байна.

“Ард түмний засаглах эрхийн залуур дээр сууж буй бидэнд улсаа өөд татах чиглэлээр амласнаа хэрэгжүүлэх, төр нь тогтвортой, түмэн нь амгалан, зөвхөн хуулиар засаглаж, шударга ёс, сахилга хариуцлага нийт нийгмийн зайлшгүй хэм хэмжээ болох иргэдийнхээ хүсэмжлэлийг биелүүлэх олон зорилтууд хүлээгдэж байна. Зорилгоо хэрэгжүүлэх нэг зам нь эрх зүйн хүрээнд хийгдэх өөрчлөлт юм. 2019 оны намрын чуулганы түүхэн үүрэг, ач холбогдол чухамхүү үүнд чиглэнэ”. Энэ бол УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг. Товчхондоо, улс төр, эрх зүйн том хувьсал хийх тухай. Тэр нь мэдээж, өнгөрсөн гурван сар хэрэлдэж, хэлэлцсэн Үндсэн хуулийн шинэчлэлт.

Спикерийн гол зорилгыг хэлсэн үгнээс нь эшилбэл, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нийгмийн захиалга юм. Энэ бол аль нэг нам, цөөн хэдэн хүмүүсийн санаачилга, улс төрийн үйлдэл огт биш. Энэ бол өнгөрсөн 20 гаруй жилд туулсан замаа эргэн харж, туршлага сургамжаа эргэцүүлсэн ухаарал юм. Энэ бол алдсанаа залруулж, олсноо баталгаажуулах нийт нийгмийн хүсэл эрмэлзэл юм. Энэ бол Монгол орон, Монголын ард түмний ирээдүйн хувь заяаг шийдэх түүхэн сонголт юм. Тиймээс эрхэм гишүүд Та бүхэн энэ цаг үед тохиосон түүхэн хариуцлагаа ухамсарлаж, нэмэлт өөрчлөлтийг амжилттай хэлэлцэж дуусгана гэдэгт эргэлзэхгүй байна.

Хорин жил ярьж, маргасан, арван жил судалж хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол монгол төр, Монголын нийгмийг цэгцэлж, зөв замд нь эргэлт буцалтгүй оруулахыг хүссэн үе үеийнхний хамтын бүтээл, зөвшилцлийн тунхаглал болох учиртай. Тиймээс төр, ард түмний эрх ашгийн дээд эрэмбэд багтах эрхэм чухал энэ үйл хэргийг намрын чуулганаар эцэслэн шийдэх боломж бүрдүүлэхийг УИХ-д суудалтай МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, ШИНЭ намд хандан хүсч байна” гэх үг.

Үндсэн хуулийн өөрчлөлт нийгмийн захиалгаас нийгмийн шаардлага болж хувирсан. Хэрэвзээ, Үндсэн хуулийн шинэчлэлтийг өнөөдөр  хийх зориг эс хүрэх аваас ард нь гурван том аюул, эрсдэл харагдаж буй.  

Нэгд, найман жил Үндсэн хуулийг шинэчлэх тухай яриа байхгүй болно. Хоёрт, нийгмийн хандлагаас харахад үнэмлэхүй олонхоос бүрдсэн УИХ байгуулагдах боломж бараг алга. Гуравт, Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж мэдэх аюулыг Ерөнхийлөгчийн зүгээс сэвэх болоод удаж байгаа.

Хэрэвзээ, өнөөдөр эхлүүлсэн ажлаа МАН дуусгаж чадахгүй бол Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглал руу гулсаж мэдэхээр улс төрийн эвгүй дүр зураг харагдах болсон.

Иймээс л Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын засаглалаа дархалж, ардчиллаа авч үлдэх нь өнөөгийн УИХ-ын ЖДҮ, жаран тэрбумчдын хулгай, луйвраа “цагаатгах” гавьяа нь болно.

Спикерээ унагаахын төлөө ажил хаялт зарладаг, аль эсвэл засаг төрөөрөө оролддог цаг өнөөдөр биш.

Улс орны хөгжил, ардчилал эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа бодоод өнөөдөр парламентад суудалтай намууд гар барих цаг болжээ. Тэдний эв нэгдлийн цэг нь Үндсэн хуулийн шинэчлэлт. Тэгэхээр долоо дахь парламент долоо дахь чуулганыг ашиглаж чадахгүй.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж