Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар өнөөдөр (2019.09.30) хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Их Хурлын даргын урилгыг хүлээн авч, ноён Ярослав Кубера гэргийн хамтаар энэ өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж буйг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын эхэнд тэмдэглэв. Айлчлалын хүрээнд парламентын дарга нар хэлэлцээ хийсэн бөгөөд хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх шинэ боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Түүнчлэн хэлэлцээний хүрээнд хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг салбарын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хэлэлцэж, ярилцсан болохыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дурдав. Энэхүү хэлэлцээ нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа тэрбээр тэмдэглэсэн.
Хоёр орон 1950 оны 04 дүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоосон үеэс хойш Монгол Улс бүхий л салбарт Бүгд Найрамдах Чех Улстай харилцаагаа өргөжүүлэн ирсэн түүхтэйг Г.Занданшатар дарга дурдаад “Бүгд Найрамдах Чех Улс бол Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг, дотны түнш орон” хэмээн онцлов.
Тус улс 1990-ээд оноос хойш Монгол Улсад хөгжлийн чиглэлээр албан ёсны тусламж үзүүлж, олон төсөл нь амжилттай хэрэгжсэн нь манай улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан байна. Тухайлбал, тахийг эх нутагт нь эргүүлэн нутагшуулах, хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдгийг мэдээллийнхээ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга дурдлаа.
Чехословак Улс 1990-ээд оныг хүртэл манай улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын хоёр дахь түнш орон байсан талаар Г.Занданшатар дарга хэд хэдэн жишээ дурдаад, уламжлалд тулгуурласан хамтын ажиллагааны боломж өргөн байгааг тэрбээр онцлов. Монгол Улсын байгалийн баялаг, мал аж ахуй, Бүгд Найрамдах Чех Улсын дэвшилтэт техник, технологи зэрэг хоёр орны давуу талуудыг хослуулан эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий гэдгийг хэллээ.
Айлчлалын үеэр буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Монгол-Чехийн бизнес форум зохион байгуулагдах бөгөөд хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга илэрхийлсэн юм.
Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера “1990-ээд оноос хойш манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа саарсан бөгөөд Чехийн талаас энэ чиглэлээрх санаачилга, анхаарлаа сулруулсан байх талтай. Манай хоёр улсын харилцаанд ямар нэг хүндрэл, бэрхшээл байхгүй гэдэг нь тун таатай мэдээлэл юм. Мөн Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улс хоорондын олон талт хамтын ажиллагаа бичиг баримтын хүрээнээс хальж, бодит ажил хэрэг болсныг харахад туйлын таатай байна” гэлээ. Энэ өдрүүдэд Монгол Улстай эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чухал шийдвэрүүдийг гаргахаар Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар ажиллаж байгааг ноён Ярослав Кубера дурдав. Хоёр орон уул уурхайн салбарын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд цаашид Монгол Улс ашигт малтмал, байгалийн баялгаа экспортлох бус, боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох нь чухал бөгөөд Бүгд Найрамдах Чех Улс энэ чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгийг Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч тэмдэглэн хэлсэн.
Албан ёсны айлчлал үргэлжилж буй энэ өдрүүдэд Чех-Монголын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх санаачилгын хүрээнд Чехийн бизнес эрхлэгчдийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэхэд бүх талын туслалцаа, үйлчилгээ үзүүлэх төвийг нээн ажиллуулахаар болсон гэлээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд шил боловсруулах, биотехнологи, инженер, эрчим хүч зэрэг Бүгд Найрамдах Чех Улсын томоохон 20 компанийн төлөөлөгч багтсан болохыг мэдээллийн үеэр дурдаад, хэлэлцээнийн үеэр Монгол Улсад шилний үйлдвэр байгуулах санал санаачилгыг ярилцсан болохыг хэвлэл мэдээллийнхэнд дуулгасан.
Бүгд Найрамдах Чех Улсад боловсрол эзэмшсэн, өдгөө тус улсад ажиллаж, амьдарч буй монголчууд хоёр орны харилцааны гүүр болдгийг Монгол Улсын Их Хурлын дарга тэмдэглээд “Бүгд Найрамдах Чех Улсад 9000 гаруй монгол иргэн сурч, ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэдээрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр байгуулсан баримт бичгийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Уг асуудлыг Засгийн газрын түвшиндээ хэлэлцэн, шийдвэрлэх шатандаа явж байгааг хэлэлцээний үеэр бидэнд дуулгасан” гэлээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд эмнэлгийн тоног, төхөөрөмжийг Монгол Улсад хандивлахаар шийдвэр гаргасныг өнөөдөр мэдэгджээ.
Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2020 онд тохиох бөгөөд энэхүү тэмдэглэлт ойг угтаж Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж ажиллах нь зүйтэй хэмээн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар санал нэгдсэн байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхана. Мөн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд болох Монгол-Чехийн бизнес форумд оролцох юм. Дараа нь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болох Прагийн амьтны хүрээлэнгийн захирал М.Бобекийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Хөшигтийн хөндий дэх олон улсын шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалттай танилцах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ