“Улс төрийн тоглоом задарч байна” | News.MN

“Улс төрийн тоглоом задарч байна”

“Улс төрийн тоглоом задарч байна”

“Ньюс” агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

"ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВЬСАН НЬ УЛС ТӨРИЙН ТОГЛООМ УЛАМ ЗАДАРСНЫХ"

Улс төр судлаач Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.


-УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгуулийг ард нийтийн санал асуулгатай хамт хийх сонирхол МАН-ын удирдлагуудад байгаа. Гэхдээ бүлгийн гишүүдийнх нь хувьд харзнасан байдалтай байх шиг. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах нь Монгол Улсад хэр ашигтай вэ?

-Парламент чадамжаа алдсаны илрэл. Иргэд, олон нийт парламентад итгэх итгэл нь буурсан энэ үед 2020 оны ээлжит сонгуулиар улс төрийн намууд нэлээд ширүүн өрсөлдөөнд орох байх. Тэр утгаараа УИХ-ын сонгуулийг наашлуулах нь МАН-д ашигтай гэж асуудалд хандаж байх шиг. Сүүлийн үеийн судалгаануудыг багцлаад дүгнэхэд МАН, АН хоёрын рейтинг нийлээд 20 гаруйхан хувьтай байгаа. Энэ хэрээр гуравдагч хүчний орон зай идэвхжиж магадгүй. Тухайлбал, ХҮН, МАХН-ын рейтинг өсч магадгүй. Энэ тохиолдолд МАН, АН яах вэ гэсэн асуулт аль алинд нь бий. Хэдэн сарын өмнө АН-ынхан УИХ-ыг тараах асуудлыг ярьж байсан бол өнөөдөр эсрэг байр суурийг илэрхийлэх болсон. Энэ нь магадгүй АН илүү хариуцлагатай байх гэж шахаж байгаа боловч нөгөө талдаа цаг үеэсээ хамаарч улс төрийн шийдвэрүүд нь өөрчлөгдөж байна л даа. Өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй улс төрийн нөхцөл байдлыг дүгнэх, улс төрийн тоглолтуудыг урьдчилан таамаглахад маш бэрх болж байна.

-Ээлжит бус сонгууль хийснээр МАН-д ашигтай, бусад намд ашиггүй гэж ойлгож болох уу?

-Хэлж мэдэхгүй байна. Өнгөрсөн гурван жил хийж, хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрээ хангалтгүй гэж үзээд ирэх зургадугаар сард дүнгээ тавиулахаасаа өмнө ээлжит бус сонгууль хийе гэхийг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, улс төрийн намд итгэх иргэдийн хандлага буурсаар байвал 2020 оны сонгуулиар нам биш хувь хүнийг нь харах сонголт нэмэгдэнэ. Энэ тохиолдолд шинэ нэр дэвшигчид сонгогчдод танигдахаас нь өмнө сонгуулийг хугацаанаас нь өмнө хийх гэсэн тактик ч байхыг үгүйсгэхгүй. Энэ мэт маш олон хүчин зүйлээс хамаарах бодлогын сонголт явагдаж байгаа байх. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө хийх улс төрийн шийдэл байж болно. Гэхдээ нийгэм эдийн засаг, байгаль орчин, цаг уурын нөхцөл байдлыг сайтар тооцож үзэж байж шийдвэр гаргахгүй бол дараа нь үүсэх үр дагавар нь магадгүй парламент бүрдэж чадахгүй сунжирсан нөхцөл байдал үүсэх вий гэдгийг сайн бодох л хэрэгтэй.

-УИХ-ын тухай хуульд парламент хугацаанаасаа өмнө тарах хэдхэн л зохицуулалт бий. Нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн, эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөөд тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ хүлээж авсан, Ерөнхий сайд томилох санал оруулснаас хойш 45 хоногт асуудлыг шийдэж чадаагүй бол хугацаанаасаа өмнө тарах хууль эрх зүйн бүрдэнэ. Тэгвэл өнөөдөр дээрхийн аль аль нөхцөл үүсгээгүй байна. МАН-ын зарим гишүүн УИХ тарах үндэслэл нь тодорхой бус байна гэдгийг  ч хэлж байгаа?

-Удахгүй намрын чуулган эхэлнэ. УИХ арваннэгдүгээр сарын 15-наас өмнө ирэх жилийн улсын төсвийг батлах учиртай. Хэрэв төсвөө баталж чадахгүй өнөөгийн байдлаар үргэлжлэх юм бол хүссэн, хүсээгүй УИХ тарах нөхцөл нь бүрдэнэ. МАН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах эсэхийг ард түмний санал асуулгаар шийдвэрлэнэ гэлээ. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт цэвэр улс төрийн тоглоом боллоо. Үндсэн хууль нийгмийн зөвшилцлийг хангах суурь баримт бичиг байх үндсэн чадамжаа алдчихлаа. Магадгүй энэ нь цааш яаж үргэлжлэхийг мэдэхгүй байгаа учраас ээлжит бус сонгуулийг дэмжиж гишүүд гарын үсгээ зурахыг үгүйсгэхгүй.

-УИХ-ыг тарахыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүд дараагийн УИХ-ын сонгуульд нэр дэвших ёс суртахууны эрх байхгүй гэдгийг зарим улс төр судлаач хэлж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Төсөөллийн хүрээнд л яръя даа. Тухайн гишүүн “Өнөөгийн УИХ чадамжгүй байна, бид муу ажиллалаа" гэж хэлээд УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурсан тохиолдолд дараагийн УИХ-д нэр дэвших нь ёс зүйн хувьд мэдээж зөрчилтэй ойлголт.

Харамсалтай нь, өнөөдөр ёс зүй ярих байтугай хуулиа ч дагаж мөрддөггүй манай улсад үндсэндээ улс төр нь ёс зүйгүй тоглолтууд болж хувирсан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ш.АДЪЯАМАА


“ГЭРИЙНХЭЭ ХАНАНД ЦОНХ ХИЙХЭД ГАЙХАХ ХҮН ОЛОН БАЙСАН”

Түүнийг Г.Дөлгөөнхэрлэн гэдэг. Одоо 38 настай. Тэрбээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд таван хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон ээж. Г.Дөлгөөнхэрлэн уламжлалт монгол гэрийг орчин үеийн шийдлээр барьсан нь олон нийтийн сүлжээнд багагүй лайк, шейр цуглуулсан билээ.

Дөрөв, таван ханатай хоёр гэрийг залгуулан барьж, томоос том цонх хийжээ. Том гэрт нь хүүхдүүд нь тоглон, унтаж амардаг бол урд гэрээ гал тогооны өрөө болгон тохижуулсан харагдана. Тэрбээр хоёр жилийн өмнөөс гэрийнхээ тохижилтыг өөрөө зурж, бодож, увуулж цувуулж хийсээр 4-5 сая төгрөгөөр хүссэн гэртэй болжээ.

Г.Дөлгөөнхэрлэн бүсгүй бага хүүгээ төрүүлсний дараагаар хүүгийнх нь толгой маш их хөлөрч, гэрт агаар их дутагддаг байжээ. Тэгээд л түүнд “Яагаад монгол гэрийг том цонхтой болгож болохгүй гэж” гэдэг бодол төрж, гэртээ цонх хийлгэхээр шийдсэн байна. Түүнийг нутгийнхаа вакум цонх хийдэг үйлдвэрт очиж “Монгол гэрт том вакум цонх хийх захиалга өгье” гэхэд зарим хүн “Галзуурчихсан юм уу” гэж ч хэлж байсан тухай ярилаа.

Нутагт нь тэднийхээс санаа авч монгол гэрээ залгасан айл ганц хоёр байдаг ч яг вакум цонх суулгасан айл байхгүй ажээ. Гэрийнхээ паркетин шалан дээрээ нэг хана бүтэн тойруулаад хойд талын ханаа зөрүүлж тааруулаад, цонхны дээд талын униа бага зэрэг тайрч цонхоо тааруулсан байна. Мөн вакум цонхондоо хаалганд байдаг шиг бүслүүрийн гогцоо хийлгэж, бэхэлж уясан тухай хэлсэн юм.

 “БИ ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ МАШ ИХ УРАМ АВДАГ”    

Г.Дөлгөөнхэрлэн бүсгүйтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Г.Дѳлгѳѳнхэрлэн гэдэг. Би Дорнод аймагт тѳрж ѳссѳн. Одоо Өмнѳговь аймгийн Цогтцэций суманд амьдраад есөн жил болж байна. Би “Энержи рессурс” компанийн туслан гүйцэтгэх компанид үйлчлэгчээр ажиллаад найман жил болж байна. Саяхан бага хүүгээ төрүүлж, одоо хүүхэд асрах  чөлөөтэй байгаа.

-Гэрээ их сайхан тохижуулжээ. Хүүхдүүд нь баяртай байна уу?

-Баярлалаа. Тэгэлгүй яах вэ гэр нь гоё болсонд хүүхдүүд маань их баяртай байгаа. Хүүхдүүд маань “Манай гэр яг байр шиг болсон тээ ээжээ” гээд л баярлаад гүйлдээд байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
А.ЦЭЭСҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-28 43.242.243.141

Энэ УИХ сонгууль хуртэл ундсэн хуулийн еерчлелт гэхээс еер юу ч хийж чадахгуй тул яаралтай тарсан нь дээр.

Avatar

иргэн 2019-09-28 202.179.25.166

өнөөгийн Парламент Тарсан дээр ээ, энэ чигээрээ яваад байх аваас цаашдаа Улс орны Эрх ашиг , Иргэд олон түмэнд л Муугаар нөлөөлнө, УИХ-ын Гишүүд МАН чинь угаасаа Чадвар чадамжгүй байсан юм чинь одоо бүүр ямарч Идэвхгүй зүгээр л урсгалаараа явж , дараагийн Сонгуульд Яаж нэр дэвшихээ бодоод Хувийн тоглолт хийгээд Иргэд сонгогчидод оо Таалагдах гэж баахан Жүжиг тоглоцгооно ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж