“Ашиглагдахаа больсон өмхий үнэртсэн барилга руу нүү гэсэн”

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

“Ашиглагдахаа больсон өмхий үнэртсэн барилга руу нүү гэсэн”

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын /БСШУСЯ/ яамны гадна өнөөдөр /2019.09.30/ “Монгол тэмүүлэл” сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл  жагслаа. Учир нь  Монгол Улсад олон улсын Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн гурван сургуулийн нэг болох "Монгол тэмүүлэл" сургууль өөрийн байраа алдахад хүрчээ. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд ашиглалтад орсон тус сургуулийн байрны 1, 2 дугаар давхарт Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн таван бүлэг түр байршдаг бөгөөд  саяхнаас “Монгол тэмүүлэл” сургуулийг өөрсдийнх нь сургалтын байрнаас нь гаргаж, түрээсийн байранд орохыг холбогдох албаныхан шаарджээ.

СУРГУУЛИЙГ  НҮҮЛГЭХ ШИЙДВЭР ГАРГАСАН ТОХИОЛДОЛД ЭЦЭГ ЭХЧҮҮД БИД ХУГАЦААГҮЙ СУУЛТ ЗАРЛАНА

“Монгол тэмүүлэл” сургуулийн  эцэг эхчүүдийн төлөөлөл Ц.Мөнхжаргал  “2017 онд БСШУСЯ-ны захиалгаар Кембрижийн хөтөлбөртэй төрийн өмчит анхны сургууль “Шинэ Эрин” сургуулийн загвараар яг ижил барилгыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт бариулсан бөгөөд БСШУСЯ-ны сайдын 2017 оны А/196 тоот тушаалаар “Монгол тэмүүлэл” сургуульд эзэмшүүлсэн. Тухайн үед Нийслэлийн  ерөнхий боловсролын 133 дугаар дунд сургууль өөрийн байргүйгээс сургуулийнхаа байрны асуудлыг шийдэгдтэл "Монгол тэмүүлэл" сургуулийн 1, 2 дугаар давхарт түр хугацаанд байрлаж сургалтын үйл ажиллагаа явуулахыг тушаалаар даалгасан байдаг. Энэ байр нь анхнаасаа  “Монгол тэмүүлэл” сургуульд  зориулагдан баригдсан.

Иймээс “Монгол тэмүүлэл” сургуулийн эцэг эхчүүд бид эрх нь зөрчигдөж буй хүүхдүүдийнхээ болон өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Холбогдох яамнаас “Монгол тэмүүлэл” сургуулийг худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн ашиглагдахаа болиод хоёр жил болсон доороосоо өмхий үнэртсэн барилга руу нүү гэж байна. Тус барилгад хүүхдүүд суралцах ямар ч нөхцөл байхгүй. Тийм учраас бид сургуулиасаа нүүхгүй.

Шүүхэд энэ асуудал хянан шийдвэрлэгдэж байгаа энэ үед хариуцагч этгээд болох БСШУСЯ сургуулийн байртай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй байхыг шаардаж байна. Хэрэв “Монгол тэмүүлэл” сургуулийг  нүүлгэх шийдвэр гаргавал эцэг эхчүүд бид хугацаагүй суулт зарлаж БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нарыг огцруулах шаардлагыг бүх шатны байгууллагуудад тавих болно” гэв.

Мөн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн 920 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрыг барих 6.6 тэрбум төгрөгийг 2018 оны улсын төсөвт суулгаж, мөн оны наймдугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжаар 7500 ам.метр газрыг “Олимп” хотхоны арын талбайд олгожээ. Гэвч тус хотхоныг барьсан “Ика” ХХК манай эзэмшлийн газар гэж шүүхэд гомдол гаргаснаар газрын асуудал гацаанд орсон бөгөөд одоо ч шийдэгдээгүй байгаа аж.

ДЭЭРХ ХОЁР СУРГУУЛЬД БИД САНАЛ ТАВЬСАН Ч  ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙНА

Энэ талаар бид БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “Баянзүрх дүүргийн  26 дугаар хороонд  сургууль, цэцэрлэгийн газар барихаар шийдвэрлэсэн газар нь шүүхийн маргаантай байгаа. Уг нь  улсын төсөвт мөнгө нь бэлэн бий.  Нэгэнт 133 дугаар сургуулийг барих  анхны төлөвлөсөн газар шийдэгдээгүй  учраас БСШУСЯ-ны  зүгээс “Монгол тэмүүлэл” сургуулийн байрнаас 2-3 км-ын цаана газрын асуудлыг шийдсэн. Гэтэл техникийн нөхцөл байдал болон газраас шалтгаалж барилгын ажил  он дамжих болчхоод байна. Тиймээс түрээсийн байраар асуудлыг шийдэхээр зургадугаар сард   нийслэлээс  сургуулийн удирдлагуудад түрээсээр хичээллэх боломжтой барилга байгууламж судлах үүрэг чиглэл өгсөн.  Улмаар наймдугаар сарын дундууд хавдрын эмнэлгийн урд талд байрлах орон сууцны барилгын 1-2 давхрыг сургалтын зориулалтаар тохижуулаад түрээслэх боломж байна гэх тооцоо судалгааг  гаргаж ирсэн. Удалгүй сайдын тушаал гарч 133 дугаар сургуулийн 8-10 ангийг дээрх  байранд оруулъя гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл 133 дугаар сургуулийн эцэг эхчүүд бид нүүхгүй гэсэн. Сайдын зүгээс  “Монгол тэмүүлэл” сургуулийг өөр байранд шилжүүлэх боломжийг судал гэсэн чиглэлийг  өгсний дагуу худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн хичээлийн хоёрдугаар байр болох дөрвөн давхар байрыг бүрэн суллачихсан хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн  болсон. Засвар хийхэд 60 гаруй сая төгрөг  шаардлагатай байгаа. Үүнийг нийслэлээс шийдэхээр болсон. Дээрх хоёр сургуульд бид санал тавьсан ч  хүлээж авахгүй байна” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж