Эхний өдөр манай тамирчид дөрвөн алттай

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Эхний өдөр манай тамирчид дөрвөн алттай

Монгол улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Чингис хаан-2010 дэлхийн цом”-ын тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэлж, эрэгтэйчүүдийн 60, 66, 73, харин эмэгтэйчүүдийн 48, 52, 57 болон 63 кг-ын жингийн барилдаан болсноос манай жүдочид нутгийнхаа дэвжээнд илүүрхэж, эхний өдрийн барилдаанаас дөрвөн алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль хүртлээ. Мөн манай дөрвөн тамирчин шагналт тавдугаар байрт, дөрвөн тамирчин долдугаар байрт шалгарсан юм.

Эрэгтэй 60 кг:

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн ангилалд нийт 15 жүдоч өрсөлдсөнөөс залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг аваргын алтан медалийн төлөө олимпийн гурван удаагийн аварга домогт Тадахиро Номураг ялснаар аваргын цом хүртсэн юм. Тэрбээр хэсгийн барилдаанд Вьетнам, Япон болон нутаг нэгт тамирчин Д.Амартүвшин нарыг ялж, аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Харин түүнтэй үзүүр, түрүү булаалдсан Японы жүдоч Номура дэлхийн шилдэг тамирчин бөгөөд гурван олимпийн наадамд түрүүлэхдээ 1996 оны Атлантагийн олимпод Д.Нармандахыг, дараа нь, 2000 онд Афин хотноо Х.Цагаанбаатарыг ялж байсан түүхтэй. Түүнийг өмнө нь Монгол жүдоч ялж байгаагүй ч энэ удаад Д.Төмөрхүлэг нутгийнхаа дэвжээнд домогт тамирчныг буулган авч, аваргын алтан медаль энгэртээ зүүсэн юм.

Мөн энэ жинд Д.Амартүвшин БНАСАУ-ын бөх Ким Кён-жинийг ялснаар хүрэл медаль хүртсэн бол Ч.Болдбаатар тавдугаарт, О.Чинбат долдугаар байрт шалгарсан байна.

Медальтнууд:

Алт: Д.Төмөрхүлэг /Монгол/
Мөнгө: Тадахиро Номура /Япон/
Хүрэл: Д.Амартүвшин /Монгол/
Хүрэл: Такеши Мацүки /Япон/

Эрэгтэй 66 кг:

Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа аваргын төлөө өрсөлдсөн энэ жингийн барилдаанууд хамгийн сонирхолтой нь байлаа. 14 жүдоч дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс дэлхийн аварга Х.Цагаанбаатар А хэсгийг, Б.Хишигбаяр В хэсгийг харин С хэсгийг С.Мияарагчаа манлайлснаар хагас шигшээ барилдаанд манай гурван бөх шалгарсан юм. Харин А.Батсуурийн тухайд эхний барилдаандаа ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.

Улмаар хагас шигшээ барилдаанд Х.Цагаанбаатар нутгийн бөх Б.Хишигбаярыг юүко үнэлгээгээр ялсан бол С.Мияарагчаа БНСУ-ын тамирчин Ань Жон-хуаныг цэвэр ялснаар аваргын төлөө Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар өрсөлдсөн юм. Харин шийдвэрлэх тулаанд Х.Цагаанбаатар ваза-ари үнэлгээгээр ялалт байгуулснаар аваргын алтан медаль хүртлээ.

Медальтнууд:

Алт: Х.Цагаанбаатар
Мөнгө: С.Мияарагчаа
Хүрэл: Б.Хишигбаяр
Хүрэл: Шого Маэно /Япон/

Эрэгтэй 73 кг:

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 17 бөх өрсөлдөж, манай гурван тамирчин медалийн тавцанд гарсан. Г.Пүрэвдорж В хэсэгт сугалаа таарч, өрсөлдөгдөө ээлж дараалан буулган авснаар хэсгийн аварга болж, улмаар хагас шигшээ барилдаанд Казахстаны бөхийг, харин аваргын төлөөх барилдаанд АНУ-ын жүдоч Майкл Элдредийг ялснаар алтан медаль хүртжээ. Харин С.Ням-Очир, Г.Одбаяр нар хүрэл медалийн эзэд болсон юм.

Медальтнууд:

Алт: Г.Пүрэвдорж /Монгол/
Мөнгө: Майкл Элдред /АНУ/
Хүрэл: Г.Одбаяр /Монгол/
Хүрэл: С.Ням-Очир /Монгол/

Мөн өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 48, 52, 57 болон 63 кг-ын жингийн барилдаанаас 48 кг-д хүч сорьсон Б.Бат-Эрдэнэ хүрэл, 52 кг-д М.Бундмаа мөнгө, 57 кг-д Т.Баттөгс хүрэл, харин 63 кг-д Ц.Мөнхзаяа аваргын алтан медаль хүртсэн юм. Түүнчлэн өчигдрийн барилдаанаас Ч.Болдбаатар /60 кг/, М.Уранцэцэг /48 кг/, Б.Солонго /52 кг/, С.Энхзаяа /63 кг/ нар шагналт тавдугаар байрт, мөн О.Чинбат /60 кг/, Э.Номин /48 кг/, Т.Мөнгөнтуяа /57 кг/, М.Нямжаргал /63 кг/ нар долдугаар байрт тус тус бичигджээ.

Харин өнөөдөр буюу тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100 болон +100 кг, эмэгтэйчүүдийн 70 -78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

Өнөөдрийн барилдаанд зодоглох манай тамирчид:

Эрэгтэй:

81 кг:
Д.Нямхүү, Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, Р.Анхбаатар
90 кг: Б.Жанчивдорж, Э.Энхбат, Х.Мөнхбаяр, П.Батмөнх
-100 кг: Б.Бат-Орших, Б.Тэмүүлэн, Э.Тулга, Н.Түвшинбаяр
+100 кг: А.Давааням, Б.Төгөлдөр, Б.Сугаржаргал, Х.Мөнхбаатар

Эмэгтэй:

70 кг: Э.Аззаяа, О.Мөнхцэцэг, Ц.Наранжаргал, Т.Баасанжав
-78 кг: М.Сугар, Н.Нямтуяа, П.Лхамдэгд, Я.Дулмаа
+78 кг: Б.Мөнхтуяа, Б.Уянга, Д.Цэрэнханд, О.Жавзмаа

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж