Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо Бямба гаригт Хууль зүйн сайд Чо Гүгийг дэмжигчид жагсаж, прокурорт шинэчлэлт хийхийг шаарджээ. Хэдийгээр Чо Гүгийн гэр бүлийн нэр холбогдсон авлигын хэргээр мөрдөн шалгах ажиллагаа өргөжиж байгаа ч Хууль зүйн сайдын эхлүүлсэн шинэчлэлийг ард түмэн дэмжиж буйгаа илэрхийлсэн нь энэ. Сөүл хот дахь Ерөнхий прокурорын газрын гадна өчигдөр орой лаа барьсан хүмүүс жагсаал хийсэн аж. Тэд прокурорууд хэвлэл мэдээлэлтэй хамтран Хууль зүйн сайдын эхлүүлсэн шинэчлэлтийг замхруулахыг оролдож байгааг шүүмжилсэн байна. Зохион байгуулагчдын зүгээс жагсаалд 1,5 сая орчим хүн оролцсон гэж мэдэгдсэн боловч цагдаагийн газраас албан ёсны мэдээлэл өгөөгүй аж.
Үүний зэрэгцээ Чо Гүгийг нэн даруй албан тушаалаас нь огцруулж, баривчлахыг шаардсан 1000 орчим хүн эсрэг талд жагсаал зохион байгуулжээ. Жагсагчдын хооронд мөргөлдөөн гарахаас сэргийлэн Сөүл хотноо 3000 гаруй цагдаагийн алба хаагч хэв журам сахиулжээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин хуулийн профессор зэрэгтэй Чо Гүгийг Хууль зүйн яамны сайдаар томилж, прокурор, шүүхийн шинэчлэлийг эхлүүлсэн нь ард түмнийг талцуулжээ. Чо Гүгийн томилгоог сөрөг хүчнээс хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Прокуророос Чо Гүгийн эхнэр охиноо их сургуульд элсүүлэхийн тулд бичиг баримт хуурамчаар үйлдсэн, авлига өгсөн гэх хэргийг хэвлэлд дэлгэснээр дээрх нөхцөл байдал үүсчээ. Улмаар прокуророос Чо Гүгийн гэрт удаа дараа нэгжлэг хийж, эхнэрийг нь байцаалтад дуудсан байна.
Эх сурвалж: Yonhap