Байгалийн түүхийн музейг баллуурдах нь хэнд ашигтай вэ?

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Байгалийн түүхийн музейг баллуурдах нь хэнд ашигтай вэ?

Байгалийн түүхийн музейг баллуурдах нь хэнд ашигтай вэ?

NEWS агентлаг түүхэн дурсгалт барилга, байгууламжийн талаар цуврал сурвалжлага бэлтгэж байгаа билээ. Энэ удаа Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, оронд нь Чингисийн өв соёлын хүрээлэнг байгуулах болсон асуудлыг хөндлөө. Түүх, Соёлын дурсгалт барилгаа хамгаалж үлдэхэд хүн бүрийн дуу хоолой, оролцоо чухал байна


Улаанбаатар хотын түүхэн дурсгалт барилгын нэг болох Байгалийн түүхийн музейн байр өдгөө амь тавихад ойрхон байна. Гэхдээ барилгадаа биш эрх баригчдын нураах шийдвэрээс болж, дэлхийн хаана ч байхгүй түүхэн барилга үгүй болох нь. Дэлхийд бол залуухан, харин манайд хөгшин, нурж унахдаа тулсан гэх 65 жилийн настай энэхүү музейн барилгыг нүүрэн талаас нь харахад шавар нь нурж, шохой нь унаж, тоосго нь гарсныг харсан хэнд ч “удахгүй нурж унах нь дээ”  гэх зурвасхан бодол төрөх нь дамжиггүй. Энэ нь ердөө л олон жил урсгал засвар хийгээгүйн “гавъяа” болохоос нурж унах гэж буй асуудал огт биш аж.   

Холбоотой мэдээ

УЛААНБААТАРЫН ТҮҮХЭН БАРИЛГУУД: Дэлхий хамгаалж, бид нурааж байна

УЛААНБААТАРЫН ТҮҮХЭН БАРИЛГУУД: Дэлхий хамгаалж, бид нурааж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ч бас “ашиглаж болохгүй, нурах аюултай” гэсэн дүгнэлт гаргаснаас үүдэн төрөөс хотын түүхээ устгах ажил Байгалийн түүхийн музейг нураахаас эхлүүлэх гэж буйд иргэд болон төрийн бус байгууллагууд эсэргүүцэж байгаа юм. Улаанбаатар хотын түүхэн дурсгалт барилгуудаа авч үлдэхээр өчигдөр /2019.09.30/ Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамд иргэдийн төлөөлөл шаардах бичиг хүргүүлсэн билээ.

ИРГЭДИЙН САНАЛ АСУУЛГЫГ ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ХУУЧНЫ ДУРСГАЛТ БАРИЛГУУДАА НУРААЖ БАЙНА

Монгол туургатан төв холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Э.ОДБАЯР: 

-Байгалийн түүхийн музей нь Улаанбаатар хотын соёлын өвд хамаарч буй. Энэхүү соёлын өв нь Улсын бүртгэлийн 115215 дугаартай, Байгалийн түүхийн музейн барилга нь архитектурын дурсгал, дурсгалт уран барилга нь соёлын өвд хамаарч буй. Иймд мэргэжлийн байгууллага шинжээчдийн судалгаа дүгнэлтгүй, ард иргэдийн саналыг харгалзан үзэлгүйгээр нураах гэж буй нь хуучны дурсгалт барилгуудаа шинэчлэн өргөтгөх биш устгах асуудал юм. Улаанбаатар хотын өв соёл болсон Байгалийн түүхийн музейн барилгыг нураах шаардлагагүй. Хүчитгэж сэргээн засварлах боломжтой. Гэтэл барилгыг нураахад 400 орчим сая төгрөг төсөвлөж байна. Иймд бид энэ асуудлыг эсэргүүцэж, Байгалийн түүхийн музейгээ нураах шийдвэрээ эргэн харахыг хүсч, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдад шаардах бичиг хүргүүлж байгаа юм. Хэрэв Байгалийн түүхийн музейг нураавал дараа нь Үндэсний номын сан, Дуурь, Драмын театрыг нураах, устгах ажил эрчимжнэ гэж үзэж байна гэлээ.

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ БОЛ УРАН БАРИЛГА БИШ

Ямар ч хүнд шинэ сууцанд нүүж орохдоо баяртай байдаг ч хуучин амьдарч байсан гал голомтоо самрахыг хүсдэггүй биз ээ. Гэтэл 14 жил тус музейн захирлын алба хашиж буй Д.Зоригтбаатар хэвлэлийнхнийг дагуулан барилгын эргэн тойронтой танилцуулахдаа музейг нураах тухай асуудлыг л хөндөж байв. Төрийн ордонтой хаяа залган оршдог Байгалийн түүхийн музейн байранд музейн барилгыг нураах, шинэ музей байгуулах асуудлаар мэдээлэл хийсэн юм. Засгийн газраас зүгээс Байгалийн түүхийн музейн суурин дээр нь Чингис хааны өв соёлын хүрээлэнг байгуулах шийдвэр гарсан талаар тус музейн захирал Д.Зоригтбаатар тэргүүтэй холбогдох хүмүүс өчигдөр /2019.09.30/ мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг нураах болсон шалтгааныг өнөөх л улиг болсон “Ашиглалтын шаардлага хангахгүй, ослын барилга гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дүгнэсэн” гэх тайлбараа тоть шиг давтаж, шинэ барилга руу л яарч буйгаа музейн захирал онцолсон билээ.

Байгалийн түүхийн музейн захирал Д.ЗОРИГТБААТАР:  

-Би энэ музейн барилгыг нураахгүй. Нураана ч гэж хэлээгүй. Төр нь шийдвэр гаргасан байхад би эсэргүүцэж чадахгүй. Би 2005 онд захирал болсноосоо хойш бүтэн сэргээн засварлалт хийлгэхээр хөөцөлдсөн ч, ашиглаж болохгүй гэх асуудал гарсан юм. Би бол бүрэн хэмжээний засвар хийх сонирхолтой байсан. Гэвч улсаас сэргээн засварлалтад хөрөнгө төсөвлөхгүй байсаар эцэст нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас акталсан шүү дээ. Музейн барилгад 2000 оноос эхлэн урсгал засварыг хийж ирсэн ч нэмэр болоогүй.

Музейн захиралын хувьд Их тэнгэрийн аманд баригдаж буй шинэ барилгаа бариулахын төлөө бүхий л чадлаараа тэмцэж бас дэмжин ажиллаж байна. Энэ бол Монгол Улсын түүхэнд сүүлийн 100 жилд баригдаагүй том бүтээн байгуулалт. Ийм том соёлын байгууллага баригдаагүй. Хувь хүний зүгээс Их тэнгэрийн аман дахь Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг барьж эхэлсний дараа л одоогийн барилгыг нураагаасай гэж бодож байна.

Засгийн газраас тавдугаар сарын 3-нд Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Их тэнгэрийн аманд барихаар болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намайг дуудуулж, 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн гэдгийг хэлсэн. Өмнө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай музейн барилгын үйл ажиллагаатай хоёр удаа өөрийн биеэр ирж танилцсан юм. Засгийн газар шийдвэр гаргасан учраас музейн шинэ барилга бариулахыг дэмжиж байгаа. Та бүхний мэдэж байгаагаар 2013 онд Байгалийн түүхийн музейн үндсэн үйл ажиллагаа зогсоход Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын гурван удаагийн дүгнэлт гарсан. Тухайн үед дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг музейд ажилласан. Хамгийн гол нь Дүйнхэржав доктор өөрийн биеэр музейд ирж ажиллаад “Барилга 1955 онд баригдсан тул ашиглаж болохгүй, ослын барилга” гэж дүгнэсэн юм. Одоогоор Төрийн өмчийн хороо барилгын бүх талыг цоожлуулсан учраас хүн оруулахгүй байгаа. Олон нийт Байгалийн түүхийн музейг уран барилга гэж ойлгодог. Ингэж бас ярьдаг юм. Энэ бол уран барилга биш. Хөдөө аж ахуйн малын агрономчдыг бэлтгэдэг дунд сургуулийн л байшин. Яах вэ дээ, барилгын нүүрэн талын таван багана орчимд уран барилгын элементүүд л орсноос өөр Улсын Драмын эрдмийн театр, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр шиг уран барилгын хэмжээнд хүрэхээргүй барилга. Музейн барилгын дотор тал ч бас нурах аюултай. Давхар бүрийн тааз нь мод учраас ялзарсан, нурахад бэлэн болчихсон. Одоогийн Байгалийн түүхийн музейд үнэ цэнэтэй гэх зүйл байхгүй шүү дээ. Байгалийн түүхийн музейг нураах шийдвэртэй холбоотойгоор  архитекторууд манай музейн гадна суулт хийгээгүй. Би амралтын өдрүүдэд ч ажилладаг. Өнгөрсөн бямба гаригт  тав, зургаан хүн музейн барилгын гадна лоозон наачихаад явсан байна билээ. Надтай өөрийн биеэр уулзаагүй. Ер нь Улаанбаатар хотод газар хөдлөлт болоход хамгийн түрүүнд нурах барилгын нэгдүгээрт нь манай музей жагсч байдаг юм шүү дээ. Бид газрыг нь зарсан гэх асуудал яригддаг. Энэ бол ташаа мэдээлэл. Газрын гэрчилгээ нь надад байна гэлээ.

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ СОЁЛЫН ӨВД БҮРТГЭГДСЭН Ч НУРААХ ҮГҮЙГ НЬ ТӨР Л МЭДНЭ

Соёлын өвийг хамгаалах үндэсний төвөөс энэ оны есдүгээр сарын 27-нд албан бичигт дурдсанаар Байгалийн түүхийн музей нь соёлын өвд хамаарсан байв. Төрөл зүйлээр нь, Барилга архитектурын дурсгал, Архитектурын дурсгал, Уран барилга гэх ангилалд хамруулсан байна.

Соёлын өвийг хамгаалах үндэсний төвийн бүртгэл мэдээллийн санд Байгалийн түүхийн музейг соёлын биет өвөөр 2015 онд бүртгэжээ. Тодруулбал, Соёлын өвийг хамгаалах үндэсний төвөөс 2015 онд түүх соёлын дурсгалт өвийг тоолох, бүртгэх улсын тооллогын үеэр 1965 оноос өмнө баригдсан түүхэн дурсгалт барилгуудыг барилга архитектурын дурсгалт барилгуудыг хамруулсны нэг нь энэ аж.  Тус музейн барилгаас гадна Улсын Дуурь, Бүжгийн эрдмийн театр, Улсын Драмын эрдмийн театр, Гадаад харилцааны яам, Засгийн газрын ордон зэрэг түүхэн дурсгалт таван барилгыг он цагийн шалгуур үзүүлэлтээр нь Соёлын биет өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгджээ. Харин соёлын биет өвд бүртгэгдсэн барилга байгууламжийг нураах нь хэр зүйтэй вэ гэх асуудлаар Соёлын өвийг хамгаалах үндэсний төвийн байр суурийг сонирхлоо.

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН БАРИЛГА НИЙСЛЭЛД ГАНЦХАН БАЙСАН БОЛ “ХАМГААЛНА”

Соёлын өвийг хамгаалах үндэсний төвийн дарга Г.ЭНХБАТ: 

-Байгалийн түүхийн музейг нураах, шинэчлэх асуудал зөвхөн одоо яригдаж буй асуудал биш. Одоогоос 10 гаруй жилийн өмнө “Энэ барилга үзэгчдэд үйлчилж болохгүй. Аялал жуулчлалын даацыг дийлэхгүй. Барилга нь чулуун болон модон хийцтэй тул газар хөдлөлтийн үед нурж унах аюултай” гэсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсныг та бүхэн мэднэ. Энэ үүднээс уг барилгын үйл ажиллагааг таван жилийн өмнө зогсоосон. Ер нь 1965 оноос өмнө баригдсан барилгууд бүгд соёлын өв гэж үзэх нэг талыг барих нь өрөөсгөл. Хуучны дурсгалт түүхэн барилгуудаасаа аль нэг хэсгийг нь авч үлдэх, ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудаас аль хэсгийг нь бүтээн байгуулалтад ашиглах вэ гэдэгт Засгийн газар, салбар яам, тухайн нийслэл аймгийн ерөнхий архитекторчдын хөгжлийн бодлогын төлөвлөлттэй уялдах ёстой. Харамсалтай нь өнөөдөр төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллаж чадахгүй байна.

Хэдийгээр Байгалийн түүхийн музейн барилга Соёлын өвд бүртгэгдсэн боловч энэ барилгыг нурааж, суурин дээр нь өөр барилга барих нь соёлын асуудал хариуцсан яам, эрх баригчдын л сонголтын асуудал. Харин Байгалийн түүхий музейн барилга нь 1965 оноос баригдсан Монгол Улсад цор ганц барилга байсан тохиолдолд энэ асуудалд өөр хандах ёстой. Гэтэл тус музейн барилгатай архитектурын хувьд ижил барилга Улаанбаатар хотод хэд байна вэ. Миний мэдэхээр уг музейтэй адил хийц загварын дөрөв, таван барилга нийслэлд бий. Тухайлбал, Хүүхдийн урлан бүтээх төв, Санхүү эдийн засгийн дээд сургууль гэх мэт. Ийм барилгуудаас алийг нь авч үлдэх вэ, алийг нь цаашид нийгмийн хөгжилд ашиглах вэ гэдэг нь хоёр талын асуудал юм. Нөгөө талаас түүхэн дурсгалт барилгуудын үндсэн дүр төрхийг алдагдуулж, шинэчлэх, нурааж байгаа нь Улаанбаатар хотын түүхэн ой санамж арилж буй асуудал олон жил яригдлаа. Нийслэлийн удирдлагууд 1920 оны Ардын хувьсгалтай холбогдох барилгуудыг хувьчилж, үндсэн төрх байдлыг нь алдагдуулсан. Консулын дэнж, Ялалтын музейн ард байрлах хувьсгалчдын байшин одоо байхгүй шүү дээ. Засгийн газрын ордны баруун талд байрлах Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийг бидний нүдэн дээр л Таванбогд компани шилэн барилга босгосон. Гэлээ ч тухайн соёлын биет өвд хамаарч буй түүхэн дурсгалт барилга нь хүний эрүүл мэнд амь насыг хохироохгүй, ийм эрсдэлгүй байх нь чухал юм. ЮНЕСКО-д ч энэ зарчмыг баримталдаг гэлээ.

МОНГОЛ УЛС ХОТ БАЙГУУЛАЛТЫНХАА ТҮҮХЭНД ХОТЫНХОО ТҮҮХЭН ӨВ БОЛСОН БҮХИЙ Л ЮМСЫГ НУРААДАГ БОЛОХ НЬ

Эрх баригчид хотын түүхэн дурсгалт барилгуудаа нурааж, буулгах, үндсэн төрхийг нь алдагдуулсаар ирсэн, өнгөрснөөс өдийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын унаган төрх хийгээд түүхэн ой санамж маш их алдагдсан гэж архитекторчид үзэж байна. Энэ ч утгаараа Байгалийн түүхийн музейг нураах биш шинэчлэн сэргээн засварлаж, үнэ цэнэтэй байдлыг нь хадгалснаар ирээдүйд бахархах түүхтэй, аялал жуулчлалын гол бүс болохыг ч үгүйсгэхгүй болохыг Монголын Архитекторуудын Эвлэлийнхэн хэлж байгаа юм. Тус эвлэлийн үзэж буйгаар Байгалийн түүхийн музейн барилгын гаднах шавар хана тааз нь л ашиглалтын буруугаас болж, ховхорч унаснаас биш долоон баллын газар хөдлөлтөд тэсвэртэй гэдгийг онцолж байна. Иймд Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нураах шийдвэрээ эргэн харж,  сэргээн засварлаж хадгалж үлдээхийг хүслээ.  Учир нь энэ барилга 1954 онд баригдсан учраас харьцангуй он залуу барилгад тооцогдох тул дахин 50 жил наслах боломжтой аж. Тухайлбал, музейн барилга хэв гажилтад ороогүй, үндсэн хийцийнх нь материал өөрчлөгдөөгүй үүний тод жишээ болох юм байна.

XX ЗУУНЫ ТҮҮХЭН СОНГОДОГ БАРИЛГУУДАА НУРААЖ, ШИНЭЧИЛЖ  БОЛОХГҮЙ

Монголын Архитекторуудын Эвлэлийн Ерөнхийлөгч, Зөвлөх архитектор Э.ХҮРЭЛБААТАР:

Монгол Улс хот байгуулалтынхаа түүхэнд хотынхоо түүхэн өв болсон бүхий л юмсыг нураадаг болох нь. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр бүхий л сүм хийдээ нураасан. Одоо Гандан, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон гурваас өөр жуулчдад нүүр талхлах юм байхгүй. Түүхэндээ 700 гаруй сүмээ нурааж, түүхэн дурсгалуудаа үгүй хийсэн шүү дээ. Гэтэл өнөөдөр XX зууны түүхэн сонгодог барилгуудаа нураана гэж дайраад байх юм. Хэн ч харсан Байгалийн түүхийн музейн барилгыг үнэхээр сонгодог түүхэн барилга гэдгийг нь мэднэ. Барилгыг анх барихад долоо, найман баллын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг нь тухайн үеийн инженерүүд тооцож, ханын зузаан, хаалга, цонхны өргөн гэх мэт барилгын бүхий л хэсгийг тооцож, барьсан учраас газар хөдлөлт болоход ямар ч асуудалгүй. Өнөөдөр барилгыг үнэ цэнэгүй болгох гэж санаатайгаар газар хөдлөлтөд тэсвэргүй гэж ярьж байна. Гэтэл долоо, найман баллын газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн нотолгоо алга.

Байгалийн түүхийн музейн барилгын багана дэлхийд хаана ч байхгүй. Зөвхөн монголд л байна. Дуурайлгаж хийгээд ч үнэ цэнийг нь хэвээр хадгалахгүй. Чанарын хувьд хэвийн, тэсвэрлэлт даахаар барилга гэж инженерүүд тооцож байгаа шүү дээ. Ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлтийн нийслэлийн мэргэжлийн хяналтын ганцхан хүн л ярьдаг. Гэтэл үүнийг нь баталгаажуулдаг газар байхгүй. Тиймээс л гадаадын экспертүүдийг урилгаар авчирч шинжилгээ хийлгэж сайн гэдгийг нь батлуулсан ч ойлгохгүй байна.

Угтаа бол тухайн үеийн нийгмийн өнгө төрхийг харуулсан барилгуудаа ад үзэж буулгах, томруулах биш түүхэн барилга гэдэг үүднээс нь харж хойч үедээ үлдээх, хадгалж хамгаалах, сэргээн засварлаж авч үлдэх ёстой. Төрөөс түүхэн дурсгалт барилгыг ашиглагчдыг хариуцлагатай болгох тал дээр анхаарах ёстой. Энэ бол үнэхээр төвөгтэй асуудал ч гэсэн дэлхий нийт зохицуулсан жишээ олон бий. Шаардлага хангахгүй байсан ч хадгалж хамгаалаад хойч үедээ түүх болгох үлдээх ёстой. Үнэхээр шаардлага хангахгүй л байгаа юм бол орчин үеийн шаардлага хангасан шинэ театр, музейгээ хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу зөв байршилд барих шаардлагатай. Хуучны түүх, он цаг харуулсан түүхэн барилгыг буулгаж дахин шинэчилснээр түүхэн болохгүй шүү дээ.

Байгалийн түүхийн музейг Азийн Архитектурын өвийн санд албан ёсоор бүртгүүлсэн учраас барилгыг буулгах эрх хэнд ч байхгүй. Байгалийн түүхийн музейн барилгын багана гэхэд л дэлхий дээр хаана ч байхгүй. Монголын алтан үеийн урчууд урлаж байлаа шүү дээ. Монголын соёл уламжлал болсон соёлын өв шүү дээ. Үүнийг дахиад хийлээ гэхэд анхны үнэ нь алдагдана. Нийт Монголын архитекторууд Байгалийн түүхийн музейг буулгах, сууринд нь Чингисийн өв соёлын хүрээлэнг байгуулахын эсрэг байр суурьтай байна. Улаанбаатар хотын түүхгүй болох нь.

Бид хотын өв нэрээр форум зохион байгуулж, мэргэжлийн түвшинд ярьж, албан ёсны зөвлөмжөө Засгийн газарт хүргүүлнэ. Олон улсын шалгуур үзүүлэлтүүдэд багтаж, хуучны түүх соёлын архитектурын дурсгал бүхий барилга гэсэн ангилалд орсон учир эрх баригчид эл барилгыг нураах тухай гаргасан шийдвэрээ эргэж харахыг хүсч байна. Улаанбаатар хотын барилга тоосго, модоор баригдсан нь гэх үг, дүгнэлт бол мэргэжлийн бус хүмүүсийн л яриа. Чойжин ламын сүм түүхий тоосгоор баригдсан атал 110 жилийн наслаад өнөөдрийг хүрч байна. Хар бухын балгас, Орхоны хөндийн хуучин тууриуд хэдэн зуун жил ч наслахаар үнэлэмжтэй тууриуд байна.

Тоосгон барилга 50 жил болоод нурдаг гэх дүрэм олон улсад ч байхгүй. Харин ч 50 жилээс дээш болж буй барилгуудаа бүртгэж, жил бүр хадгалалт хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг нь төсөвлөж, жилээс жилд тухайн барилгын үнэ цэнийг мэдрүүлдэг олон улсын арга байна шүү дээ. Үүний эсрэг зарчмыг л манай улс баримталж байна. Хуучны төвийн барилгууд Улаанбаатарын үнэ цэнэтэй ашигтай гэсэн газруудад л байрлаж буй учраас байрлалыг нь л эзлэхийн тулд ийм арга хэмжээ явуулж байна гэж хардах эрхийнхээ дагуу хардах сэтгэл төрж байна.

Түүнээс биш хуучны барилгуудыг хадгалж, хамгаалаад хойч үедээ өвлүүлж, 20 жилийн дараа үнэ цэнэтэй аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох боломжтой шүү дээ. Ойрын жишээг авахад Москва хот хуучны барилгуудаа хамгаалалтад авч, иргэддээ тодорхой тэтгэмж өгч, эзэнтэй болгож байна. Гэтэл манайх барилга нь эзэнтэй байсан ч эзэд нь төртэйгээ нийлж, орд өргөөгөө устгая буулгая гэдэг бодлого явуулж буйд эсрэг байр суурьтай байна. Ганцхан баригдах Төр засаг хуучны дурсгалт барилгууд руугаа халдаж байгаа нь үнэн.

СОЁЛЫН ӨВ БАЙЖ БОЛОХ Ч ХАМГИЙН ГОЛ НЬ ХҮНИЙ АМЬ НАСАНД АЮУЛ УЧРУУЛАХААРГҮЙ Л БАЙХ ЁСТОЙ

БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.ДАВААЦЭРЭН: 

Нэгэн цаг үед байгаад нурсан түүх дурсгалын газрыг эргүүлэн бүрэн бүтэн байдлаар нь сэргээж болдог. Гэхдээ хуучны архивын болон нотлох баримтуудыг бүрэн цуглуулсны үр дүнд зураг төсөл боловсруулж барихыг реконстракц гэж нэрлэнэ. Ийм боломж байхгүй бол бидэнд музейгээр оролдох эрх байхгүй. Яагаад гэвэл, түүх соёлын үл хөдлөх дурсгал нь тодорхой цаг хугацааны илэрхийлэл болж, хүний оюун санаанд үнэ цэнэтэй болж хадгалагддаг. Бидний оюун санаанд хуучин төрхөөрөө үлдсэн сүм дуганд гэрэлт хөшөө шинээр баривал нэг хэсэгтээ л нүдэнд дасахгүй. Энэ асуудалд маш няхуур хандаж, иж бүрэн судалгаатай байвал бидэнд музейн шинэ барилгаар оролдох боломж бүрдэнэ. Гэхдээ Байгалийн түүхийн музейн талаар хүн бүр өөр байр суурийг илэрхийлэх байх. Энэ асуудлыг нэг өнцгөөс харж болохгүй. Эцсийн дүнд хүний амь настай л холбоотой. Музейн тусгаарлах хана туургууд нь модон хийц. Ердөө л шавардчихсан. Давхар хоорондыг тусгаарлах дээвэр нь мод юм. Бид музейг нураалгүй сэргээн засварлавал буулгаж, дахин шинээр барьсантай дүйцэх хэмжээний зардал гарна. Хоёрдугаарт, байгалийн түүхийн музейн хана барилгыг нураалгүй бэхжүүлэлт хийлээ гэхэд цаашид хэчнээн жил барилгыг тогтоон барих вэ, аюулгүй байдлыг нь бүрэн хангах уу, эцсийн дүнд нь хүний амь нас эрүүл мэнд аюулгүй байдлыг хангаж чадах уу гэдэг асуудлыг бодох хэрэгтэй. Байгалийн түүхийн музейн барилгын суурь нь хөрсний устай ойрхон байдаг. Суурийн давхар нь дэлхий нийтэд мөрдөгддөг стандарт шаардлагыг хангахгүй, чулуун суурьтай барилга учраас музейг хуучнаар нь үлдээх боломжгүй. Бид бусдын амь насыг хохироох, эрүүл мэндэд хохирол учруулах эрхгүй. Товчхондоо, бидний мэргэжлийн бодол санаа бусдын амь насаар хэмжигдэнэ. Хамгийн гол нь тухайн барилга байгууламж нь соёлын өв байж болох ч хүний амь насанд аюул учруулахааргүй л байх ёстой.

ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН МУЗЕЙТЭЙ БОЛОХ ЁСТОЙ

Байгалийн түүхийн музейн ахмад зүтгэлтэн Д.БАТДОРЖ:  

-Манай улсад музейн зориулалттай байр их цөөхөн. Өнөөдөр олон улсын жишигт нийцсэн музейтэй болох зайлшгүй шаардлага манай улсад бий. Тиймээс би энэ байшинг өргөтгөж, шинэ музей барих асуудалд санал нэг байгаа юм. Яагаад гэвэл манай музейд барилгын чанарын асуудал маш хүнд. Музейн барилга модон конструкцтай. 1971 онд гэхэд барилгын дээврийг нь хөрөөдөж, хулгай орж байсан түүхтэй шүү дээ. Аль ч орны музейг үзэхэд зориулалтын музей байдаг шүү дээ. Би 1983 оноос хойш музейгээр дагнаж ажилласан. Олон музейд интерьерийн зураг хийж байлаа. Би интерьер дизайн мэргэжилтэй. Энэ чиглэлд зайлшгүй шаардлагатай архитектурын бөх бат байдал, фонд бусад эрдэм шинжилгээний ажилтнууд, үзмэрийн хадгалалт хамгаалалт зайлшгүй чухал. Фонд музейн 75 хувийг эзэлдэг учраас энэ барилгыг өөрчилж байгуулахад санал нэг байна. 1950 хэдэн онд баригдсан барилгууд одоо ч монголд байгаа. Гэхдээ манай музейн барилгын суурийн даацын хучилт нь мод тул ялзарч мэднэ. Тоосго, шавар нь унаж байна. Энэ барилгыг нураахад хэсэг бүлэг хүмүүс яагаад цааргалж буйг ойлгохгүй байна. Шинээр барилга барих ёстой гэлээ.

БАЛДАН АРХИТЕКТУРЫН ТӨСЛӨӨР БИДНИЙ БАГ ОЛОН ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙНА

Байгалийн түүхийн музейг буулгаснаар суурин дээр нь есөн давхар бүхий Чингисийн өв соёлын хүрээлэнг байгуулах юм. Харин ийнхүү хуучин барилгын суурин дээр шинэ музейг барих асуудал нь хэр оновчтой болох талаар тодрууллаа.

Чингисийн өв соёлын хүрээлэнгийн захирал архитектор М.БАТБАЯР:

– Архитектур бол орон зайн урлаг. Тухайн орон зайд ямар үзэгдэх харагдах орчинтой байх вэ, тухайн бүтээгдэж буй он цаг явцад уран барилгын ямар чиглэлийг авч хэрэгжүүлж байв гэдэг чиглэлээр явагддаг. Энэ барилгын тухайд Балдан архитектурын төслөөр бидний баг олон жил ажиллаж байгааг хэлье. Нийт үзмэрийн танхим, сан хөмрөгийн танхим олон улсын стандарттай. Музейн барилга байгууламжийн 20 хүртэлх хувийг сан хөмрөг болгохоор төлөвлөсөн. Монгол Улсад анх удаа музейн зориулалттай сүүлийн үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан барилгатай болж байна гэж ойлгох хэрэгтэй. Шинэ музей барих тухай өнөөдөр яригдаж буй асуудал биш. 2013 онд энэ барилгын шийдвэр гарсан. Нэгдүгээрт Байгалийн түүхийн музейг ашиглаж болохгүй гэсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан. Иймд Засгийн газрын 2019 оны 142 дугаар тогтоолоор Чингис хааны өв соёлын хүрээлэнг байгуулсан. Энэхүү хүрээлэнд XIII зууны түүхтэй холбоотой судлалыг дагнан судлах, Чингис хааны музейг байгуулах явцад арга зүйн удирдлагаар хангах зорилготой дагнан судалж буй анх удаа Монгол Улсад байгуулагдаж байгаа юм. 2019 оны есдүгээр сарын 9-ны өдрөөс миний бие энэхүү хүрээлэнгийн захиралаар томилогдсон. Чингис хааны музей бол 70х40 хэмжээтэй, есөн давхар бүхий хамгийн сүүлийн үеийн стандартын барилга баригдна. Энэ барилгад Монголын их бага 37 хааны үзмэр байрлана. Үзмэрийн дэглэлтийг тодорхойлох ажлын хэсэг ч гарсан гэлээ.

МЕТАЛЛ ТӨМӨР ХИЙЦ БҮХИЙ БАРИЛГА 100-ГААС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ

Үндэсний их баяр наадмын өмнө баталсан Засгийн газрын тогтоолын дагуу одоогийн Байгалийн түүхийн музейн актлагдсан барилгын суурин дээр Чингис хааны өв соёлын хүрээлэнг байгуулахаар төлөвлөөд буй. Харин Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд байгуулахаар зураг төсөл, макетыг нь гаргасан байгаа юм. Энэхүү шинэ музей нь 74 мянган метр кб буюу одоогийн байгалийн түүхийн музейн эзэмшиж байгаа газраас 75 дахин том газарт баригдаж буй 250 машины зогсоол бүхий 39 мянган м/кб талбайтай барилга юм.

Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Сүхбаатарын талбайгаас 1800 орчим метр зайтай газар Маршалын гүүр даваад 50 кмийн зайд барьж байгаа аж. Газарт урт нь 140 м, өргөн нь 56 м барилгын суурь тавьж, рамыг нь угсарсан байгаа юм. Одоогоор барилгын зургийн тендер зарлаж,  Хатанбаатар гэх компани шалгарч, компани зургаа зуржээ.

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨНДГИЙГ ОНЦОЛЖ, ДЭЭВРИЙГ НЬ БҮТЭЭСЭН

Байгалийн түүхийн музейн шинэ барилгын ахлах  Архитектор Д.ОЮУНТУНГАЛАГ: 

-Их тэнгэрийн аманд баригдсан металл карказад өгөдсний дагуу конструкц хийх замаар тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж, Байгалийн түүхий музей болгох ажил хийгдэж байна. Байгалийн түүхийн музейн шаардлагын дагуу тухайн шаардагдах музейн м/кб, танхимуудад үндэслэн, нийт 39 мянган мк/б  талбайтай барилгыг үндэслэж, зураг төслийг нь боловсруулан макетыг нь хийсэн. Шинэ музейн барилгын насжилтыг ямар хийц, бүтэцтэй хийгдсэн бэ гэдгээр нь шаардлагыг нь тодорхойлдог. Монгол Улсад төмөр болон металл карказан барилга дунджаар 100-гаас дээш жилийн насжилттай. Барилгын үндсэн концепц нь үлэг гүрвэлийн гурван өндөгний хэлбэртэй оройг дүрсэлсэн. Байгалийн түүхийн музей үндсэн гол үзүүлэнгийн танхим палеонтологийн хэсэг гэж бид тооцож байгаа юм. Үүгээр гадаад, дотоодын жуулчдыг татна гэж үзэж байна.  Хэдийгээр шинэ барилга байгууламж баригдаж буй ч тухайн барилга байгууламжийг маш сайн судалж үзэх хэрэгтэй. Үндсэн шийдлүүд, анхны төлөвлөсөн төлөвлөлтүүдийг нь авч үлдэх нь зөв зүйтэй гэж хувьдаа үздэг. Мэдээж зарим хэсгийг нь шинэчлэх, тодорхой хэмжээгээр өөрчлөлт хийх нь зүйтэй. Байгалийн түүхийн музейг архитектурын салбарын анхдагчдын хийсэн зураг төслөөр тухайн үед үнэхээр гайхалтай барилгууд барьсан ч материалын хувьд одоогоор арчилгаа дутагдсан, хоёрдугаарт, барилгын чанарын шаардлага хангаагүйгээс он цагийн эрхээр өгөршил, эвдрэлд орсон байх магадлалтай. Ашиглах боломжтойг нь сэргээн засварлах хэрэгтэй гэж боддог гэлээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж