ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Парист очиж, Францын Ерөнхийлөгч асан Жак Ширакийг сүүлчийн замд нь үдэх ёслолд оролцох ажээ. Энэ талаар ОХУ-ын удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээллээс иш татан “РИА Новости” агентлаг уламжилсан байна.
Ширак Францыг нийт 12 жил буюу 1995-2007 оны хооронд удирдсан бөгөөд тус улсын Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад 86 насандаа таалал төгсжээ.
Францын Ерөнхийлөгч асан Жак Ширакийг сүүлчийн замд нь үдэх албан бус салах ёслол өнгөрсөн Ням гаригийн үдээс хойш Парис хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордонд болсон байна. Талийгаачийн хүргэн Фредерик Сала Бару "Түүнийг хайрладаг хүн бүхэнд нээлттэй" хэмээн хэлснийг “Aujourd’hui en France” сонинд мэдээлжээ.
Ширактай салах ёс гүйцэтгэх албан ёсны ёслол өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны Даваа гаригт болох аж. Франц улс даяар энэ өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ. Ширакийг Парисын Монпарнассе оршуулгын газарт том охин Лоренсийнх нь хажууд оршуулах юм байна.
Парисын Сен-Сюльпис сүмд болох салах ёс гүйцэтгэх ажиллагаанд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй дэлхийн 30 орчим орны удирдагч, Засгийн газрын тэргүүнүүд оролцох талаар “Europe 1” радио станц мэдээлжээ.
Путин өнгөрсөн зургадугаар сард Жак Ширак түүнд хүчтэй сэтгэгдэл үлдээсэн талаар өгүүлсэн аж. Түүний хэлснээр, Ширак өөрийн үзэл бодлоо тууштай хамгаалж, бусдын санаа бодлыг хүндэтгэж чаддаг нэгэн байжээ.
Эх сурвалж: FRANCE PRESS, РИА Новости
Холбоотой мэдээ