Монгол Ардын Намаас улс орон даяар өрнүүлж буй “БИД ХАМТДАА” аян Монгол улсын хойд хил Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багт хүрлээ. Агар баг нь 194 өрхтэй 710 хүн амтай Бүгд Найрамдах Тува улсын Тере-Хөл хошуугаар ОХУ-тай хил залгадаг бөгөөд Улаанбаатар хотоос 1000 гаруй км аймгийн төвөөс 260 км алслагдсан хөдөөгийн баг юм.
Агар багт богино холбооны тоног төхөөрөмж айл бүрт суурилуулсан нь хилийн зөрчил, хил давуулсан малын хулгайн асуудлыг шийдвэрлэхэд үр дүнгээ өгч байгаа, Мөрөнгийн голын дээгүүр дүүжин гүүр барих санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан идэвх санаачлагатай ажилласан, орон нутгийн зам давааг засахад аймаг сумын иргэдийн хурлын төлөөлөгчид, засаг захиргаа анхаарал хандуулж ажиллаж байгаад талархалтай хандаж байгаагаа багийн иргэд “БИД ХАМДАА” аяны багт илэрхийлжээ.
Үүний зэрэгцээ малын бэлчээрийн асуудал, багийн эмчийг унаажуулах, мал болон малын гаралтай түүхий эд, цагаан идээний борлуулалтыг сайжруулах, адуун сүрэгт дохиолол суулгах зэрэг олон асуудлыг хөндөн гаргаж нээлттэй санал бодлоо илэрхийлэн ярилцсан байна.
Аяны өдөрлөг уулзалтын үеэр цолгүй бөхчүүдийн барилдаан, гар бөмбөгийн тэмцээн, хүүхдийн гүйлтийн уралдаан зэрэг спортын уралдаан тэмцээнүүд зохиогдож урлаг соёлоор үйлчилжээ.
Эх сурвалж: www.unen.mn