Улирлын өмнө: Кливлэнд Кавальерс баг

Хуучирсан мэдээ: 2019.09.28-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Кливлэнд Кавальерс баг

Улирлын өмнө: Кливлэнд Кавальерс баг

ЛеБрон Жеймсгүй улирал уналтад ордог дүр төрх Кливлэнд Кавальерс багт дахин давтагдлаа. Лигийн дундаж баг 2003 онд Л.Жеймсийг драфтаар авснаас хойш 2004-2005 оны улирлаас лигийн хүчирхэг баг болж тогтмол плэй-оффт өрсөлдөх болсон. Харин 2010-2011 оны улирал Л.Жеймсийг Миами Хит рүү явахад Кливлэнд Кавальерс баг плэй-оффын гадна үлдэж байсан.

Яг л энэ дүр төрх өнгөрсөн улиралд давтагдаж, Кливлэнд Кавальерс баг плэй-оффт орж чадаагүй. Өнгөрсөн улиралд 19 хожил, 63 хожигдол хүлээсэн. Мэдээж энэ анти үзүүлэлт бол багийн лидер болоод буй К.Лаувын бэртэлтэй холбоотой. Багийн хамгийн өндөр цалинтай К.Лаув 2018-2019 оны улиралд бэртлийн улмаас 22 тоглолтод оролцсон. К.Лаувын эзгүйд драфтын шинэ цэрэг К.Секстон мөн Ж.Кларксон болон К.Осман нар талбайд олон цагийг өнгөрүүлж, багийн гол ачааг үүрсэн.

  • Багт ирсэн тоглогчид: Д.Гарланд, Д.Виндлер, К.Портер (бүгд драфт), Д.Уэйд
  • Багаас явсан тоглогчид: Жи.Ар.Смит, К.Паун, Д.Нваба

Кливлэнд Кавальерс баг энэ зун дасгалжуулагчаа солиод байна. Коллежийн лигт насаараа ажиллаж байсан Ж.Билайн анх удаагаа НБА-д баг удирдах гэж байна. Шинэ дасгалжуулагч, харьцангуй залуу бүрэлдэхүүн. Энэ бол Кливлэнд Кавальерс багийн 2019-2020 оны дүр төрх. Багийн хамгийн ахмад тоглогч нь 31 настай К.Лаув бол багийн дийлэнх нь 1990 оноос хойш төрсөн залуус бүрдүүлж байна.

Энэ улирал рүүки гэрээтэй байгаа К.Секстон дахин гялалзах байх. Харин багийн лидер К.Лаув бэртэл, гэмтлээс хол байж чадвал Л.Нэнстэй минутаа хуваан талбайд тоглоно. Гэхдээ Л.Нэнс өнгөрсөн улирал тийм ч хангалттай сайн байж чадаагүйн дээр сэтгэл дундуур байсан. Кливлэнд Кавальерс #4 болон #5 дээр тогтмол гарч тоглох боломжтой К.Лаув, Т.Томпсон, Л.Нэнси болон А.Зизич нар байгаа ч эхний сонголт нь К.Лаув, Т.Томпсон нарт илүү минут өгнө биз. Харин Л.Нэнси өөрийгөө харуулах гэвэл олдсон боломжоо 100% ашиглах ёстой.

Жижиг довтлогчийн байрлал #3 дээр К.Осман эхний сонголт байж болох ч Л.Нэнси болон рүүки залуу Д.Виндлер нарын сонголт ч байж болно. Залуу тоглогч К.Секстон өнгөрсөн жил анхны улиралдаа авч буй цалингаасаа хамаагүй илүү тоглосон. Энэ жилийн хувьд рүүки гэрээний сүүлийн жил тул магадгүй дахин өөрийгөө батлан харуулаад том гэрээ байгуулж болох талтай.

Ер нь баг холбогчийн байрлал дээр тун боломжийн сонголтуудтай болоод байна. Харин хэрхэн минутыг хуваарилах нь дасгалжуулагчийн шийдэх асуудал. Рүүки залуус болох К.Секстон, Д.Гарланд, Б.Найт, Ж.Кларксон, М.Деллаведова гээд #1 дээр тоглож болохуйц хэд хэдэн тоглогчид бий. Кливлэнд Кавальерс багийн хувьд бодит үнэн бол багийн нүүр царай болж байсан Л.Жеймсийн эрин үе албан ёсоор дууссан тул шинэ багийг бүтээн босгох ёстой тийм л цаг үетэй тулгараад байна.

К.Секстон дээр үү, эсвэл Л.Нэнси юү? Ямартаа ч дахин 1-2 жилдээ К.Лаув багийн лидер байх болов уу. Шинэ дасгалжуулагч, залуу бүрэлдэхүүн хэрхэн шинэ улирлыг үдэх бол гэдэг тун сонирхолтой байна. Гэхдээ ирэх хавар плэй-оффт шалгарах нь эргэлзээтэй ч ойрын жилүүдэд боломжтой.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж