Сургалтын төлбөрөө 10-40 хувиар нэмсэн их, дээд сургуулиудын удирдлагуудад Монголын оюутны холбоо /МОХ/, Оюутны түр хорооноос өнөөдөр шаардлага хүргүүллээ.
- Сургалтын төлбөрөө ямар үндэслэлээр нэмэв?
- Өнгөрсөн хичээлийн жилүүдэд сургалтын болон дотуур байрны төлбөрийн нэмэгдлээ юунд зарцуулсан бэ?
- Оюутны сурах, амьдрах орчин төлбөрийн нэмэгдэл шигээ сайжирсан уу?
- Багш, ажилчдын цалин 2013 оноос хойш хэд дахин нэмэгдсэн бэ?
МОХ эдгээр асуултад хариулт өгөхийг их, дээд сургуулиудын захирал, Удирдах зөвлөлөөс шаардаж байгаа юм. Хэрэв дээрх асуултуудад бодитой, баримттай тайлбар хийж чадахгүй бол төлбөрөө үндэслэлгүйгээр нэмэхээ зогсоож, үнэхээр нэмэгдүүлэх шаардлагатай бол инфляцийн дагуу бага хувиар нэмэх нь зүйтэй гэж оюутнууд үзэж байгаа ажээ.
- "Улс орны эдийн засаг хүндэрсэн энэ үед их, дээд сургуулиудын захиргаа үйл ажиллагааны зардлаа хумьж, хэмнэлттэй ажиллах ёстой ч ингэж чадаагүй. Ирэх хичээлийн жилд ч мөн сургуулиудын захиргаа төсвөө хэмнэх байдлаар баталсангүй. Энэ нь эргээд жирийн иргэдийн нуруун дээр ачаа болон ирж байна" гэсэн тайлбарыг МОХ-ноос хийлээ. Оюутнуудын төлөөллийн зүгээс ч "Үндэслэлгүй нэмэгдсэн сургалтын болон дотуур байрны төлбөрийн нэмэгдлийг зогсоохыг хүсч байгаа" гэдгийг энэ үеэр онцлов.
- Өнөөдрийн байдлаар Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төлбөр нэмэгдээд 2.850.000 төгрөг болсон бол МУИС-ийн төлбөр 800-1,2 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин МУБИС-ийн төлбөр 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байх УЗ-ийн шийдвэр гарсан гэх мэдээллийг МОХ-ноос өглөө. Тэдний шаардлагын дагуу сургалтын төлбөр нэмэгдүүлсэн шалтгаанаа тайлбарлахгүй бол МОХ-ноос оюутны жагсаал, хичээл хаялтыг оюутнууд, эцэг эхчүүдтэй хамтран зохион байгуулна гэсэн юм.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Э.ЭНХБАТ