"Дэд бүтэц, технологийн бэлэн байдал бүрэн хангагдсан" | News.MN

"Дэд бүтэц, технологийн бэлэн байдал бүрэн хангагдсан"

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

"Дэд бүтэц, технологийн бэлэн байдал бүрэн хангагдсан"

"Дэд бүтэц, технологийн бэлэн байдал бүрэн хангагдсан"

Дижитал хөгжлөөр тэргүүлэгчдийн 13 дахь жилдээ зохион байгуулж буй “ ICT EXPO 2019 үзэсгэлэн өнгөрсөн долоо хоногт олны хүртээл болж, амжилттай өндөрлөсөн. Энэ жилийн ”Дижитал хөгжилд хамтдаа” форумыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/, Мэдээлэл Холбооны операторуудын ассоциаци хамтран зохион байгуулсан байна.

-Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн хувьд мэдээлэл холбооны салбарт томоохон үйлчилгээ үзүүлдэг тоглогчдын нэгдэл бөгөөд байгуулагдаад нэг жил болж байгаа аж. Ингээд тус ассоциацийн Гүйцэтгэх захирал У.Тамиртай ярилцсанаа хүргэе.


-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнгө төрхийг тодорхойлогч “ICT-Expo-2019” үзэсгэлэн есдүгээр сарын 27-ноос 29-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Салбарынхны хувьд энэ жил эрх зүйн шинэчлэл хийгдсэн цаг үед энэхүү үзэсгэлэн, форум болсон гэж дуулсан. Хоёулаа энэ талаар яриагаа эхлүүлэх үү?        

-Бид өмнө нь “ICT-Expo”-гоороо зах зээлд шинээр бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, үзэсгэлэн хэлбэрээр зохион байгуулдаг байсан. Өнгөрсөн жилээс эхлэн илүү өргөжүүлж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил, дэвшлийг бүх нийтийн хүртээл болгох, нийгэм, эдийн засгийн бусад салбарын хөгжлийг хурдасгахад хэрхэн үр ашигтай ашиглах вэ, хэрхэн хамтран ажиллаж, зөв оновчтой гарц, шийдлийг олох вэ гэх мэт асуудлаар бодлого боловсруулагчид, төр, хувийн хэвшлийн байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд хэлэлцдэг форум зохион байгуулах санаачлагыг манай ассоциацийн зүгээс гаргасан юм. Энэ жил “Дижитал хөгжилд хамтдаа” форумыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/, Мэдээлэл Холбооны ассоциаци хамтран зохион байгууллаа.

Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн тавдугаар сард УИХ баталж салбарын хувьд эрх зүйн шинэчлэл хийгдсэн. Бид форумаараа хуулийн шинэ зохицуулалтын талаар танилцуулсан.

Энэ шинэ зохицуулалтаар нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх асуудлыг нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр хангах, түүнчлэн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн уялдаа, холбоог хангах бүрэн эрхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт олгосон. Дижитал шилжилтэд тэргүүлж буй улс орнуудын төрөөс баримталсан бодлого, туршлагаас харахад оролцогч бүх талуудын уялдаа холбоог хангах нэгдсэн удирдлагатай байх, бодлогын үе шат болгонд хэрэгжилтийн үнэлгээг хийж байх нь ихээхэн чухал байдаг байна. Тиймээс форумд оролцогчид нэгэнт бүтээн байгуулсан дэд бүтэц, нэвтрүүлсэн дэвшилтэт технологийн давуу талыг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хэрхэн үр дүнтэй ашиглах вэ, салбар бүрийн цахим шилжилтийг хэрхэн уялдуулах вэ зэрэг асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэж, нэгдсэн ойлголт, шийдэлд хүрэх хамтын ажиллагаа, манлайлал чухал гэдэгт санал нэгтэй байсан.

Өнөөдөр бараг хүн болгон л хиймэл оюун ухаан, үүлэн технологи, юмсын интернет, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэх зэрэг дэлхий нийтэд нэвтэрч байгаа дижитал хувьслуудын талаар ярьдаг болсон байна. Тиймээс манай салбар үүрэн холбоо, интернетийн үйлчилгээ зэрэг уламжлалт үйлчилгээг иргэдэд үзүүлэхээс гадна нийгмийн бусад салбарт дээрх хувьслуудыг хэрэгжүүлэхэд нь үйлчилгээ үзүүлэх боломжтой. Ингэснээр салбарын үйлчилгээний хамрах хүрээ улам өргөжин тэлнэ гэсэн үг.

-Монгол Улсын хувьд нийгмийн салбарууд дижитал шилжилтийг хийхэд бэлэн болов уу?

-Өнөөдөр дэлхийн улс орон болгон харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил дэвшил нь нийгэм, эдийн засгийн бүх салбарт үр ашиг, тогтвортой хөгжлийг авчирна гэж үзэж, дижитал шилжилтийг хэрэгжүүлэх зорилтуудыг тавьж байна. Монгол Улс ч энэ жишгээр дижитал шилжилтийн бодлогоо тодорхойлон УИХ-аас Цахим бодлогын түр хороо байгууллаа. Засгийн газрын түвшинд ч Цахим засаглалын үндэсний хөтөлбөр баталлаа. Эхний ээлжинд төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Манай ассоциацийн гишүүд нь салбарынхаа хөгжлийг дэлхийн нийтийн чиг хандлагад нийцүүлж, хамгийн сүүлийн үеийн технологи, үйлчилгээг нэвтрүүлсээр байна. Өөрөөр хэлбэл манай салбар дижитал шилжилтийг хийх мэдээлэл харилцаа холбооны дэд бүтэц, сүлжээ, технологийг дийлэнхидээ хувийн хэвшлийнхэндээ тулгуурлан бэлэн болгочихсон.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас Английн Оксфордын их сургуулийн дэргэдэх Технологийн хөгжлийн комисс болон Аксесс Сольюшнс ХХК нар хамтран хэрэгжүүлж бүхий “Цахим Эрин дэхь Монгол Улс (Mongolia in the Digital Age)” төслийн хүрээнд Монгол Улсын дижитал чадавхийн судалгааг саяхан хийсэн байна. Тэр судалгаагаар Монгол Улс дэд бүтэц, технологийн бэлэн байдал бүрэн хангагдсан гэсэн дүгнэлт гарсныг форумд танилцуулсан.

Энэ нь бидний нэвтрүүлсэн шилэн кабелийн сүлжээний болон үүрэн холбооны 3G, 4G технологи нь иргэд хүссэн цахим үйлчилгээг хүлээн авах боломжийг бүрдүүлээд байна гэсэн үг юм. Тиймээс  энэ бэлэн болсон чадавхиа бусад салбарт хэрхэн ашиглуулах вэ гэдэг асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, нэгдсэн ойлголт, шийдэлд хүрэх нь Монгол Улсад дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлэх үндэс болох юм.

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацид хичнээн гишүүн компани нэгдээд байна вэ? Ассоциацийнхаа талаар товч танилцуулах уу?

-Манай ассоциаци үндсэн долоон гишүүнтэй. Тэдгээр нь үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел компани болон Монголын цахилгаан холбоо зэрэг оператор компаниуд, Монгол Улсын хэмжээнд шилэн кабелийн сүлжээ байгуулаад ажиллаж буй Мэдээлэл Холбооны Сүлжээ, Мобиком нетворкс, Скайнетворкс зэрэг компаниуд юм.

Өнөөдөр бид Монгол Улсын хэмжээнд нийтдээ 40 мянга гаруй км шилэн кабелийн сүлжээг байгуулж, 310 сумыг холбосны зэрэгцээ бүх сум суурин газарт үүрэн холбооны 3G, 4G станцуудыг суурилуулжээ. Мөн 280 мянган өрх, 2400 гаруй албан байгууллага, давхардсан тоогоор 4.3 сая хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэж байна. Бид дэд бүтэц, шинэ технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд зөвхөн 2018 онд гэхэд л нийтдээ 163 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Ассоциаци байгуулсаны гол зорилго бол Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийг хангахад мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайллыг үзүүлж тоон боломжийг өсгөн нэмэгдүүлэх, түүнчлэн бусад салбарын хөгжил, өсөлтийг дэмжих чиглэлээр үр ашигтай хамтын ажиллагааг бий болгоход гишүүн бүрийнхээ бодитой хувь нэмрийг татан оруулах юм. Бид эв нэгдэл, нэгдмэл бодлого, нэгдсэн байр суурь, хамтын шийдвэрийг эрхэмлэдэг.

Тус ассоциацийн гишүүн оператор компаниуд мэдээлэл, харилцаа холбооны зах зээлд томоохон тоглогчдын хувьд салбарын хөгжлийг дэлхийн нийтийн чиг хандлагад нийцүүлэн цогцлооход түүчээлэхийн зэрэгцээ төрийн дижитал бодлогыг дэмжин хэрэгжилтийг нь манлайлан ажиллахад зорьж байгаа болно.

-Хотын барилга бүр дээр кабелийн антен байрласан харагддаг. Зарим иргэдийн хувьд эдгээр антен нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэсэн ойлголттой байдаг. Та бүхэнд иргэдийн санал гомдол хэр ирдэг бол?

-Бидэнд байгуулсан дэд бүтэц, сүлжээгээ хамгаалах асуудал байнга тулгардаг. Жишээлбэл, замын бүтээн байгуулалтын ажлыг хийхэд “замын трасст орсон шилэн кабелиа холдуул” гэдэг асуудал тавигддаг. Дарханы болон Налайхын замыг шинэчлэх асуудлын хүрээнд ч ийм асуудал тавигдсан. Бидний зүгээс тэр шилэн кабелийг зөөж, шилжүүлнэ. Мөн газар шорооны ажил хийж байгаа хүмүүс кабель таслах асуудал олон гардаг. Тэр болгонд бид сүлжээний тасралтгүй байдлаа хангаж, дийлэнхдээ өөрсдийн хөрөнгөөр түргэн шуурхай засдаг. Нөгөө талдаа иргэдийн дунд антенууд эрүүл мэндэд хортой гэсэн түгээмэл ташаа ойлголт тархсантай холбоотойгоор антениа шилжүүл гэх санал гомдол хэлэх нь бий. Гэтэл өнөөдрийн байдлаар хүний биед шууд утгаар нөлөөлж, хортой гэдэг нь нотлогдоогүй гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын олон тооны судалгааны дүн харуулдаг.

Өмнөх үеийн буюу аналог төхөөрөмжүүд чадал ихээр цацруулдаг асуудал байсан. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд бага чадал зарцуулдаг, үйлдвэрлэхдээ цахилгаан соронзон цацаргалтын стандарт хэмжээг барьдаг болсон. Ялангуяа хүмүүсийн дунд ташаа ойлголт төрүүлээд байгаа байшин барилга дээрх антены төхөөрөмжүүд гэхэд л гар утаснаас 1000 дахин бага чадал цацруулдаг. Энэ буруу ойлголт нийгэмд давалгаалж иргэд “Байшингийн дээвэр дээрээс антенаа нүүлгэ” гэдэг асуудлыг байнга тавьдаг.

Бааз станцуудын үүсгэх үүрүүд нь сүлжээнд ямар нэгэн “зай” үлдээхгүйгээр зохион байгуулагдах ёстой байдаг. Хэрэглэгчдэд тасралтгүй, чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд “цоорхойгүй” буюу шаардлагатай хамрах хүрээг үүсгэж байхаар тооцоолон бааз станцын байршил, антенны байрлалыг сонгодог. Хүн ам сийрэг газарт бол хол зайнд, хүн ам шигүү болох тусам бааз станцуудын зай ойртдог. Хот суурин газарт 200-300 метр тутамд бааз станц байрлуулдаг.

Гэтэл энд байгаа нэг станцыг зөөхөөр тэр хоосон зайнд сүлжээний тасралт үүснэ. Хүмүүс зөвхөн тэр антеныг холдуулаад л болоо гэж ойлгодог. Гэтэл тухайн бааз станцыг шилжүүлснээр сүлжээний хоосон зайг нөхөхийн тулд магадгүй тэр орчимд дахиад хоёрыг ч байрлуулах шаардлагатай болж болдог. Энэ нь бидэнд тооцоолоогүй чирэгдэл учирч, ашиглалт үйлчилгээний зардлыг өсгөдөг гэх мэт хүндрэлүүд үүсгэдэг. Гэтэл дата хэрэглээ өсөхийн хэрээр утасгүй холбооны үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэхийн тулд бааз станцууд болон антенн, цамхагуудыг ойр ойрхон суурилуулж, босгох хэрэгцээ тасралтгүй нэмэгдэж байна.

-Хоёулаа форумаар яригдсан зүйл рүүгээ дахиад шилжье. Дижитал шилжилтийг хийхэд нэн тэргүүнд юуг анхаарах хэрэгтэй болоод байна вэ?

-Энгийн үгээр хэлбэл дижитал шилжилтийг хэрэгжүүлэхэд тухайн салбарын хувьд цахимд шилжүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаагаа тодорхойлох, салбар дотроо болон салбар хооронд солилцох өгөгдлүүд болон түүнчлэн нээлттэй болгох мэдээллүүдээ зөв тодорхойлж, өгөгдлийн сан үүсгэх асуудал нэн тэргүүнд тавигдана. Дараа нь өгөгдлийн санг хаана хадгалах, бусад салбарын өгөгдлийн сантай хэрхэн холбох, өгөгдөл солилцох, мэдээлэл өгөх ажиллагааг хэрхэн зохион байгуулах, аюулгүй байдлыг нь хэрхэн хангах талаар шийдэл гаргах ёстой болно. Хүлээж байгаа үр ашгийг хүртэхийн тулд давхардсан хөрөнгө оруулалтаас зайлсхийх, нөөц, хүчээ зөв хуваарилах шаардлагатай. Энэ зорилтыг хангахад мэдээлэл, харилцаа холбооны салбарын нэгэнт бий болгосон дэд бүтэц, технологийн боломжийг ашиглах нь илүү үр дүнтэй болно гэж харагдаад байгаа юм.

Ийм жишээг нэлээд дурьдаж болно. Жишээлбэл, төрийн цахим үйлчилгээг операторын горимд шилжүүлэхэд Мэдээлэл холбооны сүлжээ, Монгол шуудан, Монголын цахилгаан холбоо компаниудын бэлэн дэд бүтэцэд түшиглэн сумын холбооны салбараар операторын үүргийг гүйцэтгүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Бас нэг жишээ тухайн байгуулагын цахим сүлжээг зөвхөн шилэн кабелийн сүлжээ төдийгүй 3G ба 4G технологийг ашиглан зохион байгуулах бүрэн боломжтой. Тухайлбал Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас газрын бүртгэлтэй холбоотой иргэдэд үзүүлэх үйлчилгээг Юнителийн 4G технологи ашиглан 2018 оны нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулж байна. Мөн замын цагдаа нар жолоочийн мэдээллийн сантай холбогдож ажилладаг терминалууд, ТҮЦ машинууд зэрэг иргэдэд үйлчилдэг үйлчилгээг Скайтелын 3G, 4G технологийг ашиглаж байна.

– Эрүүл мэнд, боловсролын гээд манай улсын бусад салбарт цахим үйлчилгээ нэвтрүүлэхээр тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ үйл явц та бүхний ярьж байгаа зүйлтэй хэрхэн уялдаж байна вэ?

Салбар бүрийн бодлого тодорхойлогчид, яамд цахимжуулалтыг дор бүрнээ хийх гээд нилээд их хөрөнгө, мөнгө зарцуулж байх шиг байна. Тухайн үедээ төсөл хэрэгжүүлэх баг үүсгээд тодорхой ажлуудыг хийдэг ч төрийн байгууллагын халаа сэлгээ, ажилтнууд нь тэр бүр тогтвортой байдаггүйгээс нэг удаад хийсэн ажил нь дараа нь өөрчлөгдөх, бүрэн дуусгахгүй байх, эсвэл үр дүнгүй байх гэх мэт асуудлууд гараад байх шиг. Тухайн салбарын ажилтнуудаас гадна технологийн шийдлийг гаргадаг мэдээллийн технологийн мэргэжлийн ажилтнууд байнгын ажиллагаатайгаар төслийг үргэлжлүүлэн системийн найдвартай ажиллагааг хангах, сайжруулах, өргөтгөх  шаардлагатай байдаг. Гэтэл тэр үедээ нэг төсөл хэрэгжүүлээд мэргэжлийн хүмүүсийг ажиллуулдаг ч дараагийн энэ үйл ажиллагааг нь аваад явах хүн байхгүйгээс үр дүн гарахгүй болж, эхнээс нь давтах болдог ч гэх юмуу. Өөрөөр хэлбэл эдгээр төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулах, нэг стандартаар хангах, цахим шилжилтийг хийх бүрэн зураглалыг гаргах нэгдсэн удирдлага дутагдаад байх шиг. Тиймээс дээр дурьдсан Харилцаа холбооны тухай хуулийн шинэхэн зохицуулалтын хүрээнд салбар бүрд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангаж, нэгдсэн бодлогоор зангидах асуудал шийдэгдэнэ байх гэж найдаж байна.

Дэд бүтэц, техник технологийн шийдлийг салбар бүр гаргах гэж оролдохгүй, мэргэжлийн хүмүүст нь даатгаж, иргэдэд ямар үйлчилгээгээ цахимаар хүргэх, ямар мэдээллээр хангах ёстой гэдэгт хүч нөөцөө зарцуулбал илүү үр дүнтэй, хөрөнгө мөнгө ч хэмнэлттэй байх боломж харагдаж байна.

Нэг жишээ хэлье л дээ. Монголын Цахилгаан Холбоо компани “Цахим сум” төслийг хэрэгжүүлж, 257 сумын ЗДТГ, 344 сумын сургууль, 260 сумын цэцэрлэг, 247 сумын эмнэлэг, 130 сумын цагдаагийн байгууллага, 95 сумын соёлын төвийг шилэн кабелийн сүлжээнд холбосон, үргэлжлүүлэн ашиглалт, засвар үйлчилгээг нь хариуцаж байна. Цаашид төрийн цахим үйлчилгээний эрэлт хэрэгцээний дагуу тухайн сүлжээний багтаамжийг нь өргөтгөөд явах боломжтой, энэ тохиолдолд улсын төсвөөр хийгдэх төрийн байгууллага, яамдын дэд бүтцийн төслийг давхцуулахгүйгээр төрийн байгууллагууд зөвхөн төгсгөлийн төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах ажлыг хийгээд явахад хөрөнгө оруулалтын үр ашгийг бий болгож чадна. Энэ тохиолдолд цахим үйлчилгээний ашиглалтын урсгал зардлыг төрийн байгууллагуудын төсөвт нэмэгдүүлж тусгахад хангалттай.

Зөвхөн төрийн үйлчилгээнд төдийгүй бизнесийн байгууллагуудад ч дижитал шилжилт хэрэгжиж байгаа, бизнесийн байгуулагад хэрхэн нэвтрүүлж байгаа бол?

– Яг энэ сэдэв форумын нэг панел хэлэлцүүлэг байсан. Панел хэлэлцүүлэгт оролцогчид:

“Дижитал шилжилт хэрэгжүүлсний үр дүнд том өөрчлөлт авчирна. Ямар ч бизнест шинэ боломжуудыг бий болгоно. Дижитал шилжилт нь бизнесийн үйл ажиллагаагаа технологижуулах ажиллагаанаас эхэлж, энэ нь бизнесийн загварыг нь өөрчилнө. Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд ажилтнуудын хандлага өөрчлөгдөнө, үүнийг удирдлага манлайлах нь амжилт авчирна. Өөрөөр хэлбэл технологийн шинэ үеийн байгууллагын соёл бий болно.” хэмээн танилцуулсан.

Тэд олон улсын сонирхолтой жишээнүүдийг дурьдсан. Тухайлбал бизнесийн байгууллагууд дижитал шилжилтийг хэрэгжүүлэхдээ хамгийн түрүүнд стратегиа өөрчлөхөөс эхэлж байна. Өнгөрсөн 2018 он гэхэд глобал 200 компанийн 67 хувь нь дижитал дэвшлийг бизнесийнхээ стратегийн гол цөм болгоод байна. Жишээлбэл, “Uber”, “Netflix”, “Amazon”, “PayPal” зэрэг шинэхэн компаниудаас эхлээд “American airline”, “Mercedes Benz”, “General electric””, JP Morgan Chase”, “Boeing”, “Walt Disney” зэрэг компаниуд дижиталчлалыг стратегийнхаа гол чиглэл болгосон байна. Салбарын хувьд технологийн салбараас гадна сонин, сэтгүүл, ном, хөгжим, видео, жижиглэн худалдааны салбар дижитал шилжилтийг аль хэдийнэ хэрэгжүүлж эхлээд байна. Банк, санхүү, телеком, тээвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар, төрийн үйлчилгээнд дижитал шилжилт эрчимжиж байна.

Тиймээс бид ч гэсэн технологийн салбарын хувьд бусад салбарын дижиталчлалд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ өөрсдөө ч дижитал шилжилтийг манлайлахыг зорьж, хэрэгжүүлж байгаа туршлагаасаа хуваалцлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-01 103.212.119.121

Bolovsruulah uildverguigeer hiimel oyunii hogjild hurehgui

Avatar

Зочин 2019-10-01 66.181.191.182

Yu kutsaad bgaan software hugjil yarij bhad yuun uuldver

Avatar

Зочин 2019-10-01 66.181.161.3

Сүлжээ харгалзахгүй дугаараа ашиглах боломж хэзээ вэ?

Avatar

Зочин 2019-10-01 66.181.191.182

Dugaar shiljih miljih ene holboond yamar hamaatai yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж