Хэнтийн зургаан суманд дулаан, цэвэр усны шугам ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2019.09.28-нд нийтлэгдсэн

Хэнтийн зургаан суманд дулаан, цэвэр усны шугам ашиглалтад орно

Хэнтийн зургаан суманд дулаан, цэвэр усны шугам ашиглалтад орно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллалаа. Тэрээр сумын төвийн цэвэр ус, дулааны шугам болон цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын явцтай танилцав. “Хангайн илч дулаан” ХХК өөрийн хөрөнгөөр Жаргалтхаан сумыг цэвэр ус, дулаанаар хангах төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 950 метр урт шугам хоолой угсарч ирэх сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр эхний ээлжинд төрийн байгууллага, сургууль цэцэрлэг, цаашид бусад хэрэглэгчийг цэвэр ус, дулаанаар хангах юм.

“Хангайн илч дулаан” ХХК ашиглалтын зардлыг мөн өөрсдөө хариуцан 10 жилийн дотор өртгөө нөхсөний дараа улсад хүлээлгэн өгөх юм байна. Тус компани Өвөрхангай, Хөвсгөл аймгийн ихэнх сумыг цэвэр ус, дулааны шугамаар холбожээ.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нутаг орондоо ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө зүтгэж байгаа “Хангайн илч дулаан” ХХК-ийн удирдлага, хамт олонд Ерөнхий сайд талархал илэрхийлж амжилт хүсэв.

Тэрбээр мөн тус суманд барьж байгаа 35 кВ-ын Цэнхэрмандал дэд станцын өргөтгөл, 44,5 км урт Цэнхэрмандал-Жаргалтхаан цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын явцтай танилцав. Ерөнхий сайд өнгөрсөн тавдугаар сард Хэнтий аймагт томилолтоор ажиллах үедээ Жаргалтхаан сумыг найдвартай эрчим хүчээр хангах цахилгаан дамжуулах агаарын шугам татна гэдгээ амласан юм.

Энэ дагуу “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК энэ ажлыг гүйцэтгэн 11 дүгээр сар гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр Жаргалтхаан сум хоёр талаасаа цахилгааны тэжээлтэй анхны сум болох юм. Хийе, бүтээе гэсэн сэтгэл байвал ямар ч ажлын ард гарч, үр дүнг нь үздэг юм гэдгийг “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдлага, ажилтнууд харуулж байна гэж Ерөнхий сайд хэлэв.

Тэрээр мөн Мөрөн суманд ажиллан орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөлтэй уулзаж сургуулийн барилгын өргөтгөл, нэгдсэн халаалт, цэвэр усны шугамын ажлын явцтай танилцав. Өнгөрсөн тавдугаар сард тус суманд ажиллах үед нь усалгааны систем, трактор, сургуулийг цахилгаан хөгжмөөр хангах, худаг гаргах зэрэг хүсэлт тавьсныг шийдвэрлэсэнд нутгийн удирдлага, иргэд талархал илэрхийлэв. Ерөнхий сайд энэ үеэр тус суманд Соёлын төв барих хөрөнгийг ирэх оны төсөвт тусгана гэдгээ хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж