Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IV хороонд хүн амины ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, Хаан банкны төв байрны хойно байрлах орон сууцанд амьдардаг 70 настай эмэгтэй хоолойг хэрчиж бүрэлгэсэн хэрэг гарсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач гэртээ нохойтойгоо амьдардаг байжээ.
Наймдугаар сарын 17-ны өдрөөс хойш түүнийг харагдаагүй гэх мэдээлэл байгаа бөгөөд гэрт нь нохой хуцаж, утас нь холбогдохоо больсон байна. Энэ байдлыг ажигласан хөршүүд нь наймдугаар сарын 18-ны өдөр хэрэг явдлын талаар цагдаад анх мэдэгджээ. Талийгаач эмэгтэйн хүүхдүүд гадаадад байдаг бололтой.
Ганцаараа амьдардаг, биеэ хамгаалах чадваргүй хөгшнийг хэн, ямар зорилготойгоор хэзээ хөнөөв гэдгийг тогтоохоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн ажиллаж байна.
Одоогоор хэргийн газрыг хамгаалалтад авч, мөрдөн байцаалтын ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Д.УУДАМ