Тамхичдын дунд хорт хавдар улам залуужиж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Тамхичдын дунд хорт хавдар улам залуужиж байна

Тамхичдын дунд хорт хавдар улам залуужиж байна

Сүүлийн үед залуус хор багатай, зөөлөн гэх нэрийдлээр гаатай тамхи их татах болжээ. Энэ нь бусад тамхинаас хор багатай эсэхийг Хавдар судлалын үндэсний төвийн Толгой, хүзүүний мэс заслын тасгийн их эмч Д.Мөнхцэцэгээс тодрууллаа.


-Гаатай тамхи бусад тамхинаас хор багатай юу?

-Электрон болон гаатай, энгийн аль ч тамхины үйлчилгээ адил. Яагаад гэвэл бүгдэд нь никотин, бензол, метан болон бусад хортой бодис агуулагдаж байдаг. Тамхи хорт хавдар хоёр шууд хамааралтай. Та хэдий чинээ олон жил тамхи татна, өдөрт  хэдий чинээ олон ширхэг тамхи татна, төдий чинээ хавдар тусах магадлал ихэснэ гэсэн үг.

Тамхи нь сорох, зажлах, үнэрлэх /дам тамхидалт/ зэрэг гурван хэлбэрээр хүний биед орж байгаа мансууруулах, донтуулах нөлөөтэй хорт бодис. Тамхинд агуулагдаж байгаа 4000 төрлийн бодис нь амьсгалын замын болон зүрх судасны зэрэг маш олон өвчний үндэс болж байдаг. Тэр дундаа амны хөндийн хавдар, төвөнх, уушиг, улаан хоолой, нойр булчирхай зэрэг олон эрхтэний хавдар үүсгэдэг болох нь нотлогдсон.

Хэр олон давтамжаар, хэр урт хугацаанд тамхи татна тэр хэрээр хорт хавдар үүсэх магадлал ихэснэ. Би энэ эмнэлэгт 27 дахь жилдээ ажиллаж байна. Тамхи татаад 30-40 болон түүнээс дээш жилийн дараа хавдар тусах нь элбэг байсан бол одоо түүнээс ч богино хугацаанд үүсдэг болжээ. Өнгөрсөн жил 20 жил тамхи татсан гэх 40 настай эрэгтэй төвөнхний хорт хавдраар оношлогдсон. Тамхи таван нас, архи арван нас хороодог гэдэг байсан бол одоо тамхи татдаггүй хүнтэй харьцуулахад тамхи татдаг эрэгтэйчүүд 13.2 жил, эмэгтэйчүүд 14.5 жилээр бага насалж байна.

-Толгой, хүзүүний тасагт жилд хэчнээн хүн эмчлүүлж байна вэ? Үүний хэдэн хувь нь тамхинаас үүдэлтэй байна вэ?

-Би 1993 оноос Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байна. Тухайн үед амбулаторид толгой хүзүүний кабинетад жилд 2000-2200 хүн үзүүлдэг байсан. Үүний 40-50 нь толгой, хүзүүний байрлалын хорт хавдартай гэж оношлогддог байсан. Гэтэл одоо жилд 8000-9000 хүн амбулаториор үйлчлүүлж, 80-90 хүнд манай байрлалын хорт хавдар оношлогдож байна. Төвөнхийн хорт хавдартай өвчтөнүүдийн 90 хувь нь, уушгины хавдартай 10 хүн тутмын ес нь, толгой, хүзүүний хавдартай өвчтөнүүдийн 75 хувь нь архаг тамхичид байна.

-Бусад оронд тамхинаас үүдэлтэй хавдар хэр байдаг вэ? Үүнийг багасгахын тулд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Энэтхэг, Тайланд, Шриланк зэрэг Азийн орнуудад тамхинаас үүдэлтэй амны хөндийн хавдар нийт хавдрын 50 хувийг эзэлдэг. Энэ нь тухайн оронд зажилдаг тамхи их хэрэглэдэгтэй холбоотой. Зажилдаг тамхи хэрэглэснээс хойш 5-20 жилийн дараа хорт хавдар үүсдэг.

Харин манайд элэг, ходоод, уушиг, умайн хүзүү, улаан хоолой, хөхний  хавдрын дараа эрэгтэй хүйсэнд толгой хүзүүний байрлалын хавдар ордог. Гэхдээ аль ч өвчлөлд тамхи нөлөөлж байгааг мартаж болохгүй. Тиймээс тамхины хор хөнөөлийг маш сайн ойлгох хэрэгтэй санагддаг.

Тамхи татдаг хүн амны хөндийдөө зовиур илрэх, яр шарх гарах, уруул, хэл, буйлны өнгө, дууны өнгө өөрчлөгдөх зэргээр хавдрын урьдал байх үед нь эмчид үзүүлэх шаардлагатай. Эдгээр нь тухайн хүндээ ямар нэг зовиур өгөлгүй олон жилээр явж болох ч 10-15 жилийн дараа хавдар руу шилжиж болдог.  Тиймээс жилд нэг удаа эмчид үзүүлээд байхад хавдраас урьдчилан сэргийлж чадна.

-Тамхины хор хөнөөлийг мэддэг, өөрт нь мэдрэгдээд эхэлсэн ч яаж гарахаа мэдэхгүй байгаа хүнд та зөвлөгөө өгөхгүй юу?

-Ямар нэг арга хэрэглэж тамхинаас гарвал заавал эргэж ордог гэсэн судалгаа байдаг. Иймд үнэхээр миний болон гэр бүлийн хүмүүсийн минь эрүүл мэндэд хэрэгтэй гэж ухамсарлаад сэтгэлээрээ гарвал эргэж тамхинд оролгүйгээр гардаг гэж үздэг. Түүнээс гадна эдийн засгийн  асар их хохиролтойг ойлгомоор юм, монголчууд минь. Нэг хайрцаг тамхийг дунджаар 3000 төгрөг гэж тооцвол долоо хоногт 21 мянган төгрөг, сард 90 мянга, жилд нэг сая төгрөг зарцуулна. Та 40 жил тамхи татвал 40 сая төгрөг зөвхөн тамхинд зарцуулагдаж байна гэсэн үг. Энэ мөнгийг хүүхдийнхээ хэрэгтэй зүйлд зарцуулж болох байтал 40 жилийн дараа та хорт хавдар гэгч өвчнийг 40 сая төгрөгөөр буюу маш өндөр үнээр худалдаж авч байна гэж тооцох хэрэгтэй. Нэгэнт хорт хавдраар өвчилсөн тохиолдолд эмчлэхэд ямар их мөнгө зарцуулахыг таамаглаж байгаа байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж