П.Очирбат: Зүүн хойд Азид энх тайван тогтоох гол зорилготой

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

П.Очирбат: Зүүн хойд Азид энх тайван тогтоох гол зорилготой

П.Очирбат: Зүүн хойд Азид энх тайван тогтоох гол зорилготой

“Блю скай” зочид буудлын “Топаз” танхимд долоон улс орны олон улсын байгууллагуудын төлөөлөгчид болон бусад оролцогч нар Зүүн хойд Азийн энх тайван ба хөгжил, Солонгосын нэгдлийн асуудлаар дугуй ширээний уулзалт хийж байна. “Цэнхэр сүлд” төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй энэхүү уулзалтыг нээж тус байгууллагын Ерөнхийлөгч, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат үг хэллээ.

Энэхүү уулзалтад Монгол, БНСУ, БНХАУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Индонезийн төлөөлөгчид оролцож буй юм. Тухайлбал, Монгол Улсаас НҮБ-д сууж байсан элчин сайд, др Ж.Энхсайхан, Их Британиас БНАСАУ-д сууж байсан элчин сайд Жонн Эверард, Индонезээс АНУ-д сууж байсан элчин сайд Дино Патти, Жалал, “Action for Korea United” байгууллагын дэд дарга Интек Сео нар оролцож байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч агсан Рональд Рейганы онцгой туслахаар ажиллаж байсан Доуг Бэндоу хүрэлцэн иржээ.

Монгол Улсыг Зүүн хойд Азийн Энхтайван ба хөгжил, Солонгосын нэгдлийн төлөө иргэний нийгэм, бүс нутгийн засгийн газрууд ба гуравдагч улс орнуудын оролцоог дэмжих, дээд хэмжээний уулзалт зохион байгуулах газраар сонгосон байна. Солонгосын нэгдлийг энх тайван замаар хангах, цөмийн зэвсгээс ангид байх эцсийн зорилгыг биелүүлэхээр Даян дэлхийн энх тайвны сан, Солонгосын энхтайван, нэгдлийг дэмжих Монголын Форум хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа аж.

Оролцогчид 2020 оны бүс нутгийн чуулганыг зохион байгуулагчид болон Солонгосын нэгдэл ба Зүүн хойд Азийн энхтайван хөгжлийн олон улсын зөвлөлтэй хамтран зохион байгуулах, мөн “Нэгдсэн Солонгос” дэлхийн кампанит ажилд Солонгосын хойгийн төлөөлөгчдийг оролцуулах төлөвлөгөө зэрэг практик үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, одоогийн хэлэлцүүлгүүдийн үр дүнгийн талаар хэлэлцэж буй юм.

Цөлжилттэй тэмцэхийн тулд мод тарих зэрэг байгаль орчны асуудал, энх тайван тогтоох тухай НҮБ-ын 2030 оны зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр Зүүн хойд Азийн залуу удирдагчид, Даян дэлхийн Энхтайван ба хөгжлийн холбоотны оролцоог дэмжих гэх мэт нэмэлт үйл ажиллагаа төлөвлөжээ. Зохион байгуулагчид мөн Зүүн хойд Азийн орнууд, хоёр Солонгосын хооронд итгэлцэл, сайн сайхныг улам бүр хөгжүүлэхийн тулд урлаг, соёлын арга хэмжээнүүд, дуу хөгжим, баримтат кино болон бусад солилцооны хөтөлбөрүүд зохион байгуулах тал дээр санал нэгдэв.

Олон улсын экспертүүдээс хамгийн сонирхолтой илтгэлийг БНСУ-ын “Action for Korea United” байгууллагын дэд дарга Интек Сео тавьсан юм. Бид Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат болон “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын тэргүүн Г.Ганбат нартай уулзаж, энэхүү уулзалтын талаар тодрууллаа.

УЛС ТӨРИЙН ШИЙДЭЛ АМАРХАН ГАРДАГГҮЙ-

П.ОЧИРБАТ:

Улаанбаатарын уулзалтаар гурван асуудалд төвлөрч яриад байдаг юм. Нэгд, хоёр Солонгосын нэгдлийн асуудал, хоёрт, Зүүн хойд Азийг цөмийн зэвсэггүй бүс болгох, гурав дахь нь мэдээж хэрэг энэ бүс нутагт энх тайвныг тогтоох зорилготой. Улс төрийн хүрээнд энэ нь тодорхой хэмжээнд яригддаг зүйл л дээ. Гэхдээ улс төрийн шийдэл тэр болгон амархан гардаггүй. Талууд хэлэлцэн тохиролцох зэрэг асуудлаар үзэл бодол зөрөөтэй байдаг. Тэр болгон илэн далангүй ярих боломж ч байдаггүй. Тэгэхээр төрийн бус байгууллагуудын шугамаар дэлхийн олон нийтийн үзэл санааг энэ гурван асуудалд чиглүүлж, ярьж хөөрөх нь Засгийн газруудад тодорхой хэмжээгээр нөлөөлөх бүрэн боломжтой. Ялангуяа цөмийн зэвсэггүй хэлэлцээрт ордог зургаан оронд дэлхийн улс орнуудын олон нийтийн санал бодлыг хүргэх, тэр битгий хэл зарим талаар шахалт үзүүлэх хүч энэ төрийн бус байгууллагуудад байдаг. Бид БНАСАУ-тай 60, 70 жилийн уламжлалт харилцаатай, бие биедээ итгэдэг нөхөрсөг орнууд. Нөгөө талаас Өмнөд Солонгостой харьцангуй цөөн жил хамтарч ажиллаж байгаа ч гэсэн бүр түншлэлийн өргөн харилцааны түвшинд харилцаа маань хүрсэн. Ялангуяа эдийн засаг, соёлын харилцаа, боловсролын салбарын харилцаа гэх мэтчилэн ардын дипломат иргэдийн солилцооны талаар асар өндөр түвшинд асар богино хугацаанд хүрч байгаа найрсаг харилцаатай.

Ийм орны хувьд манай гурван улс бие биеийнхээ төлөө, бие биеийнхээ санал бодлыг сонсох, бодолцох нөхцөл байдал буй болгох болсон. Энийг ашиглаж л Улаанбаатарт бусад орнуудын судлаачдыг урьдаг. Дэлхийн орнуудын судлаачид ирж энд өөрсдийнхөө үзэл бодлыг ярьж, нэгтгэх боломж олгох гэж л бид энэ хурлыг хийж байна.

МОНГОЛЧУУДЫН ХАМГИЙН ОЙРЫН ОРОН ЗАЙ ЗҮҮН ХОЙД АЗИ

Г.ГАНБАТ:

-Бид глобалчлалын эрин үед амьдарч байна. Дэлхийн улс орнууд өдрөөс өдөрт харилцан хамааралтай болсоор байна. Бид дэлхий дээр ганцаараа оршин тогтнох тухай асуудал биш, улс орнуудад болж байгаа үйл явдлуудад татагдаж орохгүй бол бидний амьдралд нөлөөлж байна. Тийм учраас энэ глобалчлагдсан эрин үед монголчуудын хамгийн ойрын орон зай нь Зүүн хойд Ази. Энэ бүс нутаг дэлхийн халуун сэдэв болсон байна. Энэ асуудлаа өөрсдөө шийд гэж солонгосчуудад хэлэх биш, ялангуяа тив алгасах пуужинтай болсон энэ үед шууд болон шууд бус утгаараа Монголтой хамаатай.

Энэ бүс нутаг тогтвортой тайван байх ёстой. Тэгж байж эдийн засаг, бусад бүх хөгжил дэвшил өөрөө боломжтой болно. Энэ утгаараа иргэний нийгмийн байгууллагууд Монгол Улсад байдаг давуу тал буюу дэлхийн улс орнуудтай улс төрийн зөрчилдөөнгүй, ялангуяа хоёр Солонгостой хоёулантай нь дипломат түүхэн харилцаатай байдаг учраас яг энэ чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүдийг урьж авчраад байна. Энэ асуудалд Монгол Улс ямар оролцоотой байж болох вэ гэдгийг илүү тод, гүнзгий ярилцах үүднээс Улаанбаатарын олон улсын дугуй ширээний уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж