Тан гүрний гүнжийн Лхас хүрсэн түүх | News.MN

Тан гүрний гүнжийн Лхас хүрсэн түүх

Тан гүрний гүнжийн Лхас хүрсэн түүх

Тан гүрний гүнжийн Лхас хүрсэн түүх

Түвдэд хоёр дахь удаагаа хөл тавина гэдэг анх удаа очихтой ижилгүй. Оюу цэнхэр тэнгэр, үүл хөшиглөсөн уулс, үлгэр домгийн Потала, Их Зуугийн зээлийн гудамж, өнө эртийг сэтгэлд амилуулах эргэлчин мөргөлчид, нэгдсэн бодлогоор бүтээн босгохын гайхамшиг гээд нүдний өмнө эрээлжлэх тод юмс одоо нэгэнт танил дүр төрхүүд. Харин “Вэнчан гүнж” лазер шоуны сүр хүч, өнгө аялгуу бол мөддөө сэтгэлээс гарахгүй нь.

Лхас хотын төвөөс өмнө зүгийг зорин хөдөлсөн унаа нэгэн уртаа гүүрэн дээгүүр сүнгэнүүлэв. Татаад сунгачихсан мэт урт гэхээс ойр холын үзэгдэл нь манай Их Монгол гүүрийг гатлахуйг санагдуулна. Гүүр давмагц Зайсан толгойгоос өндөр хэдий ч хэлбэр нь төстэй үелсэн хэдэн том уулын өвөрт ирлээ. “Вэнчан гүнж” байгалийн задгай театрт ирэх нь энэ. Тоглолт оройн есөн цаг хагаст эхэлж, цаг хагас үргэлжилдэг аж. Жуулчдын дунд өнгөрсөн онд явуулсан судалгаагаар Лхас хотод үзэх зүйлсийн гуравдугаарт буюу Потала ордон, Их Зуу хийдийн дараа орох үзмэрээр “Вэнчан гүнж” театрын тоглолт эрэмбэлэгджээ.

Үелсэн цувраа хэдэн уулсыг ташраар нь гэрэлтүүлэн зассан тайз. Театр нийтдээ 24 мянган м.кв газрыг хамрах бөгөөд тайзнаас илүү гарсан талбайг бүхэлд нь цэцэрлэгт хүрээлэн, худалдааны гудамж болгон тохижуулжээ. Эрт ирсэн үзэгчид усан оргилуур тойрон амсхийх нь амсхийж, үлдсэн нь дэлгүүр хоршоо, уушийн газраар хөлхөнө. Тоглолт бүрий болж, сэрүү орохтой зэрэгцэн эхэлдэг тул даарч бээрэхээр бол зузаан ногоон хүрэм зээлээр авч нөмөрч болох төлбөртэй үйлчилгээ бий. Удалгүй цувсан олон цуглан, задгай театрын үзвэр эхлэв ээ.

Гэрэл сүүдэр сүлэлдэн, Тан гүрний /618-907/ үеийн хааны ордон хийгээд Түвдийн хаан Соронзонгомбын Потала ордонтой сүрлэг сайхнаар ээлжлэн солигдоно. Одоогоос мянга гурван зуун жилийн тэртээ Шанси мужийн одоогийн Ши Ан хот буюу Өнийн Амгалант хэмээх Чанган хотоос гурван мянган бээрийн хүчир бэрх замыг туулан Төвөдийн хаан Соронзонгомбын хатан болохоор бүтэн гурван жилийн аяныг туулж буй Вэнчэн гүнжийн тухай хайрын домог хөвөрнө. Нялх бага, үзэсгэлэнт гүнж эхлээд тухлаг ордон, ном, элгэн саднаа санан, гуниглан дуулна. Аян замаа хураах тусмаа зүсийг нь үзээгүй ч ханилах лүндэнтэй, өндөр уулсын их хааныг сэтгэлдээ ургуулан, өөриймсөж буйгаар драм үргэлжилнэ. Соронзонгомбо хаан ч буулгасан хатнаа ирэхийг хүлээн догдолж, “аян замын уртад үсийг чинь хэн самнаж байгаа бол, цастай үдшээр даарч байгаа болов уу, чи бол миний мөрөөдлийн дагина” гэх утгатай дуу өргөн, санаашран хүлээх нь үзэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүлмой.

Түвдийн дуу бүжиг, бодит ахуй давамгайлан хятад, төвөдийн үндэсний урлагийн олон төрлийг хослуулан дэглэж бүтээсэн энэхүү үзвэр нь Лхасыг зорьсон жуулчдад зориулсан, аялал жуулчлалын шинэ хэв маягийн бүтээгдэхүүн аж. Цаст өндөр уулс, шуугин урсах гол мөрний дунд аж төрж ирсэн хүмүүсийн дуу тасхийсэн огцом чанга хийгээд тунгалаг нарийн. Бүжиг нь дуутайгаа хоршин, хөдөлгөөн гэхээсээ донжлог хэмнэл. Тэрүүхэндээ хөл гараа нийлүүлэн найган бүжих юм. Тариа будаагаа хураах, тосоо бүлэх, ууранд цайгаа нүдэх бүхий л ахуй нь урсгал дөлгөөн найган найгах хэмнэлтэй.

“Вэнчан гүнж” төслийн продюсер Мэй Шуюан “Вэнчан гүнжийн тухай олон янзын  судалгаа, үзэл баримтлал, түүх домог бий. Бид Түвдийн түүхэн эх сурвалжуудад үндэслэн эерэг, хүчирхэг эмэгтэйн дүрийг бүтээсэн” хэмээжээ. “Алс хязгаар гэж байхгүй ээ, Аль ч нутаг гэр орон чинь болж болно” хэмээх Вэнчан гүнжийн дуу энэхүү тоглолтын үндсэн агуулга. Үүнийг тэрлэнгээ Вэнчан гүнжийн талаар хайлт хийхүй, “дорой, номхон хүн байсан”, “тийм хатан ор байгаагүй” гэх тайлбарууд ч таарав. Энэ оны эхний хагас жилийг оролцуулан тооцвол “Вэнчан гүнж” тоглолт анх 2013 онд нээлтээ хийснээс хойш нийт 770 сая юань буюу 117 сая ам.долларын ашигтай ажиллажээ. 2018 онд гэхэд 187 удаа тоглогдож, таван зуун мянган жуулчин үзсэн байна.

Сүрлэг сайхан ордон сүндэрлэж асан тайз алгуурхан солигдохуйд өндөр уулсын дунд хонин сүргээ бэлчээн хайвагнан алхах хижээл эр, хөлгийн зоон дээр дарцаглан давхилдах идэр залуу эрс, хэдэн сарлагаа даган гэлдрэх бөгтөр эмгэн гээд хөдөөх ахуй бодит сэргэгээр амилна. Өдөртөө тариалангийн газартаа ажиллаад, үдэш нь хоёр сарлагаа хөтлөн ирж жүжигтээ тоглодог нэгэн эдний дунд яваа. Нийт 800 жүжигчин оролцон тоглодог. Тэдний 90 орчим хувь нь Вэнчан театр байгуулагдахаас өмнө энэ хавь амьдран сууж асан оршин суугчид гэнэ. Оройн ажлынх нь орлого сард дунджаар 3000-4000 юань. Нийт 700 гаруй ажлын байр шинээр бий болгосон төсөл.

Таван бүлэг жүжиг түвд үндэсний болон орчин үеийн дуу бүжиг, хувцас зүүсгэл, ахуй амьдралын давтагдашгүй өвөрмөц хэмнэлийг үзэгчдэд цогцоор нь мэдрүүлдэг онцлогтой.

Найруулагчийн баримталсан түүхэн сурвалжуудад тэмдэглэснийг үзвэл Вэнчан гүнж хоёр улсын тухайн цаг үеийн хил орчмын маргааныг намжаах, эв эеэр зэрэгцэн орших улс төрийн шалтгаанаар Түвдийн хаанд хатан болон иржээ. Тан гүрний эрх гүнж Түвдийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн хатанд тооцогддог. Тэрээр бурхан багшийн сэрэг дүрийг Түвдэд авчирч залан, бурханы шашныг дэлгэрүүлсэнээс гадна хувцас эдлэл, ном, будааны үр, ногоо жимсний үр, газар тариалан эрхлэх багаж хэрэгсэл, төмөр боловсруулах арга зэргийг авчирч, түгээн дэлгэрүүлж, нэвтрүүлсэн гавъяатай.

Оюун ухаан, уран сэтгэмж, технолог, урлагт суурилсан шинэ эдийн засгийн хэв загварын бүтээгдэхүүний тод жишээ бол “Вэнчан гүнж” шоу. Тосгон байсан газар жүжгийн тайз болоод, дүүрэн үзэгчтэй задгай театр үдэш бүр ашиг орлогоо тоолон хурааж байна. Тэр хавьд тариа тарьж, сарлагаа хариулж явсан нэгэн өнгийн гэрэл солонгорч, эсвэл цас малгайлан хаялах сонин хачин тайзан дээгүүр малаа хариулаад, алхаж өнгөрөх малчны дүр бүтээх нь. Хөшиг хаагдахуйд мянга мянган үзэгчдийн өмнө өнөө хоёр сарлагтайгаа малгайгаа даллан ёслоход л болно. Сардаа тэгээд цалингаа авчихна. Малаа маллан амар жимэр амьдарч явсан түүнд бум бужигнаж, түм түчигнэсэн олны дунд ороод, тайзны хатуу сахилгад баригдсан жүжигчин болоод явчих ямар санагддаг юм бол. Төвөд маягаар хөл хаян, маадайтал алхаж өнгөрсөн түүнийг түмний дундаас олоод, асууж байцаан, цаашлаад хууч хөөрөх завшаан даанч таарсангүй. Эргэцүүлэх төдий л хоцорлоо. Түүн шиг гэнэ сэрэггүй амьдарч явтал шинэ эдийн засгийн бодлогод хуу хамрагдан нүд ирмэхийн зуурт амьдралаа өөрчилж орхисон мянга мянган түвд бий. Юу юугүй жүжигчин болоод, тариан талбайгаа зарж олсон нөхөн олговроосоо шилэн байшин авч сууна гээд эгэл хүний амьдрал хүүе гэхийн завдалгүй өөрчлөгдөж буйн жишээ. Бодож тунгааж, төлөвлөж төсөвлөх завдалгүй өөрчлөгдөн буй шинэ амьдралдаа мань эр өөрөө хэр хурдан дасдаг бол. Үүнийг Хятадын онцлогтой эдийн засгийн хөгжлийн загвар хэмээн томъёолж буй.

Бурхан багшийн сэрэг дүрийг залсан алтан сүйх нүүр нүдгүй малгайлах цасан шуурганд боогдон, хунгарт суулаа. Албат олон бараа бологчид гүнжтэйгээ хамжин, түлхээд түлхээд алтан сүйхээ цаснаас гаргаж дөнгөсөнгүй. Бүгд цасанд дарагдан, үхэтхийн унацгаав. Тэнгэрт гялалзах жинхэнэ оддын доор гэрэл сүүдрээр урласан шөнө айлчиллаа. Танхим чив чимээгүй. Үүр цайж эхлэхтэй зэрэгцэн сэрэг дүр амилан сэргэж, цасанд дарагдсан албатуудаа амилуулан сэрээв. Аян зам урагшилж, тэртээд сүрлэг сайхан Потала ордон сүндэрлэн, түвд түмэн Тан гүрнээс залсан хатнаа баярлан угтахаар тойрон бүжнэ. Гурван жил үргэлжилсэн их аян өндөрлөөд, амраг хосууд учран золгож, Түвд орон шинэ хөгжлийн замд орж буйгаар тоглолт өндөрлөв өө.

С.ЭНХЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-01 49.0.167.9

төвөд түвд гээд 2 янзаар бичээд байхын

Avatar

Bold o 2019-10-01 223.38.23.35

Ene hyataduud ezlen turemgiilsen Tuvdiin hogjisoniig suuliin ued Mongol medeelliin suvgaar magtan duulaad ehkev ee. Er ni ene hyatadaas baliar muuhai sanaa dandaa gardag hestuu ulsuud shuu

Avatar

Зочин 2019-10-01 104.143.84.37

бүрэн утгаараа хятаджуулах нь

Avatar

Зочин 2019-10-01 202.126.88.157

Гоё нийтлэл болжээм Энхцэцэгээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж