Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өнөөдөр /2019.09.30/ сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Польш улсын цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж буй 69 Монгол иргэний нэрийг зарлалаа.
Тэрбээр “Хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцсон хүмүүсийн талаарх мэдээллийг өмнө нь өгч байсан. Тэр үед хаалттай буюу маш нууцын зэрэглэлтэйгээр дээрх мэдээлэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирсэн. Учир нь хилийн чанадад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн мэдээлэлтэй хамтатгаж ирүүлсэн учраас хууль бус наймаанд оролцсон дипломатуудын талаарх мэдээллийг маш нууц гэсэн дардастайгаар ГХЯ-наас ирүүлсэн. Нийтдээ 69 иргэдийн мэдээлэл байна. Эдгээр иргэдийн зарим нь дипломат төлөөлөгчийн газарт буюу ГХЯ-нд харьяалагддаг хүмүүс, зарим нь төрийн албанд мөн зарим нь улс төрийн намуудын удирдах түвшний, зарим нь дипломат болон албан паспорт ашиглаж хууль бус наймаанд холбогдсон хүмүүс байгаа. Манай байнгын хорооноос хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл болон бусад хууль бус наймаанд оролцож байгаа дипломат албан хаагчдад хариуцлага тооцох, дипломат албанаас нь чөлөөлөх, хуулийн хариуцлага тооцуулахаар ажиллаж байгаа.
Хоёрдугаарт, манай улсад хар тамхины хэрэглээ, тархалт газар авсан байна. ээнэ нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Тиймээс үүнтэй тэмцэхээр байнгын хорооны Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн байгууллагад чиглэл өгч хамтарч ажиллаж байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос энэ асуудлаар хоёр удаа хуралдаж, өнгөрөгч зургаадугаар сарын 12-нд тогтоол баталж Засгийн газарт чиглэл өгсөн. Мөн ГХ-ны сайд Д.Цогтбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт чиглэл өгч нэр холбогдсон хүмүүсийг нэн даруй дипломат албанаас чөлөөлж, хуулийн хариуцлага тооцох чиглэлийг тус тус өгсөн. Гадаадад хэрэгт холбогдсон хүмүүсийг дотооддоо шалгах боломжгүй гэдгийг зарим албан тушаалтан хэлж байсан. Үүнтэй санал нийлэхгүй, зөвшөөрөхгүй. Тухайн гэмт хэрэгтнүүдийг Эрүүгийн гэмт хэрэгтэй холбогдуулж Монгол Улсдаа шалгах чиглэлийг холбогдох газруудад өгсөн. Тэр хүмүүсийн хөрөнгө орлогыг нь шалгаж, хамаарал бүхий этгээдүүд, хамааралтай ААН-үүдийг нь шалгаж хууль бусаар орж ирсэн байж болзошгүй хөрөнгө мөнгөний эх үүсвэрүүдийг нь шалгуулах чиглэлийг мөн өгсөн" гэв.
Хууль бусаар хил дамнасан наймаа хийсэн зургаан албан тушаалтныг эхний ээлжид чөлөөлжээ. Үүнд:
1. Х.Даваадорж Бельги улсад суух дипломат албанаас чөлөөлөгдсөн. Хууль бус хил дамнасан наймаа хийсэн гэсэн үндэслэлээр. Мөн Б.Болор эрэн сурвалжлагдаж байгаа.Мөн түүний гэргий Б.Болор хууль бус наймаанд нэр холбогдсон. Одоо хүртэл түүнийг Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа.
2. А.Батсайхан БНАЛУ дахь Элчин сайдын яамны зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Тэрбээр тус улсын Монголын Элчин сайдын яаманд ажиллаж байх үедээ ОХУ-аас их хэмжээний хар тамхи хууль бусаар дипломат дугаартай автомашинаар Европ руу тээвэрлэсэн хэрэгт холбогдсон.
3. Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий консулын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Албан үүргээ гүйцэтгэж байгаа дипломат эрхээ хэтрүүлэн ашиглаж, тээврийн хэрэгслэл Хятад улсад татваргүйгээр нэвтрүүлж, тус улсын иргэдэд ашиглуулсан зөрчил гаргасан.
4.Б.Баттүшиг Турк улсын Станбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консулын албан тушаал хашиж байхдаа мөн их хэмжээний хар тамхи тээвэрлэж байгаад баригдан, шалгагдаж байгаа.
5.С.Эрдэнэбаяр Турк улсын Станбул хотод суугаа Ерөнхий консулын газрын жолоочоор ажиллаж байгаа их хэмжээний хууль бус хар тамхи тээвэрлэсэн хэргээр тус улсад баривчлагдан шалгагдаж байгаа.
6. С.Эрдэнэ БНХАУ-ын Хонконг дахь ЭСЯ-нд ажиллаж байгаад хууль бус наймаа хийсэн хэргээр шалгагдсан байна.
ПОЛЬШ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БУЙ 69 МОНГОЛ ИРГЭНИЙ НЭРС:
Холбоотой мэдээ