К.Илюмжинов Монголд иржээ

Хуучирсан мэдээ: 2015.08.19-нд нийтлэгдсэн

К.Илюмжинов Монголд иржээ

“Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад” өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна. 25 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээн “Хүннү Молл” цогцолборт наймдугаар сарын 19-29-ний өдрүүдэд буюу нийт 12 өдөр үргэлжилнэ. Тэмцээнийг үзэж сонирхохоор Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжинов Монголд иржээ.


Тус тэмцээний өмнө буюу өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжиновыг яаман дээрээ хүлээн авч уулзлаа. 


Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба “2015 оны Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг Монгол улсад анх удаа зохион байгуулах эрхийг олгосон Олон улсын шатрын холбоонд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье. Эрүүл мэнд, спортын яам энэхүү нэр хүндтэй чухал олимпиадыг зохион байгуулах хороог байгуулж, богино хугацаанд бэлтгэл ажлыг хангуулж ажиллаа.  Тус олимпиадын хүрээнд Олон улсын шатрын холбоотой хамтран шүүгч, дасгалжуулагч болон ерөнхий боловсролын сургуульд шатар заах багш бэлтгэх сургалтыг зохион байгуулахаар төлөвсөн нь шатрын хөгжилд түлхэц өгөхүйц жинтэй алхам болно гэдэгт итгэлтэй байна.  Төрөөс шатрын спортод анхаарал тавьж, үндэсний шигшээ баг байгуулан төсвөөс цалинжуулж, санхүүжилтийг шийдвэрлэж дэмжлэг үзүүлдэг. Цаашид төрөөс шатрын спортыг дэмжин Монголын шатрын холбоо болон Олон улсын шатрын холбоотой нягт хамтран ажиллах болно” гэлээ.


Энэ удаагийн Өвсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад оролцохоор 19 орны 33 багийн 150 гаруй тамирчин 50 гаруй албаны хүн өнөөдрийн байдлаар ирээд байна.

Манай улсын хувьд 10 баг буюу 16 хүртлэх насны 50 гаруй тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаад байгаа юм. Монголын шатрын холбооноос баг тамирчидынхаа бэлтгэл сургуулилтанд анхаарал хандуулж, ОХУ-ын дасгалжуулагч, Их мастер А.Фоминыхыг урьж ирүүлэн сургалт зохион байгуулсныг онцолъё.

Дэлхийн шатрын олимпиадын үеэр “Mongolia open 2015” олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулагдахаас гадна ОУШХ-ны шүүгч, дасгалжуулагчийн цол олгох семинар, сургуулийн шатрын багш нарт зориулсан тусгай үзүүлэх сургуулилтууд зэрэг арга хэмжээ болох юм.

М.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж