О.Машбат: Нэмэлт өөрчлөлтийг баталж чадвал Засгийн газар тогтвортой, шүүх хараат бус байна

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

О.Машбат: Нэмэлт өөрчлөлтийг баталж чадвал Засгийн газар тогтвортой, шүүх хараат бус байна

О.Машбат: Нэмэлт өөрчлөлтийг баталж чадвал Засгийн газар тогтвортой, шүүх хараат бус байна

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дэд ажлын хэсгийн гишүүн, Үндсэн хууль судлаач О.Машбаттай ярилцлаа.


-УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төcлийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, ард түмний саналаар батлах эсэхийг шийдвэрлэнэ. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг хэр сайн болсон гэж та харж байгаа вэ?

-Хүссэн хэмжээнд хүрээгүй боловч ер нь сайн болсон. Яг үүгээрээ батлагдвал Засгийн газар харьцангуй тогтвортой ажиллаж, шүүх илүү хараат бус, хариуцлагатай болно гэдэгт итгэж байна. Миний харж байгаагаар 2022 оноос Засгийн газар арай илүү тогтвортой болно, мөн тэр үеэс шүүх бас эрчимтэй шинэчлэгдээд эхлэх байх. Энэ өөрчлөлтийн анхны үр дүн таван жилийн дотор мэдрэгдэж, 10 гаруй жилийн дараагаас юу нь зөв, юу нь буруу байсан бэ гэдэг нь илүү харагдах байх. Засгийн газар, шүүх хоёрын хувьд илэрхий буруу гэхээр зүйл гарахгүй болов уу гэж найдаж байна. Энэ бүхэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дагаж гарах хуулиудаас бас шалтгаална. Байгалийн баялгийн тухай заалт эдийн засагт сөрөг нөлөөлж магадгүй, улс төрийн намын тухай заалт намын дарангуйллыг, эсвэл бүр намгүй, улмаар ардчилалгүй болгож магадгүй аюултай. Гэхдээ Үндсэн хуулийн Цэц энэ асуудлыг зөв тал руу нь чиглүүлбэл одоо байгаагаас илүү муудахгүй байлгаж болно. Ер нь улс орнууд Үндсэн хуульдаа өөрчлөлт хийхгүйгээр удаж байгаа шалтгаануудыг харахаар Үндсэн хуулийнхаа тайлбарыг орчин үедээ нийцүүлж явдаг юм байна. Үндсэн хуулийн Цэц бэхэжвэл уул нь ийм боломж бий гэсэн үг.

-Дээрх хоёр эрсдэлтэй гэж тайлбарлаж байгаа заалтыг ажлын хэсгүүд дээр ярилцаж сайжруулж болоогүй  юм уу?

-Эрсдэл үүсгэсэн энэ хоёр заалтыг Ерөнхийлөгчийн саналаар тусгаж баталсан. Байгалийн баялаг, улс төрийн намын тухай энэ хоёр заалтыг үндсэн хуулийн түвшинд нарийвчилж огт судлагдаагүй, УИХ-д өргөн барьсан төсөлд ч огт тусаагүй байсан. Ерөнхийлөгчийн тэргүүлсэн Зөвшилцлийн ажлын хэсгээс дээрх заалтыг тулгасныг нь зөвшилцлийн заалт гээд л УИХ-аар баталсан. Өөрөөр хэлбэл,

Ерөнхийлөгчөөс тулгасан заалт гээд л баталсан. Бусад улсын Үндсэн хуулийг харьцуулбал байгалийн баялгийн тухай заалт байх авч зарчмыг нь зааж өгөхөөс хэтэрдэггүй. Улс төрийн намын тухай ийм заалт Үндсэн хуульд байж яав ч  таарахгүй.

-Яагаад вэ?

-Улс орныхоо алс хэтийг бодсон биш, Ерөнхийлөгчийн хувьд зөвхөн цаг үеийн улстөржилт, дараагийн сонгууль харсан популист заалт л болчихсон гэж би хувьдаа харж байна. Үндсэн хуулийн Цэц зах зээлийн эдийн засгийн механизм, хүний үндсэн эрхийн асуудлаа зөв ойлгоод түүндээ нийцүүлж зөв тайлбарлавал ноцтой алдаа гарахаас цаашдаа сэргийлж болно.

– Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр шүүх бүхэлдээ нэг хүнээс хараат байдгийг болиулж шударга бусын хонгилыг нурааж чадах уу?

-Шударга бусын хонгилыг нураахын тулд л шүүхийн тухай заалтыг хийсэн. Шүүгч, түүнийг томилдог, хянадаг, хариуцлага тооцдог эрх мэдэл ганц гарт байгаа болохоор л хонгил бий болсон. Хонгилыг үе үеийн Ерөнхийлөгч нар ухсан, түлхүүрийг нь бие биедээ хүлээлгэж өгдөг гэдэг шүү дээ. Шүүгчийг томилдог эрх нь Ерөнхийлөгчдөө хэвээр байгаа. Үүнийг 1992 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэмээн олгосон, энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр хөндөөгүй. ШЕЗ-ийн тухай асуудлыг Үндсэн хуульд бүрхэг тусгасан байснаас шүүх эрх мэдлийн бие даасан байдалтай холбоотой бэрхшээл байнга гарах болсон. Нэг хэсэг Хууль зүйн яамнаас томилдог байсан, дараа нь Дээд шүүхээс томилдог болсон. Нэг бол Хууль зүйн сайдаас шүүгч хамааралтай болчихоод, эсвэл Дээд шүүхийн заавраар шүүгч нь шүүгчдэдээ хариуцлага тооцож чаддаггүй болчихоод байсан. Ингээд Ерөнхийлөгчид энэ асуудлыг өгөхөөр Шүүхийн захиргааны хуулиар зохицуулсан. Одоо ШЕЗ, түүний дотор байдаг Шүүгчийн ёс зүйн зөвлөлийн гишүүдийг Ерөнхийлөгч томилдог. Гэтэл “сахил хүртээл шал дордов” гэдэг шиг юм болж, “шударга бусын хонгил” гэж нэршихдээ хүрлээ.

Шүүгч хараат, хариуцлагагүй байвал юу болдгийг бид өнгөрсөн хугацаанд харж байна. Ерөнхийлөгчийн огцруулж, хариуцлага тооцоод байгаа шүүгч нар бол дийлэнх нь өмнөх Ерөнхийлөгчийн томилсон хонгилын эрлэгүүд. Тэднийг сольж байгаа шалтгаан үндэслэлтэй байж магадгүй, гэхдээ арга зам нь буруу учраас хуульч мэргэжилтэй хүн болгон л дургүйцэж байна. Улмаар ингэж солихын гол зорилго нь хонгилыг нураах биш өөрийнхөө эрлэгээр дүүргэх гэсэн одоогийн Ерөнхийлөгчийн явцуу сонирхол ард нь байгаа гэж улстөрчид хардаж, шүүмжилж байна. Ардчилсан нийгэмд иргэд ингэж дургүйцэх, хардах, шүүмжлэх эрхтэй.

Сонгох, томилох, хариуцлага тооцох эрх мэдлийг нэг улстөрчийн гарт төвлөрүүлсэн ийм байдлыг өөрчлөх ёстой гэсэн судалгаа 2016 онд хийгдсэн байдаг. Тэр үед хонгил гэдэг улс төрийн нэр томьёо гараагүй байсан боловч эрх зүйчид, судлаачид эрсдэлийг олж харсан, анхааруулж байсан. Тиймээс энэ Үндсэн хуульд олон улсын жишгийг даган шүүгчийг сонгон шалгаруулах, томилох, хариуцлага тооцох ажлыг өөр өөр субъект хийж байхаар тусгасан.

Энэ нэмэлт, өөрчлөлт батлагдвал шүүгч өөрийг нь томилсон хүнийхээ эрхшээлд орохгүйгээр, шийдвэрээ үндэслэлтэй гаргаж, ёс зүйтэй зөв л байвал улс төрийн шалтгаанаар хариуцлага хүлээхгүй байх боломжтой болно. Тиймээс яг шүүхийн асуудлаар дэвшил гарна гэж итгэж байна.

-Магадгүй үнэмлэхүй олонхтой парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчихвал маргаан, шүүмжлэл дагалдахыг үгүйсгэхгүй. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-УИХ-ын бүрэлдэхүүн ямар байхыг 2016 оны сонгуулиар ард түмэн шийдсэн. Сайнтай, муутай, янз бүрийн л хүмүүс бий. Сүүлийн үед хараад байхад ЖДҮ-д орооцолдсон, 60 тэрбумын хэрэгт орооцолдсон гээд л хүн нэг бүр дээр асуудал гаргаад л шуугиад байгаа юм. Тэр нь үнэн ч байж магадгүй, худлаа ч байж магадгүй. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг яллаж болохгүй. Гэхдээ нэг зарчим маш чухал. УИХ-ын гишүүн сайн байна уу, муу байна уу гэдгээс үл хамааран тэд хамтдаа ард түмнийг төлөөлдөг. Ганцаараа биш, хамтдаа шүү. Тиймээс УИХ-ыг бүрдүүлж байгаа 76 гишүүн ямар ч байж болно, гэмт хэрэгтэн, овилгогүй нэгэн, унтаа, орилоо ямар ч байж болно, гэхдээ хамтдаа УИХ-ын танхимд нийлж суухаараа ард түмнийг төлөөлж шийдвэр гаргах эрхтэй болдог. УИХ гэдэг бол хамтын байгууллага, хамтдаа байж бүрэн эрхээ эдэлнэ. УИХ бол ард түмэнтэй адил ойлголт. Ард түмэн гэж хэн бэ. Хүн бүрийг, иргэн бүрийг харвал та хэнийг ч харж болно. Манай улсын зарим иргэн төрдөө тангараг өргөөд зүтгэж байна, зарим нь бизнес хийж байна, зарим нь хүүхдээ асарч байна. Зарим нь согтуу гудамжид, зарим нь бүр шоронд ч байна. Хүн нэг бүртэй яривал улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлыг огт сонсоогүй хүн ч тааралдана, ойшоохгүй хүн ч тааралдана. Гэхдээ ард түмэн гэж тэр хүмүүсийг тус тусад нь биш, бүхэлд нь хамтад нь хэлдэг. Нэг хүн бол нэг хүн, гэхдээ бүх хүн нийлээд ард түмнийг бий болгодог. Үүнийг Алун гуа эхийн домогтой зүйрлэж болно. Нэг сум амархан хугарч болно, тэр нь бүр цуурчихсан байж ч болно, гэхдээ олон сумыг нийлүүлж баривал цуурсан сум ч хугарахгүй байж магадгүй шүү дээ. Яг үүнтэй адил, УИХ-ын тодорхой гишүүн гэмт хэрэгт холбогдсон өөдгүй амьтан байж болох авч нэгэнт л ард түмнээсээ итгэл авсан бусадтайгаа нийлээд УИХ-ыг бүрдүүлдэг. УИХ-ын гишүүд ямар байхаас үл хамааран хамтдаа ард түмнийг төлөөлж шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Тийм учраас хэдэн намаас бүрдсэн, хэнээс бүрдсэн бэ гэдэг бол хууль зүйн хувьд ач холбогдолгүй юм. Гаргасан шийдвэр нь Үндсэн хуулийн хувьд ч, хууль зүйн хувьд ч хүчин төгөлдөр. Харин зөв, буруу шийдвэр байна гэж маргах, шүүмжлэх асуудал байж болно, хамгийн гол нь ард түмнийг төлөөлж гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр юм.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд ард иргэд рүү чиглэсэн заалт төдийлөн байхгүй. Голдуу засаглал, эрх мэдлийн хуваарилалттай холбоотой өөрчлөлтүүд орж байгаа. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлт ард түмэнд юуг авчрах юм бэ?

-“Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэж үнэн үг бий. Манай Үндсэн хууль бол суудал, гүйдлийг нь тааруулсан их сайн хууль. Даанч суудал дээр нь төрийн хүн суухаа болчихоод төр ёсыг мэддэггүй хүн суучихаад хүчингүй болсон хуульд хориг тавиад байна шүү дээ. Хяналт-тэнцлийн харьцааг нь сайн хийсэн тулдаа ямар ч балмад үйлдлийг нь УИХ дээр саармагжуулж тэнцвэржүүлж байна. Тийм учраас 1992 оны Үндсэн хууль бол маш сайн хууль. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн зорилго ч бас л ийм. Гүйдлийг нь тааруулахын тулд суудлыг нь засч байгаа хэрэг. Тиймээс л гадна талаас нь харахад сандал ширээний асуудал зохицуулж байгаа юм шиг харагдах байх. “Ард түмэнд юу өгөх вэ” гэж шүүмжилж байгаа улстөрч байвал асуудлыг ойлгохгүй байгаагаа л харуулж байгаа хэрэг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар ард түмэнд гурил, будаа, бэлэн мөнгө өгөхгүй. Харин жирийн иргэн ажлаа хийхэд нь төрөөс саад болоод байдаггүй, төрийн нэр барьж бизнесийг нь дээрэмддэггүй, Засгийн газар нь ажлаа тогтвортой хийж үр дүнд хүргэдэг, шүүгч нь асуудлыг хуулийн дагуу шийддэг болох үндсийг л тавина. Тэр нь аажимдаа ард түмэнд өгөөжөө өгч, амар жимэр амьдрах боломжийг өгнө гэж л бодож байна.

-Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа. Хоригт тусгагдсан тайлбарууд нь хууль эрх зүйн хувьд хэр үндэслэлтэй вэ?

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл ч, түүнийг иргэдээр батлуулах тухай тогтоолд ч хууль зөрчсөн асуудал байхгүй. Үнэнийг хэлэхэд, Ерөнхийлөгчийн хориг үнэмшилтэй санагдаагүй. Урт урт таван зүйл болгосон боловч багцалбал хоёр зүйлийг л хоригтоо тусгасан байсан. Нэгдүгээрт “хууль” гэж нэрлэсэнгүй гэсэн байсан. Ерөнхийлөгч долдугаар сарын 16-нд төсөл, саналаа өргөн барих үеэрээ яг энэ талаар ярьж л байсан, саяын хоригт туссан таван зүйлийн дөрөв нь энэ асуудлыг өөр өөр үгээр давтсан байсан. Үндсэн хуульд “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” гэж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль тэр нэмэлт, өөрчлөлт нь “хуулийн хэлбэртэй” байх ёстой гэж заасан. Тиймээс өргөн барьсан төсөл нь “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” нэртэй, гэхдээ хуулийн хэлбэртэй байгаа. Хуулийн хэлбэртэй гэдэг нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлагдмагц Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй, Үндсэн хуулийн Цэцээр хянуулах боломжтой гэсэн үг болохоос “хууль” гэсэн нэртэй байна гэсэн үг биш. Үүнийг хуульч болгон л ойлгож байгаа.

Хоёрдугаарт, Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолдоо Үндсэн хуулийн зарим заалт, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг эшлээгүй байна гэсэн. Үнэндээ энэ бол шальдар булдар шалтаг юм. Хуулийн зүйл, заалтаар хүмүүсийн толгойг эргүүлээд байгаа болохоор жаахан дэлгэрэнгүй тайлбарлая. Энд яригдаад байгаа дөрвөн зүйл бий. Нэгд, Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 гэдэг нь гагцхүү УИХ-аас ард нийтийн санал асуулгыг зарлана гэж бүрэн эрх олгосон заалт бий. Бүрэн эрх олгосон заалтыг “үндэслэдэггүй”, харин “удирдлага болгодог”. Үүнийг сүүлийн үед ялгахаа больчхоод байгаа, үндэслэхийг шаардаж байгаагаараа Ерөнхийлөгчийн хориг ч буруу юм. Гэхдээ тэнд АНСА-д сонгогчийн олонх оролцвол хүчинтэй байна, оролцсон хүмүүсийн олонхоор асуудлыг шийдсэнд тооцно гэсэн хоёр зарчим тод бий. Хоёрт, Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2 дах хэсэг дотор нь сая ярьсан заалтыг үндэслээд ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталж болно гээд заачихсан. Шийдвэрийг УИХ гаргана, сонгогчийн олонх оролцвол хүчинтэй, олонхийн саналаар шийдсэнд тооцно гэдгийг давтаж өгүүлэхгүйн тулд тэр тухай заалтыг эшилчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тогтоолд эшилсэн заалт дотор нь эшилсэнгүй гэж Ерөнхийлөгчийн хоригт яриад байгаа заалтыг нь эшилчихсэн юм.

Гуравт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-т энэ яриад байгаа хоёр заалтыг үндэслэх ёстой гээд заачихсан байна гээд Ерөнхийлөгчийн хоригт дурдсан. Яг текстийг нь уншвал хоёр агуулга байгаа юм. Юун түрүүнд, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийт иргэдээр батлуулах явдал бол ард нийтийн бусад санал асуулгаас онцлог шүү гэдгийг хэлсэн байна. Нөгөөтэйгүүр, УИХ-д АНСА явуулах бүрэн эрхийг Журмын тухай хууль өөрөө Үндсэн хуулийн дээрх хоёр заалтыг үндэслэн тодотгож байгаа юм. Түүнээс биш, байгууллагын удирдлага шийдвэр гаргахдаа эрх зүйн ямар актыг эшлэх ёстой вэ гэдгийг хуулиар заасан практик огт байдаггүй. Яагаад гэвэл шийдвэр болгон өөр өөр, агуулга болон нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр хуулиар олгосон эрхийн дагуу асуудал, шийдэлдээ тохирсон эрхзүйн өөр өөр үндэслэлийг боловсруулах ёстой.

Ерөнхийлөгчийн дэргэдэх хуульчид нь нэг бол захиргааны ажлын туршлага байхгүй учраас хуулийн текстийг буруу уншаад байна, эсвэл ойлгохгүй байх шиг байна.

Дөрөвт, АНСА-ийн тухай хуулийг эшлэх ёстой гэж шаардаад байгаа. Тэр хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг АНСА явуулж баталж болно гэсэн заалт л бий, түүнийг эшлэх ёстой гэж яагаад шаардаад байгааг би ойлгохгүй байгаа. 2 дугаар зүйл, 4 дүгээр зүйл хоёроос өөр газар Үндсэн хуультай холбоотой нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Яагаад гэвэл АНСА-ын тухай хууль бол асуудлыг хэрхэн зохион байгуулах, төрийн байгууллагууд энэ үед юу юу хийх ёстой вэ гэдгийг заасан хууль. Үндсэн хуулиар УИХ-д олгосон бүрэн эрхийг тодотгосон заалт л байгаа, өөр илүү, дутуу юм байхгүй. Хоригийг үзвэл Үндсэн хууль болон АНСА гэсэн хоёр үгийг холбосон бүх заалтыг л тогтоолд эшлэх ёстой байсан бололтой юм. Хууль зүйн тийм шаардлага байхгүй. Тиймээс би энэ хоригийг зүгээр л улстөржилт гэж харж байна. Улстөржилтийнх нь тухай би ямар нэг тайлбар хийх боломжгүй.

-Сүүлийн үед засаглалын асуудал нэлээд яригдах боллоо. Магадгүй Ерөнхийлөгчийн засаглалыг сонгоод ардчиллыг хөгжүүлэх боломжтой юу?

-Ерөнхийлөгчийн засаглалын асуудлыг сөхөж тавьж байгаа хүмүүс бий. Дутуу судалсан хүмүүс түүндээ итгэчихээд зүтгээд байдаг, нэг нөхөр АНУ-ын Үндсэн хууль, түүнийг тайлбарласан Мэдисоны трактатуудыг уншчихаад мэдэмхийрээд л, Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гээд л байгаа. АНУ-ын Үндсэн хууль бол хамгийн анхны Үндсэн хууль, эрх зүйн гэхээсээ улс төрийн баримт бичиг. Түүнээс хойш 250 шахуу жилд Үндсэн хууль маш их хөгжсөн. Мэдисоноос өөр сэтгэгч, онолч олон гарсан, онолоос гадна шүүхийн хэрэглээний түвшинд гарсан олон олон ололтоор баяжсан.

Ерөнхийлөгчийн засаглалыг нутагшуулах их зовлонтой гэдгийг жинхэнээсээ түүх харуулна. АНУ-ын өөрийнх нь түүхийг үз. Хэдэн ерөнхийлөгчийн амийг хөнөөсөн бэ. Ерөнхийлөгчийн засаглалыг ХХ зуунд амжилттай нутагшуулсан өмнөд Солонгосыг хар, хэдэн ерөнхийлөгчийн аминд хүрч байж энэ засаглал энэ улсад өнөөгийн хэртэй тогтов. Дундад Азийн орнуудыг хар, Казахстанаас бусдад нь юу болж байна гэдгийг. Яагаад өнгөт хувьсгал дахин дахин гараад байна гэвэл нэг дарангуйлагчийг түлхэж унагахын тулд нөгөө дарангуйлагч нь гадаадын гүрэнтэй нийлж тайван хувьсгал хийж байгаа нь тэр. Ази, Африк, Латин Америкийн түүхийг харвал Ерөнхийлөгчийн засаглалыг нутагшуулах гэж оролдоод улс орон иргэний дайнд хүрч, эцэстээ гадаад гүрний тоглоомын засгийн газар тогтож байсан түүх тоймгүй олон. Тоглоомын Засгийн газрууд бүгд Ерөнхийлөгчийн засаглалтай байсан юм. Монголд Ерөнхийлөгчийн засаглалыг нутагшуулахын тулд хэдэн Ерөнхийлөгч дарангуйлал тогтоох гэж оролдоод хэдийг нь дараагийн дарангуйлагч буудаж, аль гүрний тоглоомын засгийн газар тогтож дуусахыг бүү мэд.

Ерөнхийлөгчийн засаглал Монголд тогтвол ардчилал оршин тогтнох эсэх нь чухал биш, харин ч тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа ямаршуухан хадгалж, харь гүрний тоглоом болчихгүй байх вэ гэдэг л жинхэнэ асуудал болно шүү.

Харин парламентын засаглал төлөвшиж тогтохдоо Ерөнхийлөгчийн засаглалыг бодвол зовлон багатай. Колонийн задралын дараа төрийн эргэлт гараагүй цорын ганц орон Африк тивд байдаг. Тэр нь Ботсвана парламентын засаглалыг сонгосон байдаг. Овойж оцойтлоо хөгжөөгүй боловч ядаж л аль ч гүрний тоглоом бололгүй үлдэж, ард түмэн нь амгалан амьдарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж