ОХУ-ын тэргүүлэх генетикчид, эрүүл мэндийн салбарын эрх мэдэлтнүүд нууцаар Владимир Путины том охинтой уулзжээ. Түүнийг Мария Воронцова гэдэг хэмээн Bloomberg агентлаг зарлаж буй. Мария Воронцова бол эндокринологич. Эрдэмтэд түүнд хүний ДНК засч болох эсэх талаарх судалгаа, түүнтэй холбогдох санал, шүүмжийг хүргүүлэх үүднээс нууц уулзалт зохион байгуулсан тухай Bloomberg агентлаг тус уулзалтад оролцсон гурван эх сурвалжид үндэслэн мэдээлжээ.
Оросын биологич Денис Ребриков шинжлэх ухааны Nature сэтгүүлд өгүүллээ нийтлүүлснээс зургаан долоо хоногийн дараа дээрх уулзалт Москва хотноо болов. Денис Ребриков сонсголын бэрхшээлтэй хосоос төрсөн хүүхдийн ДНК засах замаар удамшлын эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой тухай шинжлэх ухааны өгүүллээ Nature сэтгүүлд нийтлүүлжээ. Ребриковын туршилт шинжлэх ухааны салбарт шүүмжлэл дагуулсан бөгөөд ОХУ-д зөвхөн Владимир Путин шинээр гарч ирж буй технологийг хэрхэн зохицуулахыг шийддэг ажээ. Иймээс эрдэмтэд түүний том охин Воронцоваг оролцуулсан нууц уулзалт зохион байгуулжээ. Учир нь түүний санал, шүүмж биоанагаахын ёсзүйн салбарт маш их нөлөөтэй тухай Bloomberg мэдээлж байна.
Тус агентлагийн мэдээлж буйгаар, Воронцова гурван цагийн туршид Ребриковын нийтлэлийн талаарх эрдэмтдийн шүүмжийг сонссон хэдий ч аль талыг нь дэмжсэн эсэхээ илэрхийлээгүй бөгөөд судалгааг зогсоож болохгүй гэдэгтээ санал нэгдсэн юм. Тэрбээр хүн төрөлхтний ДНК засах туршилтыг хяналттай байлгах үүднээс хувийн салбарт хориглох, төрийн байгууллагад хязгаарлах хэрэгтэй гэв. Ребриковын судалгааг эсэргүүцэж буй хүмүүс хэрвээ түүний судалгаа эрүүл мэндийн яамны дэмжлэг авбал бусад эрдэмтдийг үрийн шингэн, өндгөвч, үр хөврөлийн чиглэлд эрсдэлтэй туршилт хийхэд хүргэнэ хэмээн болгоомжилж буй. Энэ бол атомын бөмбөг зохион бүтээхтэй адил зүйл гэжээ.
ОХУ-ын өндөр дээд албан тушаалтны хэлж буйгаар, энэ асуудлаарх эцсийн шийдвэрийг Путин гаргана гэв. Мария Воронцова сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзжээ. Харин Путины хэвлэлийн төлөөлөгч дээрх асуудлыг тайлбарлахаас татгалзаж, энэ бол ерөнхийлөгчид хамаарах асуудал биш гэв.
Гэхдээ Путин 2017 оны аравдугаар сард хүний генийг программачлах асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж байсан. Тэрбээр “Хүн төрөлхтөн ямар хүнийг бий болгохоо захиалах боломжтой үе ирээд байна. Тэр магадгүй агуу математикч, агуу хөгжимчин эсвэл ямар ч айдас, өрөвдөх сэтгэлгүй цэргийн хүн ч байх боломжтой. Энэ төрлийн хүн ойрын хугацаанд бий болох боломжтой. Хэцүү, маш хариуцлагатай үе ирээд байна. Магадгүй атомын бөмбөгөөс илүү аймшигтай байх магадлалтай" гэж байв.
Харин ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова Bloomberg агентлагт өгсөн тодруулгаас үзвэл, Ребриковын судалгааны хувь заяа ёс зүйн хороогоор шийдэгдэнэ. Түүний ажлыг дэмжиж, хүлээн авах нь хэцүү асуудал гэв.
2016 онд The New Times мэдээлснээр Мария Воронцова бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн том охин. Гэхдээ Кремль үүнийг олон нийтэд нэг ч удаа баталгаажуулж байгаагүй ажээ. Тэрбээр 2019 оны хавар Генетикийн технологийг хөгжүүлэх Холбооны шинжлэх ухаан-технологийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөлд багтсан билээ.
Путин гэр бүлийнхээ тухай хэзээ ч ярьж байгаагүй бөгөөд 2015 оны хэвлэлийн хурлын үеэр түүний охин бизнес, улс төрийн салбарт ажилладаггүй гэсэн юм. Харин 2016 онд Владимир Путин Bloomberg агентлагт өгсөн ярилцлагын үеэр түүний охин шинжлэх ухааны салбарт ажилладаг гэсэн юм.
Мария Воронцова анх Россия-1 телевизийн нэвтрүүлгээр гарч ирсэн бөгөөд түүний албан тушаалыг ОХУ-ын Эрүүл мэндийн яамны эндокринологийн төвийн шинжлэх ухааны ажилтан, хүүхдийн эндокринилогич гэсэн байв. Тэрбээр Нидерландын бизнес эрхлэгч Йоррит Йост Фаассентой гэрлэсэн бөгөөд шинжлэх ухааны өгүүллээ нийтлүүлэхдээ нөхрийнхөө овгийг ихэнхдээ ашигладаг гэв.
Эх сурвалж: Forbes