"З.Энхболд дарга миний асуултад хариулчихвал тэгээд л болох юм"

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

"З.Энхболд дарга миний асуултад хариулчихвал тэгээд л болох юм"

"З.Энхболд дарга миний асуултад хариулчихвал тэгээд л болох юм"

1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн, эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.


-Сүүлийн үед та юу хийж байна. Ингэж асуухын учир нь таныг ажил хийж амьдраач гэж нэг компанийн захирал шүүмжилсэн?

-Би ч уг нь ажил хийгээд л амьдарч байгаа. Улсаас нэг ч төгрөгийн ажил авч байсангүй, төрийн өмчит компанид ч ажиллаж байсангүй. “Гложекс Консалтинг” ХХК-иа 2008 онд үүсгэн байгуулснаас хойш улсад таван тэрбум орчим төгрөгийн татвар төлсөн байдаг юм. Одоо бид 150 гаруй ажилтантай, геологи, хайгуул, нөөцийн үнэлгээний зөвлөх үйлчилгээний компанийг Австралийн болон Канадын стандартаар олон улсын хөрөнгө оруулалт, техникийн зөвлөх үйлчилгээг үзүүлж ажилладаг. Хоёр дахь чиглэл маань улсдаа хөрөнгө оруулалт татах. Зүүн Азийн бүс нутагт нэлээд нэр хүндтэй болсон “Coal Mongolia” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгуулж ирснийг мэдэх байх. Уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжилтэй. Австрали, Азийн уул уурхайн металлургийн институтийн гишүүн. 125 жилийн түүхтэй энэхүү холбооны гишүүн болно гэдэг асар том сорилт байдаг. Би 15 жил тасралтгүй ажиллаж байж тэнцэж, энэ байгууллагын гишүүн болсон. Ингэснээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон уул уурхайн төслүүдийн тайланг нэр хүндээрээ итгэмжилж, Торонто болон Хонконгийн хөрөнгийн биржүүд дээр мөнгө босгох тайланг манай монгол инженер залуус хийдэг юм. Манайд ажилладаг гадаад инженер гэж байхгүй. Бид Австрали, Канадуудын хийдэг байсан ажлыг хийдэг болсон. Гадаад инженерүүдийг Монголын зах зээлээс шахаж чадаж байгаа ийм л компани. Тэгэхээр намайг ажил хий гээд заагаад байх шаардлага байхгүй болов уу.

-Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын "Coal Mongolia” чуулган бол Л.Наранбаатар гэдэг хүний нэрийн хуудас гэж хэлж болохоор. Гэтэл энэ жилээс яагаад “Монгол нүүрс ассоциаци”-д шилжүүлчхэв?

-2011 оноос хойш бид найман жилийн турш энэ чуулганыг хувийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулж, нуруун дээрээ үүрч ирсэн. Нүүрсний салбарын өсөлт, уналтын үе ч байсан. Засгийн газраас нэг ч төгрөг авдаггүй. Харин ч Засгийн газрын төлөөллийг урьж оролцуулж, бодлогоо танилцуулахыг урьдаг ийм хурал. Найман жилийн үйл ажиллагаанд нэр хүндтэй хурал болсон байна. Зөвхөн Монголын биш Азийн нүүрсний салбарын том чуулган болсон. Жилдээ 3000 орчим хүн оролцдог. Зөвхөн чуулганы үйл ажиллагаанд оролцсон гадаадын зочид, төлөөлөгчдийн Улаанбаатарт үлдээж буй үйлчилгээний мөнгө багадаа тэрбум төгрөгийн ашиг өгдөг. Салбар өсч, дараагийн шатанд гарах ёстой. Нэг компани, хувийн хэвшил өөрөө зардал гаргаад, ивээн тэтгэгч болон хуралд оролцохын тулд мөнгө төлж буй хүмүүсийн төлбөрөөр өнөөдрийг хүртэл нуруун дээрээ үүрээд аваад ирсэн. Цаашид “Монголын нүүрс ассоциаци”-д шилжүүлэх нь салбарын, Монголын эрх ашиг юм байна гэж харсан. Тэгээд бид тэднийд хүсэлт тавьсан. Чуулганыг цааш нь аваад яв. Одоо мөнгө олдог чуулган болчихсон. Олсон мөнгөө харин нүүрсний салбарын бодлогын судалгаанд зарцуул, энэ салбарыг хөгжүүлэхэд зарцуулаарай. Хэрэв олсон ашиг орлогоо зарцуулж чадахгүй бол бид чуулганаа буцаагаад авч болно шүү гэсэн нөхцөлтэйгөөр өгсөн. Найман жилийн хөдөлмөртөө сэтгэл хангалуун байгаа. Цаашид “Монголын нүүрс ассоциаци” чуулганыг нэр төртэй аваад явна гэдэгт итгэл дүүрэн байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байгалийн баялаг төрийн нийтийн өмч байна гэж томьёолохоор болсон нь хэр оновчтой заалт вэ?

-Одоогийн Үндсэн хууль болон органик хуулиудад байгалийн баялгийн ашиглалтын талаар хангалттай томьёолчихсон. Өөр өөрчлөлт хэрэггүй. Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялаг ард түмний өмч байна” гээд маш тодорхой заачихсан. Энэ заалт хэвээрээ үлдээсэй л гэж би хүсч байна. Өнөөдөр төрийн өмчит компаниуд ард түмний өмч бус улстөрчдийн өмч болж хувирсан. Тэнд очсон дарга, цэрэг нь бүгд 200, 570 машинтай болдог цаашлаад том хауст амьдардаг, барилгын бизнестэй хүртэл болж байна. Цөөн хэдэн улстөрчийн баяжиж, хөлждөг өмч болж хувирсан гэсэн үг. Бодит байдал ийм байхад байгалийн баялаг ард түмний өмч байна гэсэн одоогийн заалтаараа байсан нь дээр. Ард түмний мэдэлд 100 хувь байгаа байгалийн баялгийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 51  хувь нь л чинийх шүү гэсэн өөрчлөлт хийх гэж байгаа нь маш буруу.

-Сүүлийн үед Засгийн газар хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж байгаа. Хариуцлагагүй компаниудаас болж хариуцлагатай компаниуд нь буруутгагддаг нийтлэг зураг харагддаг. Ямар үйл ажиллагаа явуулж байвал хариуцлагатай гэж дүгнэх ёстой юм бол?

-Хариуцлагатай уул уурхайг ярихын тулд хариуцлагагүй уул уурхайн тодорхойлолтыг хэлэх нь зөв болов уу. Учир нь, нийгэмд хариуцлагагүй гэдэг ойлголт илүүтэй бий болсон. Татвараа төлдөггүй, олборлолтоо техникийн зураг төслийн дагуу явуулдаггүй, нөхөн сэргээдэггүй, ажилчдынхаа цалин хөлсийг өгдөггүй, тухайн орон нутгаас худалдан авалт хийдэггүй, орон нутгийн иргэдийг дэмждэггүй бол хариуцлагагүй уул уурхай. Үүний эсрэг нь мэдээж хариуцлагатай уул уурхай. Ихэнхдээ Хөрөнгийн биржид бүртгэлтэй, засаглал нь зөв, олон нийтийн хөрөнгө оруулалттай буюу олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг компаниуд нийгмийн хариуцлага илүү өндөртэй ажилладаг. Тэдний сайн туршлагыг Засгийн газар таниулан сурталчилж, хөхиүлэн дэмждэг байх хэрэгтэй. Энэ нь бусдадаа зөв үлгэр дуурайлал болно. “Эко Алтан Заамар” бол хариуцлагагүй уул уурхайн хамгийн тод жишээ.

-Та салбараа коксын үйлдвэртэй болохыг дэмждэг биз дээ?

Мэдээж, дэмжилгүй яахав. Нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Би коксын үйлдвэрийг дэмжинэ, коксжих нүүрс баяжуулж гаргахыг дэмжинэ. Зөв уул уурхайг дэмжинэ. Харин нууцлагдмал, ил тод бус, хөрөнгө оруулагч нь үл мэдэгдэх, улстөрчдийн нөлөө орсон байж магадгүй, ялангуяа 1072 хувьцаа эзэмшигчидтэй холбоотой эрх ашиг нь хөндөгдсөн асуудалд би шүүмжлэлтэй хандана.

 -Сүүлийн үед та “Страто” гэх компанитай дайн зарлаад байгаа харагдах юм. Тухайн компанийн удирдлагын зүгээс таныг үндэслэлгүй зүйл ярьж байна гэсэн тайлбарыг өгсөн. Та үнэхээр үнэн бодитой зүйл ярив уу, эсвэл гүтгэсэн юм уу?

-Би тэр компанитай огт дайн зарлаагүй. Би уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжилтэй. Энэ салбарын төлөө, Монгол Улсад баяжуулах үйлдвэр, нүүрсний салбарын дараагийн хөгжлийг авчрах зорилготой яваа хүн. Би “Страто” компанийн захирлыг нь ч мэдэхгүй. Төслийнх нь талаар ерөнхий ойлголттой. Би иргэн хүнийхээ хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гуайгаас нэг асуулт асуусан. Тэр асуултынхаа хариултыг л авъя гэсэн юм. З.Энхболд дарга миний асуусан асуултад хариулчихвал тэгээд л болох юм. Тэгэхгүй ажил хийж яваа залуучуудаа урдаа бариад хэрүүл хийж байгаа мэт хандлага үзүүлж байгаа нь хачирхалтай байна. Бас өөрөө яагаад үүнд хариулт өгөхгүй байна вэ гэдэг нь сонин. Хариулт өгөхгүй байгаа нь энэ компанитай холбоотой гэх хардлагыг улам илүү төрүүлж байгаа.

-1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо гээд явж байсан хүн гэнэт тус компанийг шүүмжлээд байгаа нь сонин байна л даа?

-Та бүхэн намайг 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг холбооны тэргүүн гэдгийг мэднэ. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдэд очих ногдол ашигтай холбоотой асуудал манай холбооны анхаарлын төвд байдаг. Зүүнбаянгийн төмөр замыг 1072 хувьцаа эзэмшигчдээс асуухгүйгээр Засгийн газар хүчээр шийдээд тухайн төмөр зам руу 800 тэрбум төгрөг оруулахаар болчихсон. Өөрөөр хэлбэл, бидний ногдол ашгийг биднээс асуухгүйгээр аваад төмөр зам руу шилжүүлчихсэн. Гэтэл  "Страто” компани нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын оффист байрладаг нь хардлага төрүүлсэн учраас би шүүмжилсэн. Ийм л зүйл.

-ЕТГ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД ӨӨРӨӨ Л ХАРИУЛАХГҮЙ, ШҮҮХ ЦАГДАА БОЛООД БАЙГАА НЬ ХАРДЛАГА ТӨРҮҮЛЖ БАЙНА-

-Тэгэхээр  З.Энхболдын дүүгийнх нь оффист "Страто” компани  үйл ажиллагаа явуулж байгаа нь таны  хардлагыг төрүүлсэн гэж ойлголоо?

-“Coal Mongolia” чуулганы үеэр надаас нэг сэтгүүлч асуусан. З.Энхболдтой дандаа яагаад асуудал үүсгээд байдаг юм бэ гэж. З.Энхболддоо асуудлын гол нь биш. Энэ хүн төрийн өндөр албан тушаал хашиж байна. УИХ-ын дарга байсан хүн. Тавантолгойн ногдол ашгаас ард түмэнд хүртээхийн төлөө ажиллаж байгаа гэж ярьдаг хүн шүү дээ. Тэгсэн хэр нь ярьж байгаагийнхаа эсрэг зүйл хийгээд байдаг. "Угтаа “Эрдэнэс Тавантолгой” компанид баяжуулах үйлдвэр огт хэрэггүй. Төмөр зам барих ч хэрэггүй. Авто замаа барьчих юм бол илүү олон ажлын байр бий болно” гэж ярьдаг "З.Энхболдын төрсөн дүү нь яагаад Страто компанийн оффист ажиллаад сууж байдаг юм бэ, тэр Страто компанийн нүүрс баяжуулах үйлдвэр руу бидний Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгаар баригдаж буй Зүүн Баянгийн төмөр зам чиглэж байна" гэдэг асуултыг би Монгол Улсын иргэнийхээ хувьд мөн 1072 хувьцаа эзэмшигчийнхээ хувьд твиттер хуудсаараа дамжуулан З.Энхболд гуайгаас асуусан. З.Энхболд дарга иргэний твиттерээрээ асуусан асуултад хариулчихгүй цагдаад хандаад, хэвлэл мэдээллийн кампанит пиар ажил явуулаад байгаа нь сэжиг бүхий байна. Хариулахгүй байх тусам “Эрдэнэс Тавантолгой” компанийн маань ашиг “Страто” компаниар “угаагдаад” байгаа юм биш биз дээ гэх хардлага олон нийтийн дунд бий болж байна.

-Та цагдаад очиж мэдүүлэг өгсөн гэсэн үү?

-Тийм ээ. Цагдаагийн газраас Зөрчлийн хэрэг үүсгэн хавтаст хэрэг нээгээд намайг байцаан шалгаж байгаа. Намайг шалгаж байгаа н.Ганболд гэж хурандаа “Яагаад дарга нартай холбоотой асуулт асуугаад байгаа юм бэ. Танд Зөрчлийн хэрэг үүсгэн шалгана” гэж хэлсэн. Би дуудсан цагт нь очиж мэдүүлгүүдийг нь өгч байгаа. Уг нь бол иргэний асуултад З.Энхболд дарга “Би хамааралгүй” гээд хэлчих амархан даа. Цагдаа шүүхэд хандаад байх шаардлагагүй гэж бодож байна. Хэрвээ Монголын хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэн бүгд З.Энхболд гуайгаас ингэж асуух юм бол бүгд цагдаад дуудагдаж, байцаагдах юм уу, тэгж л ойлгогдохоор байна.

-Та “Страто” компанийг ТЭЗҮ-гүй үйлдвэр барьсан гэж гүтгээд байгаа юм биш үү. ТЭЗҮ-гээ батлуулж, бүх зөвшөөрөл, бүх шаардагдах материалыг бүрдүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдгийг компанийн захирал нь хэлж байгаа?

-Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэс баялгийн мэргэжилтнүүдийн зөвлөлөөр батлуулахаар ТЭЗҮ-ээ 2018 оны арваннэгдүгээр сард хүсэлт өгсөн байна. Үүнээс 1-2 сарын дараа ТЭЗҮ-г нь хүлээж авах тушаал гардаг. Тэгэхээр хугацааны хувьд 2019 оны нэгдүгээр сар орчимд үйлдвэр барих албан зөвшөөрөл нь гарах учиртай. Энэ зөвшөөрлийн дараа байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гэж гардаг. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гарах хүртэлх процесс мөн 3-5 сар үргэлжилдэг. Үүний дараа орон нутгийн иргэдийн зөвшөөрөл, дэд бүтэц барьж байгуулах зөвшөөрөл гээд нийт 38-40 төрлийн зөвшөөрөл авдаг. Дахиад ТЭЗҮ гарснаас хойш дор хаяж жилийн дараа барилга байгууламжийн ажлаа эхлэх процесс явагддаг юм. Тэгэхээр жирийн үйлдвэрлэл, уурхай эрхлэгч компанийн хувьд барилга байгууламж барих зөвшөөрлөө авахын тулд хоёр жилийн хугацаа зарцуулдаг. Харин энэ компанийн хувьд түрүүлээд барилга нь баригдаад хойноос нь ТЭЗҮ нь нөхөгдөөд батлагдчихсан байна. Цаг хугацааны хувьд ингэж харагдаж байна. Би үүнийг нь л хэлсэн. Тэгэхээр энэ компанид том ар тал байна. Магадгүй өнөөдөр миний асуултад хариулахгүй байгаа З.Энхболд дарга юм уу, хэн юм бэ гэдэг асуудал. Үүнд л хариулт авмаар байна. Энэ зөвхөн миний хүсээд байгаа асуулт биш хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэний хүсээд байгаа асуулт юм. Яагаад гэвэл ногдол ашиг 800 тэрбум төгрөгийг биднээс асуухгүйгээр тэр үйлдвэр рүү чиглүүлж, төмөр зам бариад байна шүү дээ. Тийм учраас асуух л ёстой асуултын нэг.

Мөн иргэд хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компаниас асар их хэмжээний нүүрс тоос шороо татуулан тээвэрлэж тэнд байгаль орчин сүйтгэж байна гэдэг гомдлыг орон нутгийн иргэд нь хэлж байгаа. Хоёрдугаарт, “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой” компанид нүүрсийг нь угааж өгнө гэдэг байдлаар ТЭЗҮ-ээ хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нүүрс угаасан үйлчилгээнээсээ орлого олно гэсэн үг. Түүнээс биш нүүрсний худалдаа хийж орлого олох ТЭЗҮ батлуулаагүй. Гэтэл бодит байдалд “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой” компаниас нүүрс худалдан авч баяжуулаад цааш нь борлуулдаг гэж захирал нь хүртэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Хууран мэхлэх замаар ТЭЗҮ-гээ боловсруулж зөвшөөрөл авсан гэсэн үг.  “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой”-гоос нэг тонн нүүрсийг 79.2 ам.доллараар худалдаж авдаг гэсэн атлаа гэрээгээ үзүүлээгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Страто” компанитай хийсэн борлуулалтын гэрээ нь ил байх ёстой. Гэтэл өнөөдөр хаалттай байгаа учраас мэдэх боломжгүй байгаа юм. Гэрээгээ ил болго гэж хүссэн.

-Таныг эдийн засагч нэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийг шантаачилж мөнгө олох санаатай нөхөр гэх юм. Үүнд та юу хэлэх вэ?

-Тэмцлийн хэлбэрийг сааруулах нэг арга зам нь зөвхөн Л.Наранбаатар гэдэг хүн рүү хар пиарын үйл ажиллагаагаа чиглүүлж байна. З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хүн. Бараг л нууц "ерөнхийлөгч" гэж яригддаг. Тэгэхээр энэ хүн шүүх болон прокурор, цагдаа нарыг томилоход хамгийн өндөр оролцоотой, магадгүй гардан гүйцэтгэгч байхыг үгүйсгэхгүй.

Хууль, хүчний байгууллага мөн эдийн засгийн асар том бүлэглэлтэй тэмцэхэд үнэндээ ганцаардаж байна.

-Та ЕТГ-ын дарга З.Энхболдод нэлээд өс санасан юм шиг. Та хоёр нэг намынх байсан биз дээ?

-Би З.Энхболдод ямар ч өс санаагүй. Бодлогын хувьд бол шүүмжлэлтэй зүйлүүд байсан. Би Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга байлаа. Тухайн үед З.Энхболд даргын “Шонхор” фракцад бид хоёр цуг байсан. Би салбарын судлаач хүний хувьд энэ салбарт үүсч болох эрсдэл, эдийн засгийн зөв механизм, арга замуудыг хэрэгжүүлэх л зорилго “өвөртөлж” явсан. 2015 оны үед нүүрс, зэсийн үнэ уначихсан, бондын өр дээд цэгтээ тулчихсан. Монгол Улс санхүүгийн хувьд дампуурал зарлах аюултай нөхцөл байдал үүсчихсэн байлаа. Олон зуун байгууллага хаалгаа хааж, уурхайчин залуус, түүнийг дагасан туслан гүйцэтгэгч компанийн нөхдүүд ажилгүй болж байсан ийм үе. Асуудлыг эдийн засгийн зөв арга зам, механизмаар шийдэхийг олон удаа зөвлөж байсан ч мань хүн хүлээж аваагүй. Үндсэндээ УИХ-ын дарга хүний чих нь тагларч, нүд нь бөглөрчихсөн байсан.

Би тагларсан, бөглөрсөн нүд чихийг нь нээхийн тулд тэр жилийн эдийн засгийн форумын хаалтын үгийг хэлж байсан З.Энхболд дарга руу оймсоо шидэж, "эдийн засгийн алуурчин" хэмээн цоллосныг санаж байгаа байх. Эдийн засгаа аврах юм хий, улс орон чинь өрөнд орчхоод байна гэдэг санааг өгөх гэж хийсэн үйлдэл. Үүнд З.Энхболд дарга магадгүй өс санасан байх. Ер нь их зуумтгай хүн л гэж ярьдаг юм билээ. Хууль хүчний байгууллагуудаас надад дарамт ирсээр байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж