Ц.Нямдорж ЗАХИАЛАГЧИЙГ олох уу, хэргийг ЗАДЛАХ уу?

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж ЗАХИАЛАГЧИЙГ олох уу, хэргийг ЗАДЛАХ уу?

Ц.Нямдорж ЗАХИАЛАГЧИЙГ олох уу, хэргийг ЗАДЛАХ уу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд  Ц.Нямдорж хоёрхон хэрэг дээр ажилладаг. Нэг нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн гэх хэрэг. Нөгөө нь, “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэг.  Хоёулаа дуулиант хэргүүд.  Аль, алинд нь Ц.Нямдорж сайдын ашиг сонирхол явдаг гэж харагддаг, хардагддаг.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн хэргийн цаана Ш.Батхүүг гэм зэмгүй үлдээх заль нуугдаж байсан нь түүнийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар ялгүй авч үлдэх болон өр төлбөрийг нь үйлдвэрийн “Эрдэнэсийн сан”-гаар төлүүлсэн явдал. Үндсэндээ, Ц.Нямдорж сайдын оролцоотойгоор Ш.Батхүү ял ч үгүй, өр ч үгүй үлдэж байна.

 Харин Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг “хууль бусаар эрүүдэн шүүсэн”, “гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэх  ял тулгаж буйн ард С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг суллаж, захиалагчийн хэргийг замхруулах, хэргийг задлах  ашиг сонирхол байгаа нь тун тодорхой болсон. Үгүй бол, Монголын шоронгоор дүүрэн байгаа “эрүүдэн шүүх” үзэгдлийг огт ярихгүй атлаа ганц хэрэг дээрх камерын бичлэгийг  гаргаж ирээд улстөржих нь юу билээ.

Үндэсний телевизийн эфирээр “үзэгчдийн хүртээл” болгочихсон, нууцаас хэдийн гарсан зургаан хоногийн бичлэгээс өөр нууц бичлэг Ц.Нямдоржид байгаа юу. Бий гэж өөрөө итгүүлэхийг хүсдэг ч илүү баримт нотолгоо байхгүй.

Үзэгчдэд дэлгэсэн тэрхүү бичлэг нь  2015 оны есдүгээр сарын 1-6-ны хоорондох камерын бичлэг. Нийтдээ 23 ширхэг DVD-ийг Б.Хурц нарын хэрэгт холбогдуулж, ТЕГ-ын архиваас хураасны 19 нь хов хоосон, улс төрийн ашиг сонирхолдоо ашиглачих "зүйл" тэнд байгаагүй гэсэн үг. Төрийн ордонд маш ноцтой гэх бичлэгийг дэлгэсний дараа Ц.Нямдорж “Зохиомол хэрэгт хилсээр шийтгэгдсэн гурван хүний ар гэрээс Хууль зүйн сайдын хувиар уучлал гуйж байна. Үүнээс цааших нь бичлэгийг олон нийтэд үзүүлэх боломжгүй учраас хамгийн гайгүй, хүнд үзүүллээ. Бусад нь нууцын зэрэглэлтэй учраас үзүүлэх боломжгүй. Хилсээр шийтгүүлсэн хүмүүсийг нэг ч гэсэн хоногийн өмнө гэрт нь буцаах ёстой. Би УЕП-т эдгээр хүмүүсийг хорих ангиас чөлөөлж өгөхийг хүссэн. Прокурорын байгууллага хуралдаад шийдвэрлэнэ” гэж байв. Гэхдээ түүнд бичлэг байсан бол Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын “эрүүдэн шүүсэн”  гэх хэргийн шүүх хурлын өмнө Ц.Нямдорж аль хэдийн “бөмбөг тэсэлчихсэн” байх  нь ойлгомжтой.  Жагсагчдыг хөлсөлж, гурил будаахан цацуулж суухаар шүү дээ.

Өнгөрсөн хугацаанд Ц.Нямдорж сайд С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийн өмгөөлөгчийн дүрд тоглосон. Тэднийг эрүүдэн шүүсэн, хилсээр ялласан, суллах ёстой гэх байр суурийг удаа дараа илэрхийлж ирсэн. Тиймээс Ц.Нямдорж хэргийн өмгөөлөгч үү, хуулийн сайд уу гэдэгт эргэлзэх хүн өдгөө цөөнгүй болсон юм.

 Гэмт хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх аргыг хэрэглэсэн, гүйцэтгэх ажлын  хуулийг зөрчсөн гэх хэрэгт Б.Хурц нарын есөн хүнд Эрүүгийн хуулийн 251, 133-р зүйл ангиар яллах дүгнэлтийг прокуророос үйлдэж, өнгөрсөн наймдугаар сард Төв аймгийн Эрүүгийн хэргийн шүүхэд ажлын тав хоног хэлэлцсэн. Шүүхээс уг  хэргийг прокурорт буцааж, прокуророос шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичсэн, удахгүй давж заалдах шатны шүүх хурал болно.

Гэхдээ “гэмт хэрэгтнүүдийг хилсээр шийтгүүлсэн” гэвэл Ц.Нямдорж хуулийн сайдын хувьд нотолгоо баримтаа дэлгэх учиртай. Түүнээс хэргийг задлах, замхруулах сонирхлоор улс төрийн ашиг хонжоо хийж яавч болохгүй. Хэрэвзээ,  тэдэнд хилсээр ял шийтгэл оногдуулчихсан бол УЕП-оос Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих ангиас чөлөөлөх хугацаа болсон. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтнүүдийг “эрүүдэн шүүсэн” гэх камерын бичлэг олдсоноос Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хилсээр ялласан байна гэх баримт хуулийнханд байхгүй. Тэгээдч С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэг дээр ажиллаж буй ажлын хэсгийнхнийг тэр чигт нь сольж өөрчилсөн, тэд нь хилсээр ял тулгасан асуудлыг нь шалгаж үзээд “С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг задлах боломжгүй” гэж удирдлагууддаа учирлаж суугаа талаарх мэдээлэл ч байна.

Ц.Нямдоржид захиалагчийг олох сонирхолгүй нь удаа дараагийн үг, үйлдлээс нь харагддаг. “С.Зоригийн хэрэг дээр шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараасан. Үүний дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан” гэж хэлээд Б.Хурц ТЕГ-ын даргын ажлаасаа огцорч байв. Одоо эрүүдэн шүүсэн гэх хэргийн яллагдагч болсон.

Прокурорын өргөдлийн дагуу С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгтнүүдийн давж заалдах хурлаар шүүгчид эсэргүүцлийг хүлээж авахгүй бол хэрэг мөрдөн байцаалтад буцна.  Эсэргүүцлийг нь хүлээж авбал анхан шатны шүүх хурал дахин хуралдана.

Гэмт хэрэгтэн ч гэсэн гишгэх эрхтэй. Тэднийг эрүүдэн шүүсэн нь буруу. Гэхдээ хилсээр гэмт хэрэг тулгасан зүйл байхгүй. Ингэж хэлж байгаа нь Ц.Нямдорж сайдад хэргийг задлах асар том ашиг сонирхол байна гэж харагдаж, хардагдаж байна.  Тэр тусмаа дөрөв дэх удаагаа хуулийн сайд болсны дараа тав дахь удаагаа С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэг дээр ажиллаж байсан ажлын хэсгийг тараасны хувьд.

Өмнө нь эрүүгийн процессийг хуулийн сайд Ц.Нямдорж шийддэг байсан. Одоо цагдан хорихоос эхлээд прокурор, шүүхийн зөвшөөрлийг авдаг болсон.  Өнгөрсөн хавар М.Энхсайханыг хорьсон АТГ-ын баривчилгааг шүүх үндэслэлгүй гэж түүнийг сулласан шүү дээ.  Өмнө нь цагдаа хэргийг татаж аваад үздэг, цагдан хорих эрхтэй байлаа. Тэгэхээр Ц.Нямдорж ганцаарчилсан тоглолт хийх хууль эрх зүйн хувь боломжгүй болсон.

Харин тэр сонгуулийн өмнө Ц.Нямдорж захиалагчийг олох уу, хэргийг задлах уу гэдгийг харж л сууя. Хуулийн сайд хэр шударга улстөрч болохыг түүний анхаарал тавьж буй хоёрхон хэрэг дээрээс дүгнэчихэд тийм ч хэцүү биш юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж