Хятадын Коммунист намын засаглалын 70 жилийн ойг маргааш /2019.10.01/ том хэмжээний цэргийн сүрт жагсаалаар тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна. Хятадын дарга Ши Жиньпин Бээжин хотын Чань-Ань өргөн чөлөөнөөс цэргүүдэд мэндчилснээр сүрт жагсаал Тянь Ань Минь талбайгаар жагсан явах гэнэ. Тянь Ань Миний талбайд болох цэргийн жагсаалд Хятадын удирдлагууд, 97 орны 188 цэргийн атташе нар оролцоно. Хэдийгээр Хятадын ард түмэн тэмдэглэлт баяраа догдлон хүлээж байгаа ч сонгогдсон иргэд л цэргийн сүрт жагсаалыг үзнэ. Армийн сүрт жагсаал нь “Энхийг эрхэмлэгч-хариуцлагатай Хятад” улсыг харуулахад голчлон анхаарсан гэж батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.
Цэргийн сүрт жагсаалд армийн 59 нэгжийн 15 мянган алба хаагч, энхийг сахиулах ажиллагаанд бэлтгэгдсэн 8000 цэрэг, 580 ширхэг техник хэрэгсэл оролцох аж. Энэ үеэр Хятад улсын дотооддоо үйлдвэрлэсэн шинэ төрлийн зэр зэвсгийг нийтэд үзүүлэх аж. Тухайлбал, дэлхийн аль ч цэгт хүрэх чадвартай “DF-41”, мөн маневр хийхэд хялбар, өндөр хурдтай “DF-17” зэрэг пуужингийн системүүдийг үзүүлэх аж. Мөн 160 нисэх онгоцоор агаарт үзүүлбэр үзүүлнэ. Армийн нисэх онгоцнууд оролцсон том жагсаал сүүлд 2015 онд болж байв.
Хятад улс нь өдгөө цэргийн зардлаар дэлхийд хоёрдугаарт бичигдэж, Ази тивийн батлан хамгаалах салбарын хамгийн том хөрөнгө оруулагч болжээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын цэргийн зардал жил бүр 10 хувиар өсчээ. Тус улс өнгөрсөн 2018 онд 56,1 тэрбум ам.долларыг батлан хамгаалахын судалгаа, хөгжүүлэлт, зэвсгийн үйлдвэрлэлд зарцуулсан ба энэ нь нийт армийн зардлын 33 хувийн эзэлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ