Ардчиллаар 30 жил замнаад юунд хүрсэнээ хар, одоо энэ алдааг засах ёстой гэсэн байр суурийг санаатай, санамсаргүй илэрхийлэх нь ихэслээ. Ялангуяа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх шийдвэрийг УИХ гаргаж хэлэлцүүлгийг эхэлсэн ч сүүлийн үед гацаанд орсноос хойш ийм яриа хаа сайгүй дуулдах боллоо. Ардчилал бол төгс зүйл биш ч одоогоор үүнээс өөрөөр засаглах давуу хэлбэрийг дэлхий нийт олоогүй гэдэгтээ олонх нь санал нийлдэг. Ардчилсан замыг сонгочлоо, ардчилсан сонгууль хийчлээ гээд ардчилал аяндаа төлөвшөөд хөтлөөд явчихгүй, улс төр, эдийн засаг, олон нийтийн олон хүчин зүйлс бүрдэж байж үр жимсээ өгдөг.
Энэ дундаас хамгийн чухал урьтач нөхцөл нь эдийн засгийн баталгаа. Хүн төрөлхтөний бүхий л цаг үеийн түүхэнд эд баялгийг дагаж эрх мэдэл үүсч байсан. Өнөө цагт ч ижил эдийн засгийн баталгаагаа хангаж чадсан улс гүрэн бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадаж байна. Монголын ардчиллын гол парадокс эдийн засгийн баттай хөрс суурьгүй байгаа байдал.
Уул уурхайн салбарын өсөлтөд суурилсан эдийн засгийн сэргэлтээ авлигажсан улстөрчдөд алдсан нь Монголын нийгмийн эмгэнэл.
Үнэндээ өнөөдрийн байдлаар Монголын эдийн засгийн гол баталгаа Монголын өмнийн говьд ажиллаж буй уул уурхайн төслүүд болоод байна. Мэдээж үүний нэг нь Оюутолгой төсөл. Улаанбаатараас онгоцоор цаг гаран нисээд Ханбогд сумын Ханбумбат буудалд буун шинэхэн тавьсан цардмал замаар Оюутолгойн уурхай руу дээр ирэхэд энд улс төр биш бүтээн байгуулалт өрнөж, шинэ Монголын бизнесийн соёл төлөвшиж байгааг мэдэрнэ.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших Оюутолгойн алт, зэсийн ордыг ашиглаж эхлээд 10 жил болжээ. Чамгүй урт хугацааны зөвшилцлийн эцэст Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд Монголын Засгийн газар “Айвенхоу Майнз” болон Рио Тинто компанийн хооронд байгуулснаар дэлхийн уул уурхайн салбартаа томд тооцогдох төслийн ажил эхэлсэн түүхтэй. Энэ гэрээг байгуулснаар Монголын эдийн засагт олон жилийн дараа өөр “үнэртэй” мөнгө орж ирсэн. Социализмын үед 70 гаруй жил Оросын, 1990 оноос хойш Хятадын мөнгө эргэлдэж байсан эдийн засагт өнгө алаглаж эхэлсэн. Үүнээс илүүтэйгээр дэлхийд томд тооцогдох Оюутолгойн ордыг ашиглаж эхлэх чимээ Монголыг олон улсын санхүү, бизнесийнхний анхаарлыг зүй ёсоор татсан.
1990 оноос ардчиллын чиг баримжааг сонгон авсан Монгол улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэл нь зүй ёсоор хоёр хөрш ОХУ болон БНХАУ байж, бусад улс орныг гурав дахь хөрш гэсэн ойлголтод багтаасан. Ийнхүү онолын хувьд гурав дахь хөрш хэмээн томъёологдсон улс орнуудаас эдийн засагт эрх ашгаа бодитоор илэрхийлсэн нь Оюутолгойн ордын ашиглалт байсан.
Монголын эдийн засаг 2010-2012 онд огцом өссөн, уул уурхайн хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох болсон, олон улсын санхүүгийн зах зээлээс хэд хэдэн удаа Монгол улс бондыг амжилттай босгосон зэрэг нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дагавар нөлөө байсан. 2011 онд Монголын эдийн засгийн өсөлт 17,5 хувьд хүрч дэлхийд гайхагдсан.
Дэлхий даяар зэсийн хэрэглээ улам нэмэгдэх тооцоог шинжээчид хийж буй. Ялангуяа экологид ээлтэй цахилгаан машины үйлдвэрлэлийг хөхиүлнэ гэдэг бол зэсийн эрэлттэй шууд хамааралтай.
Fitch Solution-ий тооцоогоор 2018 онд дэлхий даяар 23.6 сая тонн зэс хэрэглэсэн бол энэ 2019т онд энэ хэрэглээ 29.8 сая тоннд хүрэх ажээ. Цаашид дэлхийн нийтийн зэсийн хэрэглээ 2027 он хүртэл жилд дунджаар 2.6 хувиар өснө гэжээ. Монголын урд хөрш Хятад улс зэсийн хамгийн том хэрэглэгч орон хэвээр байгаа бөгөөд Хятадын зэсийн хэрэглээ жилдээ 2 орчим хувиар өсөх таамгыг шинжээчид хийжээ.
Оюутолгойн ордын олборлох боломжтой хүдрийн нөөцийг Эрдэс баялгийн зөвлөл 2010 онд 3.3 тэрбум тонн хэмээн тогтоосон байдаг.
Анхны зэсийн экспортоо хийснээс хойш Оюутолгойн уурхай тасралтгүй ажиллаж, үйлдвэрлэлийн дараагийн шатандаа бэлдэж байна. Дараагийн шат нь гүнийн уурхайн ашиглалт. Рио Тинто-гоос өнгөрсөн долдугаар сард гаргасан сүүлийн мэдээгээр гүний уурхайн бүтээгдэхүүн гаргах хугацааг 2022-2023 он, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг 6.5-7.2 тэрбум ам.доллар хэмээн зарласан. Гүнийн уурхайн санхүүжилтийн асуудал эцэслэгдээгүй ч бэлтгэл ажил хийгдсээр байна.
Үүний жишээ нь өнгөрсөн наймдугаар сард нээлтээ хийсэн Оюутолгойн гүний уурхайн захиргаа, үйлчилгээний “Чандмань” төв юм. Энэ төв нь гүний уурхайн бүх багийн үйл ажиллагаа болон хөдөлгөөнт техникүүдийн аюулгүй ажиллагааг хангах зориулалтын өндөр технологиор тоноглогдсон удирдлагын өрөө, гүний уурхайчид маань хувцаслах, шүршүүрт орох болон хооллох, хуралдах танхимууд, хувийн хамгаалах хэрэгслийн агуулах зэргийг багтаасан 13,570 метр квадрат бүхий хоёр давхар бүтээн байгуулалт юм.
Төвийн хамгийн гол хэсэг нь уурхайн хяналтын өрөө. Хяналтын өрөө нь удирдлагын “Evans” системээр тоноглогдсон. Энэ систем нь гүний уурхайн агаарын урсгал, халаалтын систем, цахилгаан ашиглалт болон үйл ажиллагааны явцыг бүрэн удирдлагаар хангах боломжтой.
БИЗНЕСИЙН ШИНЭ СОЁЛ
2018 оны сүүлийн улирлын тоон мэдээгээр Оюутолгойд 17 мянга орчим хүн ажиллаж байгаагийн 58.1 хувь нь гүний уурхайн ажилчид байна. Монголын шилдэг залуу хэдэн мянган боловсон хүчин дэлхийд данстай болсон энэ төслөөс бизнесийн төдийгүй харилцааны соёлд суралцаж байна.
Энд ажиллаж байгаа залуус Монголын эдийн засгийн хөгжлийг дараагийн 20-30 жилд авч явах бэлтгэгдсэн боловсон хүчин болон төлөвшиж байна. Ажлын хариуцлага, цаг барих, төлөвлөснөө хийх, үгүйдээ л хүнтэй мэндлэх наад захын соёлд энд суралцаж байна.
Оюутолгой төсөл Монголын гадаад харилцаанд онцгой үүрэгтэйг өмнө өгүүлсэн. Өнгөрсөн наймдугаар сард Оюутолгойн уурхайд АНУ-ынТөрийн департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан туслах Төрийн нарийн бичгийн дарга Маниша Сингх айлчилсан. Олон нийтэд нэг мэдэгдээгүй байж болох энэ айлчлал АНУ-ын эрх ашиг Монголын өмнийн говьд, Хятадын хилийн ойролцоохон байгааг нотолсон.
Тоон утгаар нь авч үзвэл Монголын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө ихтэй энэ төсөл хэсэг бүлэг улстөрч, “мэргэжлийн” тэмцэгчдийн амин зуулга болоод удаж байна. Монголыг глобальчлалын нэгэн эд эс болгож, бүрэн эрхэт тоглогчийн нэг гэдгийг энэ төсөл мэдрүүлдэг.
Холбоотой мэдээ