Японы Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Дагвадорж 39 насны төрсөн өдрөө есдүгээр сарын 27-ны баасан гаригт тэмдэглэжээ. Тэрбээр фэйсбүүкээр лайв хийхдээ “Есдүгээр сарын 27. Хорвоод мэндэлж, хүн болж ирсэн өдөр хүн болгонд байдаг. Өнөөдөр миний насан баяр болж байна. Энэ өдөр миний ээжээсээ хүн болж төрөөд, аав ээжийнхээ мэлмийг норгож, хүү нь болж ирсэн өдөр. Би одоо 39 нас хүрч байна. Нийт фэйсбүүк хэрэглэгч, намайг дэмждэг, надтай хамт байдаг, миний занг ойлгодог, мөн бас жаргал, зовлонгоо хуваалцдаг фэйсбүүкийн найз нартаа лайв хйиж байна. Би ойрхон ууланд, баян хангай, уул усандаа залбираад хотод ирээд байж байна.Төрсөн өдрөөрөө хамгийн дотно найз нөхдөө урьж, хоолонд орно.
Юуны түрүүнд энэ завшааныг ашиглаад "Ээждээ хайртай шүү. Үр хүүхдүүддээ хайртай шүү. Намайг дэмждэг бүх хүнд хайртай гэдгээ илэрхийлмээр байна. Ойрд АСА лайв ажиллуулаагүй, жаахан биеэ бариад байна. Бүгдэд нь, надтай адил энэ өдөр хорвоод мэндэлж байгаа бүх дүү нартаа, 60 зуунаар элээсэн ахмадууддаа, үе тэнгийнхэндээ, энэ өдөр төрсөн Монголын бүх хүмүүстээ халуун баяр хүргэе.
Хүүхэд байхад манайх телевизэд байсан. Өнөөдөр бас Үндэсний олон нийтийн телевизийн төрсөн өдөр. Сайхан бэлгэшээдэг. Энэ өдөр төрж байгаа залуу ээжүүд, энэ хорвоо дэлхийд хүн болж ирж байгаа бүх хүүхдэд нэг өдөр төрсөн шүү гэж хэлмээр байна.
Ерөнхийлөгчийн Энэтхэгт хийсэн айлчлалд яваад ирсэн. Жаахан ядарсан. Уул ус, хангайдаа очоод ирлээ, сайхан байна аа. Хийх ажлууд маш их байна.
Сониноос миний авга ах Сугаррагчаагийн хүү сая есөн сарын башёд сайн барилдаж, жюүрёо зиндаа руу гарах болзлоо хангаж байна. Энэ боломжийг ашиглаад Бавга дүүдээ жюүрёо цолонд хүрсэнд бас баяр хүргэе. Гэхдээ ах нь чамаас нэг башёгоор түрүүлж дээшээ гарсан гэдгийг хэлмээр байна.
Дүүдээ спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Дүүдээ маш их итгэж байгаа. Уран барилдаан гаргаж, Монголынхоо ард түмний хайртай хүү нь болоорой. Бэлтгэл сургуулилтыг өдрийн бодол, шөнийн зүүд мэт бодон биеэ дайчлан хийж, сайхан бөхийн эгнээнд элсэн орж, Монгол Улсаа болон ирээдүй хойч, чамайг залгах дүү нартаа үлгэр жишээ хүн болоосой гэж ах нь хүсэж байна. Бүгдэд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ