Монгол Улс энх цагийн тайван орон. Элдэв, буудалцаан, мөргөлдөөн, зэвсэгт тэмцэлдээн байхгүй нь азтай. Гэвч улс орноо батлан хамгаалах үүрэгтэй цэрэг эрс, эрэлхэг дайчид нь энх цагт амь эрсэдсээр байна. Сүүлийн үед батлан хамгаалах салбараас бараан мэдээ тасрахаа болилоо. 2019 оны эхний есөн сарын байдлаар энх цагт цэргийн албанд мордсон ч цаг бусаар эр цэрэг болох мөрөөдлөө тээсээр тэнгэрт одсон цэргийн тоо зургаа боллоо.
Тухайлбал,
- 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг өглөөний гүйлтэндээ гүйж байгаад унаж, ухаан орохгүй байсаар амь насаа алдав.
- Нэгдүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг 50 ширхэг сумтай “Ака” маркийн буутай, ОХУ-ын хил даван оргож, ОХУ-ын Тувагаас нас барсан байдалтай олдсон.
- Гуравдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г ангийнхаа элс ачсан “Зил-130” машинд дайруулж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач машины дугуйнд ивээс хийж байх үед машин гэнэт хөдөлж, дайруулан амиа алдав.
- Тавдугаар сарын 14-ны өдөр Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд татагдан очоод 14 хоносон 18 настай залуу “дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор тавдугаар сарын 14-ны өдөр яаралтай хагалгаанд орсон.
- Тавдугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А адуунд явна хэмээн цэргийн ангиас гарч сураггүй болсноос хойш хоёр өдрийн дараа цогцсыг нь олов.
- Зургадугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангид харуулд гарч байсан 19 настай байлдагч Б буудуулсан байж болзошгүй хэрэг гарав. Бууны сум байлдагчийн цээжний баруун хэсгээр нэвт гарсан бөгөөд шархадсан байлдагчийг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж бие нь сайжирсан юм.
- Зургадугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч Б жижигхэн бутнаас өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс гаднын нөлөөтэй хэмээн үзэж буй.
- Хамгийн сүүлд есдүгээр сарын 18-нд Дорнод аймгийн Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж байх явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөс болж Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Н чиргүүлтэй машин дээрээс унаж амь насаа алджээ.
Монгол Улсын иргэн 18 нас хүрээд цэрэгт явах үүрэгтэй. Ийнхүү үүргээ биелүүлэхээр цэргийн албанд мордсон залуусын зарим нь өнөөдөр эгнээндээ алга. Санаатай болон санамсаргүйгээр цэрэг яагаад амиа алдах болов гэдэгт төр, салбар яам нь анхаарлаа хандуулах цаг болсныг удаа дараа сануулсан ч өнөөдөр энэ мэт таагүй мэдээ тасрахгүй байна. Цэрэг ажил хийж болно. Гэхдээ ажил хийх явцдаа хөдөлмөрийн аюулгүйн байдал зөрчигдсөнөөс амь насаа алдах тохиолдол үргэлжилсээр байж таарахгүй. Өнгөрсөн гуравдугаар сард Зэвсэгт хүчний 310 дугаар ангид гарсан осол мөн л хөдөлмөр аюулгүйн байдал зөрчигдсөн байдаг.
Энэ мэт хар бараан мэдээллээс болон эцэг эхчүүд цэргийн албанд үр хүүхдээ бахархалтайгаар бус айдас түгшүүртэйгээр үдэж байна. Тэд хөвгүүдээ эх орондоо даатгаж чадахааргүй болтлоо Монгол Улсын зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар доройтлоо гэж үү.
Энэ бүхнээс үзэхэд, зэвсэгт хүчинд үнэ цэнээ алдсан, хуулийн хариуцлага бүдгэрсэн нэг л асуудал байгаа нь цэргийн амь нас, түүнд холбогдох хариуцлагын асуудал. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан осол аваар болгон дээр ямар нэг хариуцлага яригддаггүйг энд онцлох ёстой. Яригдсан байлаа гэхэд аль нэг албан тушаалтныг ажлаас нь шилжүүлээд өнгөрнө. Ихэнхдээ эх орноо хамгаалж байсан хэдэн бор цэргийн толгой дээр бүх ял нь буудаг жамтай.
Өнөөдөр л гэхэд Зэвсэгт хүчний жанжин штабын /ЗХЖШ/ даргын суудал эзгүй байна. Өмнөх хэргүүд гарах үед ч ЗХЖШ даргагүй байсан. Чиг үүргээрээ хилийн цэрэг Хууль зүй, Дотоод хэргийн яаманд харьяалагддаг учраас цэрэг амиа алдсан асуудалд Батлан хамгаалах яам болон Хууль зүй дотоод хэргийн сайд нарт аль алинд нь хамааралтай.
Гэтэл энэ салбарт хариуцлагагүйн тогтолцоо хавтгайрч, эрдэнэт хүний амь эрсэддэг байдал энгийн үзэгдэл болох шинжтэй.Өргөсөн тангарагтаа үнэнч байсныхаа төлөө хорвоог орхисон баатарлаг эрсийн хойноос гашуудсан хүмүүсийн нулимс өнөөдөр ч хатаагүй байна. Энх цагт эх орноо хамгаалахаар явсан цэрэг эрс зуурдаар амиа алдсаар л байх уу…
Э.БУРАМ
Холбоотой мэдээ