"Өвлийн шөнө эзгүй говьд онхолдсон машинд хонож байлаа"

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

"Өвлийн шөнө эзгүй говьд онхолдсон машинд хонож байлаа"

"Өвлийн шөнө эзгүй говьд онхолдсон машинд хонож байлаа"

 “Энүүхэндээ гэж хэлэхэд бид хоёр энэ нэр хүндтэй шагналыг дахин авна гэж сэтгэлдээ битүүхэн горьдож, хүлээсэнгүй. Шагнал авах мөчид баяр бахдал төрөхөөс илүүтэй энэ жилийн шагнал гэнэтийн зүйл байсан болоод ч тэр үү санаа зовсон, хариуцлагаас айх жаахан түгшүүр холилдсон сонин мэдрэмж төрлөө. Бид шагнал авах юмсан гэж бодож ажлаа хийж байсангүй. Өөрийн хүүхдүүд болоод Монголын хүүхэд багачуудад зориулан "Хүрээлэн" цувралаа хийдэг" хэмээн өгүүлэх эрхэмүүд бол энэ жилийн Ц.Балдорж сангийн нэрэмжит хошой шагналын эзэд.

Тэд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд энэ л хүслээрээ Монгол орны үзэсгэлэнт байгаль, нэн ховор зэрлэг ан амьтдыг гэрэл зургийн хальснаа буулгаж, дүрс бичлэгээр баримтжуулсан томоохон гавьяатай баатрууд. Ингээд цэнхэр дэлгэцээр учран золгож, эх орноор минь олон мянган километр газарт аялуулж чаддаг  “Хүрээлэн” төслийн санаачлагч У.Ганбаяр, Ерөнхий продюсер М.Буянбадрах нартай ярилцсанаа хүргэе.


-Монголын “Пулицер” буюу Ц.Балдорж агсны нэрэмжит хошой шагналын эзэд болсон та хоёртоо “Хүрээлэн” цувралыг шимтэн үздэг үзэгчдийнх нь өмнөөс баяр хүргэн мэндчилье. Шагнал гардуулах ёслолын үеэр М.Буянбадрах ах “Энүүхэндээ гэж хэлэхэд энэ шагналыг авна гэж бодоогүй” хэмээн цугласан олныг инээлгээд авсан шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

М.Б:Шагнал авах сайхан байлгүй яахав. Адаглаад л хүмүүс үнэлж, хүлээн зөвшөөрөх мэдрэмж хэнд ч сайхан санагдах биз. Энүүхэндээ гэж хэлэхэд бид хоёр энэ нэр хүндтэй шагналыг дахин авна гэж сэтгэлдээ битүүхэн горьдож, хүлээсэнгүй. У.Ганбаяр маань хөдөө яваад ёслолын арга хэмжээний дундуур орж ирсэн. Миний хувьд хойно ширээнд суугаад зууш, вино эргүүлсэн шигээ сууж байсан. Би “Ямар ч байсан шилдэг 10-т багтаад Хонгконг руу аялах багт нь багтах юм шиг байна” гэж бодож суулаа. Харин яг шагнал авах мөчид баяр бахдал төрөхөөс илүүтэй энэ жилийн шагнал гэнэтийн зүйл байсан болоод ч тэр үү санаа зовсон, хариуцлагаас айх жаахан түгшүүр холилдсон сонин мэдрэмж төрлөө. Ер нь шагнал авах гоё шүү дээ. Гэхдээ бид шагнал авах юмсан гэж бодож ажлаа хийгээгүй. Би шагнал авахдаа

“Өөрийн хүүхдүүд болоод Монголын хүүхэд багачууд маань сайн хүн болж, эх орноо хайрладаг иргэн болоосой. Ядаж байгальдаа хогоо хаядаггүй, хулан, тахь, илжиг гэдэг амьтнаа ялгадаг байгаасай” гэдгийг хэлсэн.

Тэрнээс биш хүүхэд болгон ирээдүйд биологич, судлаач, байгаль хамгаалагч болох албагүй шүү дээ. Тиймээс бид тулаад ирсэн ажлаа хүнээс дутахгүй хийх эрмэлзэлтэйгээр “Хүрээлэн” төслөө хийдэг. Бид “Энэ жил тийм шагнал авна” гэж зорьж байсангүй. Нэг талаараа бидэнд тийм амбиц ч алга. Шагнал мөнгөтэй байхдаа бүр гоё л юм билээ. Олонд хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна нэр хүнд авчирдаг ч санхүүгийн том дэмжлэгтэй шагнал ховор болохоор баярлалгүй л яахав.

-Шагнал гардуулах ёслол болдог өдөр У.Ганбаяр ах ямар ажлаар хөдөө яваад ирснийг сонирхож болох уу?

У.Г: Хэнтий аймгийн олон жижиг нууруудтай Хурхын хөндий гэж нүүдлийн шувууд цугладаг газарт ажиллаад ирсэн. Намар цаг болсон учраас тэнд нүүдлийн шувууд буцахаар цугладаг юм. Монгол орон долоон зүйл тогоруутай. Ховор зүйл болон элбэг тогоруунууд цуглаж, алсын замд гардаг. Жишээлбэл, өвөгт тогоруу гэхэд Гималайн нуруугаар Энэтхэг улсад очдог. Бусад зүйлийн тогоруу нь Солонгосын хойг, Өмнөд Хятад руу нүүдэллэдэг. Энэ үеэр нь шувуудын зургийг авахаар Хэнтий аймгийг зориод ирлээ. Бидний ажил чинь тэр өдөр зураг аваад буцна гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Би уг нь өнгөрсөн долоо хоногийн Мягмар юм уу, Лхагва гаригт ирчихнэ гэж төлөвлөж байсан ч ажилдаа “хорхойтоод” нэг өдрөөр хойшилж, ёслолын ажиллагаа болдог өдөр Хэнтий аймгаас гэртээ хальт орж хувцсаа сольж өмсөөд ёслолын ажиллагаанд ирээд байсан юм.

-“Хүрээлэн” төсөл хэрэгжиж эхлээд зургаан жил болжээ. Бидэнд төслийнхөө үр дүнгээс танилцуулахгүй юу?

М.Б: Зохиолчдын уянгалж хэлдэг шиг зургаан жил ёстой харвасан сум шиг өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд, бичлэг, гэрэл зургаа, зам мөрөө харахад зургаан жил өнгөрсөнд итгэж ядан сууна. Одоогоос таван жилийн өмнө анхны Ц.Балдорж агсны нэрэмжит шагналыг авч байхад төслөө эхлүүлээд нэг жил л болж байж. "Тэр үетэйгээ одоо өөрсдийн хийсэн ажлаа харьцуулж харахад Монгол оронд бүртгэгдсэн нийт хөхтөн амьтан, шувууд, хоёр нутагтан гээд ан амьтдын гуравны хоёр хувийг нь зэрлэг байгальтай нь гэрэл зураг болон дүрс бичлэгт буулгаж, 100 гаруй цуврал хийжээ. Мөн энэ хугацаанд хоёр, гурван ч бүрэн хэмжээний баримтат кино хийсэн байна. Бид ойролцоогоор нийт 200 шахам мянган километр замыг туулж, Монгол орны бүх аймаг сумаар явсан". Үүний хажуугаар “Адуу” гэдэг дэд төсөл хэрэгжүүлж, Африкийн эрээн тахинаас авахуулаад монгол хулан адууны тухай нэлээд хэдэн цуврал хийлээ. Бас “Говийн таван гайхамшиг” цувралыг “Энержи ресурс” компанийн дэмжлэгтэйгээр хүмүүсийн хайрлаж хүндэтгэдэг, хүүхэд залуусын даган дууриадаг Гавьяат тамирчин Б.Гангаамаа, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, дуучин Б.Батчулуун, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана, Соёлын тэргүүний ажилтан, продюсер, жүжигчин Т.Бархүү нараар хөтлүүлж, цувралаа бэлтгэсэн. Мөн “Оюутолгой” компанийн дэмжлэгтэйгээр хулан адууны цуврал нэвтрүүлэг хийсэн гээд нэлээд хэдэн ажил амжуулсан харагдана.

-Та Монгол орны бүх аймаг, сумаар явсан гэлээ. Монгол орноос гадна дэлхийн хэчнээн улс орноор явж, нэвтрүүлэг бэлтгэсэн бол?

У.Г: Монгол орны ан амьтад тэр дундаа шувууд хил хязгааргүй амьдардаг. Жишээлбэл, бидний зам зуур харагддаг өвөгт тогоруу гэх хөх тогоруу хамгийн олон тоотой. Гэтэл тэр элбэг гэж боддог шувууны амьдрал тийм ч амар биш, их сонирхолтой. Өвөгт тогорууны нүүдлийг судлаад үзэхэд Хэнтий аймгийн Хурхын хөндийгөөс өдийд нисээд дэлхийн дээвэр болсон Гималайн нурууг давдаг. Энэ шувуу маань нэг килограмм гаруй жинтэй гэхээр шувууд дотроо томдоо орно. Тэр том биетэй шувуу зэллэн нисээд Гималайн нурууг даваад баруун Энэтхэгт очиж, өвөлжөөд буцаад Монгол орныг зорьдог. Энэ шувууны нүүдлийг сонирхон судалж, нэвтрүүлэг болгохоор Энэтхэг улс руу явж байлаа. Мөн “Адуу” дэд төслийн хүрээнд зэрлэг адууны төрөл зүйлийг хайж, алс Африкийн Кени явсан. Тас шувуу гэхэд хагас нүүдлийн шувуу учраас хоёр Солонгосын хил буюу 38 дугаар өргөрөг хүрч, Японд алаг тогорууны өвөлжилтийн зургийг авч байлаа. Тайландад зааны тухай нэвтрүүлэг хийж байсан бол “Калмык. Их нүүдлийн мөрөөр” гээд сая шагнал авсан баримтат киноны зураг авалтаар Итали, Герман, Орос, Хятадын Шинжаан Уйгарын ӨМӨЗО, Казахстан улс руу явсан. Мөн тахь адууг Монголд сэргээн нутагшуулсны 25 жилийн ойд зориулсан баримтат киноны зураг авалтаар Голланд, Чех улс руу явсан. Одоо эргээд бодоход Хойд, Өмнөд Америк тив, Австралиас бусад тивд очиж ажиллаж, зураг авалт хийсэн байх юм.

-Үлдсэн тивийн улсуудад ч гэсэн хүрч очих нууцхан хүсэл байгаа байх нь ээ?

М.Б: Хүн л юм хойно олон хүсэл мөрөөдөл байна. Бурхны сургаальд “Хүсэл бол зовлонгийн шалтгаан юм” гэдэг. Тэгэхээр бид хоёрт зовлонт бодлууд их бий. Бие эрүүл мэнд, хөрөнгө санхүү, цаг зав гэсэн гурван хүчин зүйл гурвуулаа нэг дор биелэх нь ховор. Мөнгө нь байхад цаг зав олдохгүй, мөнгө нь байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар явж чадахгүй болчихсон байна. Хааяа хэдэн цаас нь болдог бол Хойд юм уу Өмнөд туйл руу  явж үзэх юмсан гэсэн харамсангуй ч юм шиг бадрангуй ч юм шиг бодлууд төрдөг. Бид хол явахгүйгээр Монголдоо очоогүй газар, үзээгүй байгаль, зураглаагүй ан амьтан үй түмэн байна. Бид өнөөдөр Монгол орноо нүхэлж, яваад барчихсан гэж бардамнах шалтгаан байхгүй. Бид зургаан жил эх орноороо явахад маш олон газар дутуу үлдсэн байдаг. Монгол улсын хил дагуу гэхэд Саяаны нуруу Хөвсгөл нуурын араар ОХУ-д оршдог Байгаль далайд, Хэнтий, Дорнодын араар Сохондинскийн тусгай хамгаалалттай дархан цаазат газраар, БНХАУ-ын Далайн нуурт дахин очиж, суурин ажилламаар байна. Бид эх орныхоо хилийг тойроход л дахин хэдэн 100 цуврал хийх боломжтой. Дахин хэлэхэд эрүүл мэнд, хөрөнгө санхүү, цаг зав гэсэн гурван азтай тохиолдлын давхцал гараа ч үү, үгүй ч үү.

Зүүн Тайгад нэгэн удаа идэр есийн хүйтэнд

-Монгол оронд амьдардаг ч тэр бүр хүний нүдэнд өртөж, судлагдаж байгаагүй ховор содон ан амьдтай учирч байсан тухайгаа яриач?

У.Г: Одоогоос таван жилийн өмнө 2015 оны намар есөн сард явсан аялал санагдана. Бид хилийн цэргийнхний өгсөн мэдээллийн дагуу Хөвсгөл нуурын зүүн талын тайгад зэрлэг цаа нутагладаг гэдгийг дуулсан. Тэгээд хотод биологич, судлаачдын бүтээл ном уншихаар тайгад зэрлэг цааны мөр, хоргол, нүдээр харсан гэрчүүд мэр сэр байдаг тухай бичсэн байсан. Харин зэрлэг цаа бугыг гэрэл зураг, видеогоор баримтжуулсан зүйл байхгүй. Монгол оронд 100 орчим тоо толгой бий гэсэн маш бүдэг барин тавин судалгаа байсан. Тэгээд бид “Хилийн цэргийнхний нүдэнд өртөж байгаа бол очоод чадвал зургийн авья” гээд явлаа. Зөвхөн цаашаа тайгаар мориор явсан өдөр гэхэд долоо хоног л доо. Тэгээд машинаар ирж, очих бэлтгэл ажил гээд нэлээд хэдэн өдөр болсон. Бид ямартай ч дэлхийн зэрлэг цаа бугын хамгийн өмнөд захын тархац нутаг дээр 19 зэрлэг цаа бугын этэр, хугашны зургийг авч, багаараа сайхан ажилласан. Сүүлд Герман улсын судалгааны сэтгүүлд нийтлэгдэхдээ “Монголын байгаль, зэрлэг ан амьтны зураг авдаг нэвтрүүлгийн баг албан ёсоор дэлхийн зэрлэг цаа бугын тархац нутгийн өмнө захыг тогтоолоо” гэсэн байсан. Үүнээс урагшаа зэрлэг цаа буга байхгүй гэсэн үг шүү дээ. Тэр мөчийг эргээд бодоход их сайхан мөч. Хэчнээн ядарч, даарч, өлссөн боловч багийнхан хоорондоо бахархаж ярих дуртай жишээ л дээ.

Гэрэл зургийг У.Ганбаяр

-Бас хандгай, цоовор ирвэсний зураг авах агшин олон хоногийг зарцуулж байсан гэдгийг хэлсэн шүү дээ?

-У.Г: Бидний явсан аялал болгон олзтой, зураг хөрөгтэй ирнэ гэж байхгүй. Хоосон ирэх тохиолдол ховор ч гэсэн байдаг. Заримдаа харамслаас илүүтэй шар хөдөлж “Дараа дахин очиж, зургийг нь заавал авна даа” гэж хэлдэг. Олон удаагийн аялал хийж, олон хоногоор явсан боловч маш бага зурагтай, амжилттай хэдэн кадртай ирсэн амьтан бол цоохор ирвэс. Дэлхий дээрх тоо толгойн гуравны нэг гаруй хувь нь манай улсад байдаг. Цоохор ирвэс бол элбэг тааралдаад байдаггүй. Цас, хадан дунд цоохор харахад маш хэцүү. Өдрийн цагаар хөдөлгөөн нь хязгаарлагдмал бөгөөд үдшээр их идэвхтэй амьтан. Бид Ховд аймаг руу хэд хэдэн удаа явсан. Өмнөговь, Баянхонгор аймгаар ч явахдаа цоохор ирвэсийн баримтат кино хийж гадны зах зээлд хүртэл гаргаж байлаа. Манай улсад хоёр зүйл хандгай бий. Хөвсгөлийн уулс, Хэнтийн нуруунд байдаг шивэр хандгай болон хар мөрний хандгай буюу буган хандгай зөвхөн Дорнод аймгийн Нөмрөг сумын нутагт нутагладаг юм. Тэнд бид бүсэлхийгээр татсан цасан дунд явж, хар мөрний хандгайн зургийг нэлээд ойроос авч байсан. Өмнө нь хилийн цэргийнхэнтэй хамт явж байхдаа модны захаар давхиж буй хандгайг харж байсан бол гурав дахь явалтаараа бүр дэргэдээс нь шахуу авч байсан. Тэр бас л сайхан мөч шүү дээ.

-Зарим хүмүүс та хоёрын бэлтгэсэн нэвтрүүлгийг хараад “жаргалтай ажил юм” гэдэг. Олон жил хол аялалд гарч, нэвтрүүлэг бэлтгэхдээ бэртэл гэмтэл цөөнгүй авч байсан биз?

М.Б: Бид өнгөрсөн хугацаанд бэртэл гэмтэл зөндөө авсан. Одоо ч бид мундаг туршлага сууж, бүх эрсдлээс өөрсдийгөө бүрэн хамгаалсан гэж хэлж чадахгүй л байна. Зарим хүн “Та нар хөдөө хээр аялаад жаргалтай ажилтай шүү” гэдэг. Энэ бол телевизийн нэвтрүүлгээр гарч буй 30 минут л юм. Бид ард нь яг юу болж өнгөрсөн 30 хоногийн тухай нэвтрүүлгээрээ гаргадаггүй. Миний бодлоор олон сэтгүүлч, студи, телевизийн уран бүтээлчид энэ жанраар нэвтрүүлэг хийгээсэй гэж хүсдэг. Бид анх удаа Монголд байгаль орчны цуврал нэвтрүүлэг хийсэн ч хүмүүс биш шүү дээ. Биднээс өмнө социализмын нийгэмд О.Уртнасан гуайгаас авахуулаад олон хүн байсан. Сүүлд “Гараг” студийн захирал Г.Бадамсамбуу байна. Бидэнтэй зэрэгцэн байгалийн нэвтрүүлэг хийх гэж оролдоод тодорхой шалтгаанаар замаасаа буцсан хүмүүс ч байдаг. Ийм жанрын нэвтрүүлгийг хийхдээ эрслээс өөрсдийгөө хамгаалах ёстой.

Манай багийн хамгийн ахмад нь У.Ганбаяр бид хоёр болж байна. Тэгэхэд бид хоёрын өвчний онош жилд л нэгээр нэмэгдэх болсон. Миний хувьд зүрхний асуудалтай. Бэртэл гэмтэл гэвэл олон. Уулнаас унаж тусаагүй ч хөрлөсөн хаврын хатуу цасан дунд явж байгаад нэг буруу гишгэхэд баруун талын хөлийн шөрмөс суначихсан байх жишээтэй. Шөрмөс бол байнга сэдэрч байдаг зовлонтой өвчин юм. Үргэлж хүнд ачаа үүрснээс болж У.Ганбаярын нурууны мэдрэлийн судас дарагдаж, нуруу хөл нь өвддөг болсон. Тэгээд л хээр газар хоолтой хоолгүй, өвөл, зунгүй майханд хононо. Чадвал айлд хононо. Ингээд бодоход эрүүл мэнд хамгийн том эрсдэл байдаг юм билээ. Дараагаар нь бэртэл гэмтэл орно. Гуравдугаарт нь техникийн эрсдэл үүсдэг. Тодруулбал, багийнхан маань цоохор ирвэсийн зургийг авах гэж яваад хамгийн үнэтэй, том 600-гийн дурангаа хад руу алдаж, хугалж байсан. Урт замыг туулахад аппаратны хөл, толгой, дуран хэдэн килограмм байх билээ, тэгээд өөрсдийнхөө хэрэглээний хоол хүнс болон ойр зуур хэрэглэх линз, дууны хэрэгсэл, гэрэлтүүлэг гээд нэг машинд багтахгүй олон ачаа бий. Мөн машин маань бөөрөөрөө унаж, хагархай цонхтой онхолдсон машин дотор өвлийн шөнө эзгүй говьд хонож байлаа. Тэр тухайгаа бараг гэр бүлийнхэндээ ч хэлээгүй явж байсан удаа бий. Энэ бол хүмүүсийн хэлдэг шиг майхнаа ачаад, шорлог шараад иддэг шиг амар аялал биш.

Гэхдээ энэ ажил хүмүүст хэрэгтэй, чухал, гоё ажил учраас бид ялархаж, ачирхаагүй, бардаагүй.

-Бидэнд “Хүрээлэн” төслийн баг бүрэлдэхүүнээ танилцуулаач?

У.Г: Манай баг одоогоор долоон хүний бүрэлдэхүүнтэй. Багаа танилцуулбал нэг эвлүүлэгч, гурван зураглаач, төслийн удирдагч У.Ганбаяр, ерөнхий редактор, продюсер М.Буянбадрах, менежер маань бас ажилладаг. Гэхдээ манайхан нэг хүн нэг ажил хийдэггүй. У.Ганбаяр маань жолоочоо хийнэ. Зургаа ч авна, дуугаа, гэрлээ ч хариуцна. Тогоочоор ч ажиллана. Би гэхэд продюсер, сэтгүүлч, зохиолч, найруулагчаа, зургийн даргаа хийнэ. Хүн болгон доод тал нь дөрвөн хүнийг ажлыг хийх хөрвөх чадвартай байдаг. Тэрнээс биш “Би зөвхөн зураглаач хүн” гээд суугаад байх боломжгүй л дээ. Заримдаа багийнхаа чадварлаг залууст хүссэн цалинг нь өгч чадахгүй үе гарна. Тодорхой хугацаанд ажиллаад шантрах үе гарна. Мэдээж, хувийн болон эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас гарна. Гэхдээ бусад газрыг харж байхад харьцангуй тогтвортойгоор багаараа ажиллаж байна. “Хүрээлэн” төсөлд ажилдаа дуртай хүмүүс л ажилладаг. Тэрнээс биш “Би чадна” гэдэг баатруудын хийдэг ажил биш учраас харьцангуй тогтвортой байдаг. Одоо ажиллаж буй залуус маань богино хугацаанд маш хурдацтай өсөн дэвшиж байгаа.

М.Б: “Хүрээлэн” төслийг бид долоо ч хийгээд байгаа юм биш. Ер нь бол өөрөө тусдаа ажилтай кино найруулагч, продюсер хүн бол А.Миеэгомбо. Түүний хоолойноос өөр хүний хоолойгоор цуврал нэвтрүүлгээ хүргэхэд сонин л болдог юм билээ. Бид А.Миеэгомбыгоо зайлшгүй ажилтай, томилолттой үед ганц нэг хүнээр нэвтрүүлгээ уншуулахад муу болоогүй. Магадгүй түүний хоолойгоос дээр байсан ч байж магадгүй. Миеэ маань гомдохгүй байх. Гэхдээ л чихэнд хоногшсон тэр гоё хоолой, сэтгэлээсээ уншиж, бидэнтэй хамт зовлон бэрхшээлийг туулж, амьтны зан байдлыг мэдэрсэн юм шиг уншина гэдэг ховор юм билээ. Мөн бид мэргэжлийн биологичид биш. Байгаль хамгаалагчид биш.Тиймээс бидний ажилд хамгийн их тус болдог хүмүүс бол биологичид юм. Би энэ удаагийн шагнал авч байхыг харсан ч болоосой гэж харамсан бодож байгаа хүн бол  салбартаа “зээрийн” гэж алдаршсан доктор Б.Лхагвасүрэн агсан маань байна. Эргээд бодоход нийт 100 гаруй дугаарт хэн хамгийн олон ярилцлага өгч, мэдээлэл танилцуулсан бэ гэхээр талийгаач маань байдаг юм. Монгол Улсын их сургуулийн багш Н.Батсайхан, Р.Самъяа, шувуу судлаач Б.Нямбаяр, судлаач Ё.Онон, Ц.Дашпүрэв, Д.Өсөхжаргал гээд маш олон биологичид мэргэжлийн зөвлөгөө, судалгааны материалынхаа үр дүнг хуваалцдаг. Мөн бид улсын хилболон тусгай хамгаалалттай газраар явдаг. тусгай хамгаалалттай газрын захиргаанаас газарчилж, мэдээлэл байнга өгч, тусалдаг юм.

-Төслөө үргэлжлүүлэхэд санхүүжилт нь хүрэлцдэг үү. Зарим иргэн мөнгөөр “зодож” цуврал нэвтрүүлгүүдээ хийгээд, аялаад байдаг юм шиг ойлгодог. Нууц биш бол санхүүжилтээ хэрхэн олдог вэ?

М.Б: Бид телевизэд контентоо өгдөг. Телевизээс зөрүүлээд рекламны цаг өгдөг. Бид тэр рекламны цагийг борлуулах гэж үздэг. Ерөнхийдөө сурталчилгааны орлогоор санхүүждэг гэсэн үг. Манай телевизүүд гадны олон ангит кинонуудыг албан ёсны эрхтэйгээр тодорхой мөнгө төлж, гаргадаг мөртлөө бидний нэвтрүүлгийг МҮОНРТ-ээс бусад телевиз мөнгө төлдөггүй, бартераар авдаг. Бид “Хүрээлэн” төслийн логотой цамц, хөрөгчний наалт хүртэл зарах гэж үзнэ. Энэтхэг явсан тухайгаа ярьсан шүү дээ. Тэгэхэд найзууддаа У.Ганбаярынхаа гэрэл зургийг 100 ам.доллараар зарж, онгоцны тасалбараа авч байлаа. Бидэнд туслах албагүй мөртлөө бодлогоор дэмжихэд тусалъя гэж реклам сурталчилгааны дэмжлэг үзүүлдэг маш олон байгууллага байдаг. Бидэнтэй хамгийн тогтвортой ажиллаж байгаа байгууллага гэвэл Төрийн банкны хамт олон байна. Энэ жилийн хоёр том төслийг дэмжиж ажилласан “Энержи Ресурс” компани байна. Монголын продакшн студид ийм том дэмжлэгийг хариу нэхэлгүй үзүүлсэн тус компанийнхан 10 жилийнхээ ойн хүрээнд маш өндөр мөнгөн дүнгээр манай тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж өгсөн. “Оюу Толгой” компаниас хамтран “Адуу” дэд төслийг хэрэгжүүлж, дөрвөн цуврал, нэг баримтат кино хийхээр ажиллаж байна.

Зүгээр гудамжинд тааралдаад, нэг сая төгрөгөөр тусалдаг сайхан найзууд байна. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал асан М.Наранбаатар, “Аморе косметикс” компанийн захирал Ж.Батжаргал, “Калмык. Их нүүдлийн мөрөөр” баримтат киног МҮОНРТ-ийн хамт олон хэсэгчлэн санхүүжилтыг нь дэмнэж, хамтран ажилласан.

-Хууль бус антай хэр таарч байв?

М.Б: Нэг үеэ бодвол хулгайн ан харьцангуй гайгүй болж, зэрлэг ан амьтдын тоо өсч байна. Хүмүүсийн амьдралын түвшин сайжирч, арилжааны зорилгоор халаасаа тэмтрээд, буу бариад уул руу алхдаг тэр үе өнгөрчээ. Хуучных шиг контейнер дүүрэн тарваганы арьс гаргадаг үе харьцангуй буурсан. Бидний ойлгож байгаагаар одоо хоёр том эрсдэл зэрлэг ан амьтдад тулгарч байна. Нэгдүгээрт, улс хөгжөөд ирэхийн хэрээр дэд бүтцийн хөгжил буюу зэрлэг амьтдын нүүдлийг хязгаарласан төмөр тор, цахилгааны шугам гэх мэтээс болж тоо толгойн хорогдож байна. Өнөөдөр бид шонхор шувууг үндэсний бахархалт шувуу гэдэг боловч стандартын бус цахилгааны шон дээр хэдэн мянган шонхор тогонд цохиулж амиа алддаг тухай тоог сонсвол ухаан алдаж унана. Хүний амьдралд зам, тог цахилгаан хэрэгтэй юу хэрэгтэй. Гэхдээ зэрлэг ан амьтдад ээлтэй, нөлөөлөл багатай, зөв стандартаар хийгээсэй гэж боддог. Хоёрдугаарт, манай мал аж ахуйн салбар байна. Нууруудад усны шувууд цугладаг. Гэтэл малын хөлд олон шувууны өндөг хагарч байна. Тэрийг байгалийн хуулиараа үнэг идээд байгаа юм биш. Энэ нь тэр малчны малын ч буруу биш. Үүнд зохицуулалт л хэрэгтэй байна. Тэгээд тэнд дахиж шувуу ирэхгүй шүү дээ.

-Гэр бүлээ бидэнд танилцуулаач. Найзууд нь “Байгалийн” /түүний эхнэрийн нэр/ гэрэл зурагчин гэж хошигнодог гэл үү?

У.Г: Тийм. Манайх ам бүл тавуулаа. Гэргийг маань Б.Байгалмаа гэдэг. Хань маань газар зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Хоёр охин нэг хүүтэй. Бага охин маань энэ жил нэгдүгээр ангид орсон. Том охин маань график дизайны чиглэлээр суралцдаг. Ар гэр их чухал. Ажил төрлийн онцлогийг ойлгодог учраас бид дураараа ажлаа хийж байна.

М.Б: Бид хоёрын амьдрал адилхан. Манайх хоёр охин, нэг хүүтэй. Бага хүү маань гуравдугаар ангийн сурагч. Дунд охин зургаа, том охин аравдугаар ангид сурдаг. Эхнэр маань төрийн албан хаагч. Манай хүүхдүүд бидний хамгийн сайн үзэгч, шүүмжлэгч нь байдаг. Ер нь биднийг хөдөө явж байхад хүүхдүүд хоёр машин дээр шавчихдаг. Манай нэвтрүүлэг бол гэр бүлийн контент гэдгээрээ онцлог.

-М.Буянбадрах ахын хувьд сэтгүүлчийн гараагаа сониноос эхэлсэн байдаг. Өмнө нь байгаль экологийн талаар бичиж, нийтэлж байв уу?

М.Б: Би Монгол Улсын их сургуулийн сэтгүүлчийн ангийг 1995 онд төгссөн. Одоо ангийнхан маань сайн сайхан яваа. Найзуудаараа үргэлж бахархдаг. Миний хувьд оюутан байхаасаа Ү.Хүрэлбаатар эрхлэгчийн гараар орж, “Улаанбаатар” өдөр тутмын сонингоос ажлын гараагаа эхэлсэн. Саяхан Хүрлээ эрхлэгчтэй уулзаж, номоо дурсгахдаа “Улаанбаатар” сонинд байлдагчаас генерал хүртэл явсан чамд амжилт хүсье” гэсэн байна лээ. Би тухайн үедээ байлдагчаас генерал хүртэл явсан. Би өөрийгөө бичихдээ гайгүй гэж тоогоод шулга яриатай, тультраа учраас радиогийн босгоор алхаж орохгүй байх гэж бодож явтал ФМ 107 радиог багын найзтайгаа хамтран үүсгэн байгуулж, өөрсдөө нэвтрүүлэг, шоу хөтөлж явлаа. Тэгээд сайхан царай төрхтэй биш телевиз рүү хэзээ ч хальтрахгүй шүү гэж боддог байсан чинь одоо нэвтрүүлэг хийж, хоолоо олж иддэг болчихсон байна. Дундуур нь бас 24tsag.mn мэдээллийн сайтыг ажиллуулж байгаад өөр хүнд шилжүүлсэн байдаг юм. Үхэх дөхөж байгаа хүний үг шиг юмны тоо гүйцээж, бүх салбарт хүчээ үзлээ. Бага байхад олон төрлийн спортоор хичээллэдэг хүүхдийг спортын “банзал” гэж шоолдог байсан. /инээв/

У.Г: Би Буянаа шиг “банзал” байгаагүй ээ. Анх МОНЦАМЭ агентлагийн харъяа Улсын гэрэл зургийн газаас ажлын гараагаа эхлүүлсэн хүн /инээв/. Багаасаа гэрэл зурагчин болох хүсэлтэй хүүхэд байсан. Намайг гэрэл зурагчин болоход аав, ээж маань их нөлөөлсөн. Ээж маань хэвлэх үйлдвэрт хэвлэгч байсан. Аав минь хүүхэд байхад шинэ үзэсгэлэн болгоныг үзүүлж, дагуулж явдаг байлаа.

-Таныг сэтгүүлч болоход аав тань ихээр нөлөөлсөн биз. Аавынхаа тухай ярихгүй юу. Хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөж, сайн сайхан явааг нь хараад их баярладаг байх?

М.Б: Аав маань одоо 70 гарч явна. Аав маань сэтгүүлч, ээж багш мэргэжилтэй хүмүүс. Аав маань хуучны Батлан хамгаалах яаманд цэргийн сэтгүүлч байсан. Тухайн үеийн бүх цэргийн хэвлэл болох “Улаан од” сонинд сэтгүүлчээр ажилладаг байлаа. Одоо намайг энд тэнд явахаар ааваар минь овоглож таньж байгаад бахархаж, баярлаж явдаг. Намайг анхны Ц.Балдорж агсны нэрэмжит шагнал авахад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуай шагналыг гардуулсан юм. Тэгэхдээ “Би аавтай нь хамт ажиллаж байсан. Одоо Д.Мархаахүү гуайн хүүд нь шагнал гардуулах завшаан тохиолоо” гэсэн чинь манай аав гэрт орж, гарсан хүмүүст гайхуулаад ихэд баярласан даа.

-Та хоёрын маань цаашдын зорилго гэвэл?                           

У.Г: Одоогоор хавтсан дотор дахин ганц нэг баримтат кино, шинэ төслүүдийн санаа байна. Бид энэ нэр хүндтэй шагналын ард юу болов гэдгээ нэгтгэн дүгнээд, цаашдаа хэрхэн ажиллах зарчмаа шинэчлэх төлөвлөгөөтэй байна. Хоёрдугаарт ажлын арга барил, эрүүл мэндээ бодох цаг ирсэн байна. Ирэх оны зорилтууд бий. Одоо хүмүүст төлөвлөгөөгөө дэлгээд ярьчихаар гэнэтийн бэлэг биш болох байх. Мөн хөрөнгө санхүүжилтын хувьд хараахан шийдэгдээгүй байгаа учраас амлаад яахав. Ямар ч байсан бид хийх ажлаа үргэлжлүүлэн хийж, хоёр ч баримтат киноны бэлэн төслийн санхүүжилтийг хөөцөлдөж байна.

Цаашдаа “Калмык. Их нүүдлийн мөрөөр” баримтат киноноос илүү сонирхолтой, адармаатай баримт материал байгаа. Бас Ховд голын тухай баримтат кино хийхээр ажиллаж байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж