Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт эсэргүүцэл бичье!

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт эсэргүүцэл бичье!

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт эсэргүүцэл бичье!

Хонгилынхноос болж, төрийн албан тушаалтнуудтай холбоотой хэрэг замхарч, хуулийн хариуцлага хүлээхгүй, ял завшиж байна гэх шүүмжлэлийн мөрөөр эрх баригчид Прокурор, Авлигатай тэмцэх газар, шүүх байгууллагад халаа сэлгээ хийн удирдлагыг өөрчилсөн ч авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой хэргүүд шилээ даран хөөн хэлэлцэх хугацаа нь дууссаар.

Үүнд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнд холбогдох тендерийн хэргийг хамааруулж болно.  Г.Дэнзэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ “Говь повер” компанид 17 тэрбум төгрөгийн тендер авч өгч, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэгдэн АТГ-т шалгагдаж байсан юм. Шүүх хурал нь 2017 онд хэд, хэдэн удаа зарлагдсан ч хойшлогдож, эцэстээ хэргийг нь мөрдөн байцаалтад буцаан шалгах шатанд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчээ.

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа мөн л дуусах шатандаа орсон байна. УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэрэг мөн энэ ангилалд орсон бол Зам тээврийн яамны газрын дарга асан Р.Ононд холбогдох хэрэг, цаашлаад төмөр замын 280 сая ам.долларын хэрэгт нэр холбогдож байсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд холбогдох хэрэг ч хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчээ.

Энд нэг схем харагдаж байгаа нь АТГ хэрэгт холбогдогчдыг баривчлан саатуулдаг ч суллагддаг. Шүүх хурал зарлагддаг ч олон дахин хойшилдог, дараа нь хэргийг буцаадаг. Буцсан хэрэг АТГ-т эргэж ирдэг. Шалгаж дуусаад шүүх рүү буцаагаад явуултал хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Ийм схемээр дээрх хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ.

Хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан зүйчлэлээр улсад олон тэрбумын хохирол учруулсан хэргүүд ийн цайрах болсонд өнөөгийн хууль тогтоогчдыг буруутгадаг. Тодруулбал, УИХ-аас Эрүүгийн хуулийг батлахдаа “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж хуульчилсан юм.  Гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж олгосон энэ заалтыг хэн шургуулсан бэ гэдэг дээр хариуцах эзэн олддоггүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тайлбараар дэд сайд асан Б.Энхбаяр нарыг буруутгадаг. Харин дэд сайд асан Б.Энхбаяр “Энэ заалтыг хууль тогтоогчид санал гарган, төсөлд оруулж, баталсан” гэдэг. Аль ч утгаар нь авч үзсэн хариуцлагыг өнөөгийн УИХ хүлээх болж байгаа.

Энэ алдааг засахын тулд Засгийн газар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байгаа ч УИХ-ын намрын чуулганы эхэнд хэлэлцэх асуудлын дараалалд хараахан багтаагүй байгаа юм. Иймээс хууль батлагдаж, шинээр хэрэгжих хооронд өөр олон шилээ дарсан авлига, албан тушаалын гэмт хэргүүдийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусч мэдэхээр буй. Гэхдээ үүнээс урьтаад прокурор эсэргүүцэл бичвэл шүүхээр хэргийг оруулаад хариуцлага хүлээлгэх боломж бий. Тухайлбал,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан ч Прокурор эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин шалгаж эхэлсэн. Энэ мэтчлэнгээр дуулиант хэргүүдийг дахин шүүж, хэргийг нягтлах боломжтой ч прокурор эсэргүүцэл бичихгүй тохиолдолд улсад олон тэрбумын хохирол учруулсан хэрэг замхрах болж  байгаа юм.

АТГ-ын мэдээллээр сүүлийн 5-6 жилд авлига, албан тушаалын гэмт хэргээс болж улсад 11 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж үздэг.

Улсын төсөвтэй тэнцэхүйц энэ мөнгийг авлигачид, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн гараар оруулаагүй бол 100 мянган айлын орон сууц баригдах ч байсан байхыг үгүйсгэхгүй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж