Иран АНУ-аас нөхөн төлбөр шаардав

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Иран АНУ-аас нөхөн төлбөр шаардав

Иран АНУ-аас нөхөн төлбөр шаардав

Хориг арга хэмжээний улмаас учирсан хохиролд Иран АНУ-аас 50 тэрбум ам.долларын нөхөн төлбөр шаардсан байна. Энэ тухай тус улсын Дээд удирдагчийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резайны мэдээлснээс иш татан “ISNA” уламжилжээ.

Вашингтон “Исламын улс” алан хядагчдын бүлэглэлтэй цөмийн хэлэлцээ хийх боломж олж авахын тулд ийм хэмжээний мөнгө төлөх ёстой гэж Тегеран үзсэн байна.

Резаи “Бидэнд нөхцөл байдлаас гарахын тулд нэгдсэн төлөвлөгөө хэрэгтэй. АНУ хориг арга хэмжээ авах замаар Ираны худалдааны харилцаа холбоог таслахыг оролдож байна” гэж хэлжээ.

Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлэх үеэрээ Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлаагүй тохиолдолд АНУ-тай хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдсэн билээ.

Тэрбээр “Ираны эсрэг хориг арга хэмжээ хэрэгжиж байгаа үед бид хэлэлцээ хийхээс татгалзах бөгөөд хэлэлцээ өрнүүлэх цорын ганц боломж нь АНУ 2015 оны цөмийн гэрээнд эргэн нэгдэх юм” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны Ерөнхийлөгчтэй уулзах боломжийг үгүйсгээгүй ч Рухани эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Өнгөрсөн сарын сүүлээр Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр хэлэхдээ, Ираны гаргаж буй үйлдэл олон улсын эдийн засаг, эрчим хүчний тогтвортой байдалд аюул учруулж байгаа учир олон улсын хамтын нийгэмлэг Иранд шахалт үзүүлэх хэрэгтэй хэмээн мэдэгдсэн юм.

Мөн тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс үг хэлэхдээ, есдүгээр сарын 14-нд Саудын Арабын “Saudi Aramco” компанийн газрын тосны байгууламжуудад гарсан халдлагын талаар дурдаад, “Энэ түрэмгийллийн цаана хэн байгааг бид сайн мэднэ” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Адель аль-Жубейр "Гэмт хэрэгтэн хэн болохыг хэлэхийг НҮБ болон олон улсын нийгэмлэгт уриалж байна. Энэ бол өнгөрсөн 6, 7 дугаар сард Оманы буланд газрын тос тээвэрлэгч хоёр хөлөг онгоцонд үйлдсэн халдлагын цаана байсан улс юм. Саяхан болсон халдлага бол олон улсын хамтын нийгэмлэгийн зоригийг шалгасан явдал” хэмээн хэлжээ. Улмаар тэрбээр Ираны дэглэмийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг уриалсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын 20-ны баасан гаригт Ираны Үндэсний банкинд хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр Цагаан ордонд Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисонтой уулзах үеэрээ сэтгүүлчдэд "Өмнө нь Иранд ногдуулж байсан хоригуудаас энэ хамгийн чухал арга хэмжээ" гэж хэлсэн билээ.

АНУ-ын Сангийн яамнаас гаргасан хэвлэлийн мэдээнд тэмдэглэснээр, АНУ-ын эрх баригчид Ираны Төв банк, Үндэсний хөгжлийн сан, “Etemad Tejarate Pars Co” компанид хориг арга хэмжээ авсан байна.

Өнгөрсөн есдүгээр сарын 14-нд шилжих шөнө Саудын Арабын газрын тос боловсруулах үйлдвэрт халдлага болсны улмаас дэлхийн хамгийн том нефть экспортлогч компанийн үйлдвэрлэл үлэмж хэмжээгээр буурч, нефтийн үнэ өссөн. АНУ, Саудын Араб энэ хэрэгт Ираныг буруутгасан ч Тегеран эрс эсэргүүцсэн билээ.

Эх сурвалж: GUARDIAN, TASS, ISNA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж