НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерресийн санаачлагаар Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд Нью-Йорк хотноо энэ оны 9 дүгээр сарын 23-нд болсон.
Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт нь Парисын хэлэлцээрийн бодит хэрэгжилтийг түргэвчлүүлэх, улс орнуудын дэвшүүлсэн уур амьсгалын үйл ажиллагааны санал санаачлагыг дэмжих, хувийн хэвшил, иргэний нийгэм, банк, санхүүгийн байгууллагын оролцоог идэвхжүүлэх зорилготой юм.
Уулзалтад оролцсон дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, 2050 он гэхэд ялгарал, шингээлтийн ялгааг тэглэх, дэлхийн дулаарлыг 2 хэмээс хэтрүүлэхгүй, улмаар 1.5 хэмд тогтоон барих зорилгын хүрээнд Парисын хэлэлцээрийн хэрэгжилтэд оруулах үндэсний хувь нэмрээ ахиулах бодит төлөвлөгөөгөө танилцууллаа. Арга хэмжээний үеэр ХБНГУ, Норвеги, Франц, ИБУИНВУ, Швед, Дани, Нидерланд зэрэг улс Парисын хэлэлцээрийн санхүүжилтийн гол механизм болох “Уур амьсгалын ногоон сан”-д оруулж буй хувь нэмрээ дахин нэмэгдүүлэх үүрэг амлалт авчээ.
Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтэд оруулах үндэсний хувь нэмрийг нэмэгдүүлэх талаар мэдээлэв.
Түүнчлэн Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалтын хүрээнд энэ 9 дүгээр сарын 21-ний өдөр залуусын үзэл бодлыг сонсох, тэдэнтэй зөвлөлдөх зорилготой Залуучуудын дээд хэмжээний уулзалт болжээ.Уулзалтад БОАЖЯ-ны санаачлага “Ногоон паспорт” аяны хүрээнд болсон өсвөр үеийнхний байгаль экологийн мэдлэгийг дээшлүүлэх шалгаруулалтад шилдгээр шалгарсан сурагч Б.Энэрэл амжилттай оролцож, Монгол сурагчдын хөтөлж буй “Ногоон паспорт” санаачлагыг үндэсний туршлага болгон НҮБ-ын индэр дээрээс танилцуулжээ.
Дээд хэмжээний уулзалтын үеэр манай улс дэлхийн соёлын болон байгалийн өвд нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн “Addressing Clmate Change Impacts on Cultural and Natural Heritages” санаачлагад нэгдэв. “Парисын хэлэлцээрийн хэрэгжилтэд оруулах үндэсний хувь нэмрийн түншлэл” санаачлагад нэгдсэн орны хувьд манай төлөөлөгчид энэ санаачлагын нээлтийн арга хэмжээнд оролцсон байна.
Эх сурвалж: БОАЖЯ
Холбоотой мэдээ