Цочир хүйтэрч, цас орсон ч ургац хураалтад нөлөөлөхгүй

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Цочир хүйтэрч, цас орсон ч ургац хураалтад нөлөөлөхгүй

Цочир хүйтэрч, цас орсон ч ургац хураалтад нөлөөлөхгүй

Энэ жил улсын хэмжээнд нийт 512 мянган га талбайд тариалалт хийсэн. Өнөөдрийн байдлаар ургац хураалт 40 гаруй хувьтай байгаа юм. Тодруулбал, үр тариа 20, хүнсний ногоо /төмс/ 50 орчим хувьтай байгаа аж. Энэ жилийн хувьд хур бороо их орсноос үүдэн ургац хураалт ирэх аравдугаар сарын 20-н хүртэл хойшилжээ. Гэхдээ ургацын болц гүйцсэн тул цаг агаар муудсан ч ургац хураалтын ажил хойшлохгүй гэж ХХААХҮЯ -наас мэдээлэв.

Ургацын урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа хураан авах боломжтой гэж тооцооллыг тус яамнаас гаргажээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун “Газар тариалангийн бүс нутагт ургац хураалт жигд байна. Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн хойд талын сумдаар ургац хураалт муудаагүй. Ирэх аравдугаар сарын эхний арав хоногт л цаг агаар хүйтэрнэ гэх мэдээлэл байгаа. Гэхдээ энэ нь ургац хураалтад ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлэхгүй. Ургацын болц гүйцсэн тул 441.9 мянган тонн үр тариа хураан авна. Ургац хураалтын хувьд тухайн жилийн өнгөнөөс шалтгаалдаг учраас энэ жил  ургац хураалтын ажил бага зэрэг хойшилсон” гэлээ.

Өмнөх жилүүдэд аравдугаар сарын нэгдүгээр арав хоногт багтаан ургац хураалтын ажил дуусдаг байсан бол энэ жилийн хувьд 20-н хүртэл хойшилсон ч үр тариа, хүнсний ногооны хураалтад ямар нэгэн эрсдэл гарахгүй аж. Өөрөөр хэлбэл, газар тариалангийн бүс нутагт цаг агаар муудсан ч үр тариа, хүнсний ногоог хураан авах боломжтой гэдгийг холбогдох албаны хүмүүс онцоллоо.

Орон даяар ургац хураалтын ажил өрнөж буй энэ үед цаг агаарын байдал муудаж эхлээд байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн газар тариалангийн бүс нутагт өдөртөө 1-3 градус, шөнөдөө хөрсөн дээр -4-9 градус хүртэл хүйтэрч буйг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тус газрын Цаг уурч Х.Ахмед-Али хэлэхдээ “Аравдугаар сарын нэгдүгээр арав хоногт уулархаг нутгаар цас орж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр  -4-10 хэм хүртэл хүйтэрнэ. Ерөнхийдөө аравдугаар сараас хүйтэрч байна гэж ойлгох хэрэгтэй” гэлээ.

Ирэх сард цаг агаарын төлөв байдал нийт нутгаар хүйтэн, сарын гуравдугаар арав хоног хүртэл нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн хур тунадас, сүүлчээр нь ихэнх нутгаар, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас, цас орох юм байна. Цастай үед салхи ихэнх нутгаар 16-18м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байгааг газар тариалан эрхлэгчдэд сэрэмжлүүлж буй юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж