Тойм: Улстөрчид ТҮГШҮҮРТЭЙ, урлагийнхан ДУУЛИАНТАЙ

Хуучирсан мэдээ: 2019.09.29-нд нийтлэгдсэн

Тойм: Улстөрчид ТҮГШҮҮРТЭЙ, урлагийнхан ДУУЛИАНТАЙ

Тойм: Улстөрчид ТҮГШҮҮРТЭЙ, урлагийнхан ДУУЛИАНТАЙ

Байнгын тэсрэх бөмбөгтэй Монголын улс төр өнгөрсөн долоо хоногт харьцангуй дуулиан шуугиан багатай байлаа. Гэхдээ хөшигний цаана улс төр уугиж, түймэр авалцахад бэлэн болжээ. Хэдийгээр  Ерөнхийлөгчийн зүгээс  Ерөнхий сайд руу ил цагаанаар довтлоогүй ч түүний  "нясалж" буй чулуунаас харахад улс төрд удахгүй бас нэг том зодоон эхлэх шинжтэй. Хөдөө, гадаадын томилолттой гээд Төрийн ордон эл хуль байсан нь ёстой л Монголын улс төрд их шуурганы өмнөх нам гүм ноёрхжээ гэмээр байв.  УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 30-нд хаалтаа хийж, ээлжит чуулган хуульд зааснаар аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. Өнгөрч буй долоо хоногт Төрийн ордон анир гүмхэн, гишүүд тойрог, тойрог руугаа явсан нь улс төрийн хоёр шалтгаантай байв. Нэгдэх нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг ард түмэнд таниулан сурталчлах үүрэгтэй. Нөгөө нь, хэрэвзээ УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах болбол өөрийгөө пи-ардах зорилготой.

Гэвч, Ерөнхийлөгчийн улс төрийн акциас айсан уу, ямартаа ч МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ыг тараах шийдвэрийг албан ёсоор гаргаагүй гэдгээ бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд мэдээллээ. 

УИХ-ыг тараах асуудал албан ёсоор яригдаагүй бас эцэслэгдээгүй байна. Дээр нь Ард нийтийн санал асуулга авах болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг баталсан тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсныг УИХ-аар 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. 14 хоног нь ирэх долоо хоногт дуусна.

Эдийн засгийн гол үйл явдал нь "Дисковер Монголиа" байлаа. 17 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалтын үр дүн удахгүй гарна биз. Ямар ч байсан хариуцлагагүйтэй нь тооцоо хийгээд хариуцлагатай нь дэмжих ёстой гэж хөрөнгө оруулагчид Засгийн газар хандаж "мессеж"-ээ өгсөн юм.

Засгийн газрын яамдууд үйл ажиллагаагаа ээлж дараалан иргэдэд танилцуулах нэрийн дор дуу хуур, бүжиг наадам болцгоов.  Мөн дуулиант хэргүүдтэй холбоотой шүүх хурлуудын тов зарлагдсан ч хойшлогдлоо. Тухайлбал, 60 тэрбумын  гэх хэргээр шүүгдэж буй Ц.Сандуй, А.Ганбаатар, хүчингийн хэргээр яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Гантулга нарын хэргийг шүүх хурлууд олон нийтийн анхаарлыг татаж байсан, тов нь дахиад хойшлогдсон  юм.

Долоо хоногийн хамгийн  гоё мэдээг  “The Hu” дуулгав. Тэд  Монголын урлаг соёлын салбарт цоо шинэ түүх нээж,  Английн ТОП 100 чартад багтсан Монголын анхны хамтлаг боллоо. Тус хамтлагийн "Гэрэг" цомог нь энэ долоо хоногийн  “Billboard”-ийг тэргүүлсэн нь монголчуудын омогшил байсан юм.

Ж.ЭРХЭС

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж